СЗХ: Орон сууцны ордер хуурамчаар үйлдсэн залилангаас болгоомжил
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ буюу бидний нэрлэж заншсанаар орон сууцны ордер болон бусад баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан бусдыг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг цагдаагийн байгууллагад цөөн бус бүртгэгджээ. Ийм төрлийн гэмт хэрэгт орон сууц худалдан авч буй иргэд болон мөнхүү санхүүгийн байгууллагууд, тэр дундаа Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ), Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-д хохирогч болох тохиолдлууд гарч буй юм.

Орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилан мэхлэх гэмт хэргийн арга, үйлдэл улам нарийсч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсныг Санхүүгийн зохицуулах хороо иргэд, санхүүгийн байгууллагуудад сэрэмжлүүлж байна. Гэмт этгээдүүд,

-Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний үнэт цаасыг ашиглан эзэмшигчийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн хаяг байршил, гэрчилгээний Ү дугаар, улсын бүртгэгчийн гарын үсэг, тэмдэг зэргийг өөрчлөн хуурамч бичилт хийх;

-Цахим ТҮЦ машины үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг хуурамчаар үйлдэж ашиглах;

-Хуурамчаар үйлдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, цахим ТҮЦ машины лавлагааг ашиглан арилжааны банк, ББСБ, ХЗХ-ноос үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан их хэмжээний зээл гаргуулан авах;

-Арилжааны банк, ББСБ-ын зээлийн мэргэжилтэн судалгаа хийж барьцаанд тавьж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хаягаар очиж шалгах үед тухайн орон сууцыг урьдчилан түрээсэлж, өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр тохижуулан танилцуулах байдлаар зээлийн эдийн засагчийн итгэл үнэмшлийг олох;

-Барьцаа, зээлийн гэрээнүүдийг байгуулсны дараа Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдэж, материалыг зээлийн эдийн засагчид өгөх;

-Арилжааны банк, ББСБ-аас зээл авах сонирхолтой иргэдэд хуурамч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, цахим ТҮЦ машины лавлагаа зэргийг гарган өгөх, зээлийн гэрээ, барьцааны гэрээн дээр улсын бүртгэгчийн гарын үсэг, тэмдгийг дуурайлган үйлдэх зэргээр гэмт хэргийг зохион байгуулалттай үйлдэж байж болзошгүй байна.

Иймд иргэд, олон нийт болон банк, санхүүгийн байгууллагууд үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, барьцаалан зээл олгохдоо тухайн эд хөрөнгийн эзэмшигчийн мэдээллийг бүртгэлийн байгууллагаас авах, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн оршин байгаа дүүрэг, хорооноос шаардлагатай лавлагаа, мэдээллийг албан ёсоор гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нууцлалыг сайтар шалгах зэргээр гэмт хэрэг, луйвраас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвлөж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.