Хотууд байгальд ээлтэй хөгжихийн зэрэгцээ орлого ихтэй байхыг чухалчилдаг болжээ
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар Зүүн Хойд Азийн хотын дарга нар “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвийн дор нийслэлд чуулж өөрсдийн тулгамдсан асуудлаа харилцан ярилцсан билээ. Энэхүү форумд БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Шэньян, Хөх хот, Хайлаар, БНАСАУ-ын Пхенъян, Венсан, Хамхын, Расөн, Япон улсын Нигата, БНСУ- ын Пёнчан гэх мэт зургаан улсын 20 хотын дарга, орлогч дарга тэргүүтэй албаныхан оролцсон. Түүнчлэн форумын хүндэт зочноор ОХУ-ын Москва, Якутск, Владивосток, Иркутск хотын төлөөлөгчид ч ирсэн юм.
 
 Уг уулзалтын үеэр Улаанбаатар хот Бээжин хоттой эгч дүүгийн найрамдалт харилцаатай болсон. Сонирхуулахад, манай нийслэл дэлхийн 40 гаруй хоттой эгч дүүгийн найрамдалт харилцаатай ажилладаг аж. Мөн чуулга уулзалтын үеэр ирсэн төлөөлөгчид форумыг хоёр жил тутам зохион байгуулж байх санал гаргасан бөгөөд дараагийн форум Зүүн Хойд Азийн нэг хотод болно. Тэр болтол Улаанбаатар хот форумын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах юм. Ингээд Зүүн Хойд Азийн хотын дарга нар чухам юунд илүү анхаарч байсныг тоймлон хүргэе.
 
Ази тив хүн ам болон томоохон хотуудаараа дэлхийд тэргүүлдэг, 2030 он гэхэд Азийн хүн амын 55 хувь хотод амьдардаг болно гэсэн судалгаа байдаг байна. Түүгээр барахгүй 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгч 50 хотын 20 гаруй нь ази тивийн хотууд байх болно гэсэн төсөөлөл байдаг аж. Тиймээс Зүүн хойд Азийн хотын дарга нар “Хотууд эдийн засгийн хувьд ихээхэн бие дааж, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвар нь бэхжиж байгаа өнөө үед хотын эдийн засгийн хөгжлийн төлөвлөлтийг хангах нь чухал” гэж онцолж байлаа. Мөн худалдааг дэмжих, хөрөнгө оруулалт татах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд дэм үзүүлэх нь хотод нэн чухал байгаа тухай ярьж байв.
 
Сэтгүүлчдийн хувьд Зүүн хойд азийн орнууд цаг уурын хувьд адил төстэй учир өнөөдөр манайд тулгараад байгаа
агаар, хөрсний бохирдол зэрэг асуудлыг хамтарч шийдвэрлэх тухай ярилцах болов уу гэсэн таамаг байсан.
 
Мөн манай хотын тулгамдсан асуудал нь хот төлевлөлт гэдэг нь яах аргагүй зүйл. Ерөнхийлөгч ч уг чуулганы нээлтэн дээр “Том хот нь хотуудын хот байх ёстой. Хүмүүсийнхээ амьдарч байгаа газар руу жижгэрч зохион байгуулалтаа хийх нь зөв юм шиг байгаа юм. Хуучин хотын асуудлыг шийдэхийн тулд шинэ хот байгуулах нь илүү давуу тал болж байгаа юм. Хуучин хотын төлөвлөлтийг зохион байгуулна гэдэг шинэ хот барихаас хүндрэлтэй. Аливаа ажил бие биенийхээ дэмжлэг, харилцан ойлголцолтойгоор явдаг. Тиймээс цаашдаа хотуудын удирдлагуудын үйл ажиллагаа, уулзалт тогтмолжиж дүнтэй болох байх гэдэгт найдаж байна" гэж байсан.
 
Гэвч зочин хотын дарга нарын ярианаас үзэхэд тэд агаар, хөрсний бохирдол зэргээс илүү орлого олдог хот байхыг чухалчилдаг нь харагдаж байсан юм. Бээжин хот агаарын бохирдол ихтэй. Гэвч Бээжин хотын орлогч дарга Чэнь Ган агаарын бохирдол их гэдгээ хүлээн зөвшөөрсөн үг хэлээд “Үүнийг шийдэх талаар хамтарч ажиллаж болно” гэж байсан юм. Тэгээд цаашдаа аялал жуулчлал хөгжүүлэх, барилга, хот байгуулалтын салбарт хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа ярьж байв.
 
БНСУ-ын Пёнчан хотын орлогч дарга Жи Хён Гым ирэх 2018 оны өвлийн олимпийг өөрийн хотдоо байгуулсанаар нэн
түрүүнд аялал жуулчлал хөгжинө гэж байсан. Мөн “Олимпийг зохион байгуулах хот болох эрхийн төлөө өмнө нь гурав бүдэрч дөрөв дэх удаагаа өрсөлдөж байж 2018 онд олимпийг зохион байгуулахаар болсон. Бидний олимпийг зохион байгуулах эрх авахын төлөө ингэж идэвхтэй зүтгэсэн шалтгаан нь манай Пёнчан хот байдаг Канвонь муж нь Өмнөд Солонгосдоо дэд бүтэц харьцангуй бага хөгжсөн. Мөн бусад бүс нутгуудаа бодвол аялал жуулчлал бага хөгжсөн газар юм. Цаашдаа аялал жуулчлалыг өндөр түвшинд хүргэх, мөн өвлийн олимпийг өөр дээрээ татаж зохион байгуулах болсоноороо далимдуулаад дэд бүтцийг ч хангалттай түвшинд хүргэх зорилго, найдвар тавьж байгаа. Одоо манай Канвонь мужид жилд гадаадын болоод дотоодын 100 сая орчим жуулчин ирдэг. 2018 оны олимпийг зохион байгуулсны дараа бол жилдээ 200 сая жуулчин ирдэг болно гэж тооцоолж байна” гэж хариулах жишээтэй.
 
UNESCAP-ийн Зүүн ба Зүүн хойд Азийн газрын дарга Килапарти Рамакришна “Хот байгуулалтын чиг хандлага ба Азийн хотуудын нөхцөл байдал" гэсэн илтгэл танилцуулсан. Тэрээр нээлтийн үеэр хэлсэн ерөнхийлөгч болон  нийслэлийн засаг даргын үгийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хуучин арга барилаар ажиллаж болохгүйг сануулсан юм. Учир нь зүүн хойд азид дэлхийн хүн амын 25 хувь нь амьдардаг байна. Улмаар 2000 оноос хотуудын хүн ам эрс нэмэгдсэн нь эдийн засгийг эрчимжүүлсэн аж. Тиймээс байгаль орчны асуудлыг шийдэх хэрэгтэй болсон байна. Мөн хүн ам  нэмэгдэхийн хэрээр ядуурал ихэсч, хотжилтын хувь буурсан тухай онцолсон юм. Түүнчлэн тэрээр “Нийгэм, эдийн засгийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх хэрэгтэй” гэж  байсан.
Мөн хотын дарга нар хот төлөвлөхдөө ногоон хөгжлийг анхаарах талаар их ярьдаг болсон байна. БНСУ Пёнчан хотын орлогч дарга Жи Хён Гым, Хөх хотын Гадаад харилцааны газрын дарга Дин Чун нар нийслэлийн ногоон байгууламжийг  нэмэгдүүлэх талаар хамтран ажиллах боломжтой талаар ярьж байна лээ. Мөн Япон улсын Нигата хотын дарга гэхэд л цөмийн технологиос татгалзаж байгалийн энергийг ашиглаж эхэлж байгаа талаараа дурдаж байсан.
БНАСАУ-ын Пхенъян хот Тэсон уулын бэл Тэдон мөрний хөндийд байгуулагдсан. Пхенъян гэдэг нь тэгш сайхан газар гэсэн утгатай үг аж. Одоогоор энэ хот иргэддээ хүртээмжтэй, экологид ээлтэй хот болохоор төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Мөн улсын Хамхын хотынхон гэхэд л байгалийн намагтай тогтоцоо ашиглан хүлэмж байгуулах зэргээр хөгжүүлж нүүдлийн шувуудыг жилийн дөрвөн улиралд нутагтаа байлгадаг болсон гэнэ. Тиймээс ойр орчмын хотын иргэд нь хол явалгүйгээр ирж байгалийн шувуудыг үзэх боломжтой болжээ. Түүнээс олсон орлогоороо хотынхоо ногоон байгууламжийн асуудлыг шийддэг тухайгаа ярьж байлаа. Хотын тохижилтоо төсвөөс биш аж ахуйгаасаа орсон орлогоороо шийдвэрлэдэг гэдгээ сонирхуулж байсан юм.
 
Эрхүү хотын орлогч дарга Алексей Александрович “Эрхүү хот орчин үетэй хөл нийлүүлэн хөгжиж байгаа хэдий ч өөрийн онцлогоо хадгалсан хэвээр байгаа. Хотын төвөөр XVIII-XIX зууны үеийн модон байшингууд байдаг. Тэдгээр байшин
хуучирч муудсан тул хотын удирдлагууд хэрхэх талаар ярилцаад, сэргээн засварлах шийдэлд хүрсэн. Ингэснээр хот өвөрмөц байдлаа хадгалан үлдэж чадсан. Европын жуулчид Эрхүүгээр дамжин Улаанбаатар хотод ирдэг. Тиймээс бид хамтран энэ салбарыг хөгжүүлэх боломжтой юм. Хамтран ажиллаж төлөвлөгөө гарган ажиллавал хоёр хотын аялал жуулчлалын салбар хөгжихөөс гадна эдийн засагт нь сайнаар нөлөөлнө. Манай хотын хувьд өвөл жуулчдыг татах хөтөлбөр гаргаж, үүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, өвлийн улиралд мөсний баяр гэх мэт фестиваль зохион байгуулдаг. Улаанбаатар хот ч гэсэн төлөвлөгөө гарган үйл ажиллагаа явуулбал өвлийн улиралд аялал зуулчлалаа хөгжүүлэх боломжтой юм" гэж ярьж байлаа.
 
 Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл аялал жуулчлалыг ихээхэн онцгойлж Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд “Бүс нутагтаа аялал жуулчлалын төв байна” гэсэн байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулж байна. Энэ хөтөлбөрийн гол үзэл санаа нь аялал жуулчлалыг Улаанбаатарт авах юм. Тэр дотроо аялал жуулчлалын хамгийн том нөөц нь хоёр хөршийн иргэд байгаа. Тиймээс хоёр хөрш рүүгээ хандсан үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна. Тийм болохоор бүсийн хотуудтайгаа аль болох дэд бүтцийн холболт, агаарын тээврийн хоблолт гээд олон холболтуудаа сайжруулах шаардлагатай” гэж байсан. Хотууд байгальд ээлтэй хөгжихийн зэрэгцээ орлого олдог байхыг чухалчилдаг болжээ.
Нийслэл таймс
Ж.Баярсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.