Дэлхийн хамгийн нөлөө бүхийн хүнээр Си Жиньпин тодорлоо

-Оросын Ерөнхийлөгч уг жагсаалтыг дөрвөн жил дараалан тэргүүлж байсан юм. Харин энэ удаад тэрбээр БНХАУ-ын дарга, 64 настай Си Жиньпинд байр сууриа тавьж өгчээ-


“Forbes” сэтгүүл манай гарагийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтаа танилцууллаа. Уг жагсаалтыг дэлхийн гурван том гүрний удирдагчид тэргүүлсэн байна.

Тодруулбал, БНХАУ-ын дарга Си Жиньпин нэгдүгээрт бичигдсэн бол Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрт, Америкийн тэргүүн Дональд Трамп гуравт оржээ. Харин дөрөвдүгээр байрыг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель хүртсэн байна. Айргийн тавд Америкийн тэрбумтан Жефф Безос багтжээ.

Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бен Салман Аль Сауди, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар найм, есдүгээр байрыг хүртсэн бол эхний 10-т католик сүмийн тэргүүн Ромын пап Франциск, Билл Гейтс, Google-ийг үүсгэн байгуулагч Ларри Пейж нар орсон байна.

Оросын Ерөнхийлөгч, өдгөө 65 настай Владимир Путины хувьд өмнө нь дөрвөн жил дараалан уг жагсаалтыг тэргүүлж байсан юм. Харин энэ удаад тэрбээр БНХАУ-ын дарга, 64 настай Си Жиньпинд байр сууриа тавьж өгсөн боловч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын урд бичигдсэн хэвээр байна.

АНУ-ын Ерөнхийлөгч, 71 настай Дональд Трамп өнгөрсөн жил хоёрдугаар байрт бичигдэж байсан бол энэ жил нэгээр ухарчээ.

Си Жиньпин нэгдүгээр байрт бичигдсэн шалтгааныг “Forbes” сэтгүүл тайлбарлахдаа өнгөрсөн гуравдугаар сард тэрбээр Хятадын Коммунист намын тэргүүний албан тушаалыг нэг л удаа хаших Үндсэн хуулийн хоригийг цуцалж, улс орныхоо удирдагчаар дахин сонгогдож чадсантай холбоотой гэнэ.

Путины хувьд Зөвлөлт задарснаас хойших төрийн тэргүүний сонгуульд анх удаа 77 хувийн хамгийн өндөр санал авч, дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгч болсон. Тэрбээр “Forbes” сэтгүүлээс гаргадаг хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг 2013 онд анх тэргүүлж, өмнөх жил нь тэргүүлсэн Америкийн Ерөнхийлөгч асан Барак Обамаг хойш ухраасан билээ.

Тус сэтгүүл ордонд ирснээс хойш байнгый дуулиан шуугианд холбогдож, буруутгагдаж, хэдийгээр конгресст Бүгд найрамдах нам нь олонх боловч санаачилсан ажлуудаа урагшлуулж чадахгүй байгаа гэж тэмдэглэжээ.

Тэгвэл Меркель дөрөв дэх удаагаа Германы канцлераар ажиллаж байгаа гавьяатай.

Америкийн сэтгүүлийн редакци дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг субъектив сонголтод үндэслэн гаргадаг. Нөлөө бүхий байх шалгуурт рейтингт оролцогчдын шийдвэр нөлөөлөх хүн амын тоо, жагсаалтад оролцогч нь удирдагч, менежер, эзний хувиар удирддаг санхүүгийн урсгал, жагсаалтад оролцогчид эрх мэдлээ ашиглах идэвх зэргийг харгалзан үздэг.



“Forbes” сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн шинэ жагсаалтад нийтдээ 75 хүн оржээ. Энэ бол манай гарагийн 100 сая хүн тутмаас сонгогдсон нэг хүн гэсэн үг юм. (Манай гарагийн хүн ам 7.5 тэрбум)

Жагсаалтад багтсан нийт хүнээс 40 нь АНУ-ын иргэн. Тэдний дунд Ерөнхийлөгч Дональд Трамп, Холбооны нөөцийн системийн тэргүүн Жером Пауэлл (№11), Дээд шүүхийн тэргүүн Жон Робертс (№63), дэд ерөнхийлөгч Майк Пенс (№67) Ерөнхий прокурор Роберт Мюллер (№72) нарын таван улстөрч байна. 62 настай Кристин Лагард ганцаараа Олон улсын валютын санг удирддагаараа орсон бол жагсаалтад бичигдсэн 34 америк нь тэрбумтнууд болон үндэстэн дамнасан корпорацийн тэргүүнүүд байгаа ажээ.

Тэдний дунд 33 настай Марк Цукерберг (№13), 87 настай Уоррен Баффет (№16), 57 настай Тим Кук (№24), 46 настай Илон Маск (№25), 76 настай Майкл Блумберг (№51) болон 56 настай Майкп Делл (№53) нар байна.

Жагсаалтад мөн Энэтхэгийн хоёр төлөөлөгч багтжээ. Тус улсын Ерөнхий сайдаас гадна нефть хийн аварга . корпораци “Reliance industries”-ийг үүсгэн байгуулагч бөгөөд тэргүүн, тэрбумтан Мукеш Андани орсон аж.

Түүнчлэн Япон улсаас Ерөнхий сайд Шино Абэ болон “Softbank”-ны тэргүүн, тэрбумтан Масайоши Сон гэсэн хоёр хүн орсон бол Мексикээс тэрбумтан Карлос Слим, тус улсын Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето гэсэн хоёр хүн бичигджээ.

Харин Франц улсаас хоёр хүн багтсаны нэг нь тус улсын Ерөнхийлөгч, 40 настай Эммануэль Макрон (№12) бол нөгөөх нь тэрбумтан Бернар Арно.

Зарим улсаас энэхүү жагсаалтад ганц хүн багтсан байна. Тэдгээрийн дунд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй (№14), Ираны шашны удирдагч аятолла Апи Хаменеи (№17), Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху (№26), НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Португалын иргэн Антониу Гутерреш (№31), Европын холбооны тэргүүн, Люксембургийн иргэн Жан-Клод Юнкер (№33), Хойд Солонгосын удирдагч, 34 настай Ким Чен Ун (№36), Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган (№48), Бразилийн Ерөнхийлөгч Мишел Темер (№50), Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Ин (№54), Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо (№57), Сирийн Ерөнхийлөгч Башар Асад (№62), FIFA-гийн тэргүүн, Швейцарийн иргэн Жанни Инфантино (№75) нар багтжээ.

Дэлхийн хамгийн нөлөө бүхий 75 хүний тав нь эмэгтэй байгаа юм. Меркель, Мэй, Лагард нараас “General motors”-ын тэргүүн Мэри Барра, “Fidelity investments”-ийн удирдагч Эбидгейл Жонсон нар орсон байна.

Жагсаалтад багтсан хүмүүсээс хамгийн залуу нь Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мухаммед ибн Салман Аль Сауд байна. Тэрбээр энэ жил 32 настай. Харин хамгийн ахмад нь “Ck Hutchison Holdings”-ы тэргүүн, Хонконгийн хамгийн баян тэрбумтан Ли Кашин оржээ. Тэрбээр өдгөө 89 настай юм.

https://www.forbes.com/powerful-people/list/

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.