Монгол дахь “Вышинскийн технологи” Цагдан хорихын уулзалтын байрнаас эхэлдэг

Өнөөдөр XXI зуун. Монгол Улс ардчиллын замаар замнаад даруй 28 жилийн нүүрийг үзэж буй цаг үе. Ардчилал гэдэг шууд утгаараа хүний эрхийг дээдэлнэ гэсэн үг.

Гэвч хүний эрх хөлд хөсөр хаягдсан хэвээр байгааг гадаад, дотоодын олон байгууллагын судалгаанаас харж болно. Иймд элдэв тоо баримт энд нуршихгүй.

Нөгөөтэйгүүр, хаа бай­сан 100-аад жи­лийн өмнө хүнд хэрэг хүлээл­гэдэг байсан Оросын бохир технологийг өнөөдрийн Монголд хэрэглэж байгаагаас энэ бүхэн шууд харагдана.

1930-1950-аад оны сүүл­ч хүртэл Оросын хууль хяналтын байгууллага, Гадаад яамыг Польшийн язгууртан удамтай А.Я.Вышинский гэгч толгойлж байжээ. Энэ хүн Оросын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа “…Хэрэгтэн гэм буруугаа өөрөө хүлээх нь хангалттай нотлох баримт мөн. Мэдүүлэг бол нотлох баримтын хаан. Тиймээс мэдүүлэг авахын тулд бүх аргыг хэрэглэж болно” гэдэг зарчмыг баримталдаг. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд төрөл бүрийн эрүү шүүл­тийг хэрэглэдэг байсан байна.

Үүнийг “Вышинскийн технологи” гэх бөгөөд оросууд энэ бохир технологио Мон­голд Лхүмбийн хэр­гийн үеэс “нутагшуулсан” гэдэг юм. Ингэхдээ Оросоос зөвлөх, сургагч багш нарыг ирүүлж, биечлэн сургаснаар манай Дотоод явдлын яам үүний дагуу эрүү шүүлт хэрэглэсээр олон зуун сэхээтэн, лам нар, цэргийн алба хаагчдыг хөнөөсөн хар түүх бидэнд үлдсэн байдаг.

Хэдийгээр 100-гаад жилийн өмнөх үйл явдал, түүхийг ярьж буй мэт боловч өнөөдөр энэхүү “Вышинскийн технологи” Монголын хууль хянал­тын байгууллагын ажлаа хийдэг үндсэн арга нь байсаар байгааг судлаачид, хуульчид нэгэн дуугаар хэлж байна. Хуулийн мэргэжилгүй хүнд ч шууд харагддаг гэхэд хилсдэхгүй.

“Вышинскийн тех­но­логи” бол нэг үгээр хэлэ­хэд залхаан цээрлүүлэлт гэсэн үг. Байж болох бүхий л залхаан цээрлүүлэлтийн эцэст хэрэгт шалгагдаж буй хүн тухайн хэргийг хүлээнэ. Тухайн хэргийг үйлдсэн байх ямар ч боломжгүй хүн хүртэл “хэргээ хүлээж”, хэрэгтэн болчихсон сууж байдаг олон хачин жишээ Монголын эрүүгийн хэргийн түүхэнд байдаг гэдгийг хуульчид бас л ярьдаг. Тэгвэл тэр “Вышинскийн технологи” Монголд чухам ямар хэлбэрээр байдаг вэ. Энэ бол эхний асуулт. Харин хариулт нь тун энгийн.

ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр анги гэж бий. Сэжигтэн, яллагдагчийг саатуулдаг урьдчилан хорих байр л даа. Чухам эндээс л “Вышинскийн технологи” “үнэртээд” эхэлнэ.

Учир юу гэвэл ямар нэг хэрэгт сэжигтнээр хоригдож байгаа хүний өмгөөлөгчтэйгөө уулз­даг нөхцөл үүний ба­тал­гаа болчихно. Яг одоогийн байдлыг зураг дээрээс харна уу. Энэхүү дээгүүрээ шилэн хаалт, доогуураа битүү шахам торны цаанаас өмгөөлөгч, хоригдож байгаа хүн хоёр уулзана. Олон улсын жишиг хий­гээд хүний эрхийн байгууллагын тавьдаг шалгуураар бол энэ нь шуудхан л бидний хэлээд байгаа “Вышинскийн тех­нологи”-ийн хаалт нь болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, ийм нөхцөлд өмгөөлөгч нь үйлчилгээ үзүүлж, хоригдож буй хүн үйлчилгээгээ авах боломж бүрддэггүй байна.

Уг нь энэ мэтийг сайж­руу­лан хүний эрх, эрх чөлөөг дээлэн хүндэтгэх, өмгөөлөгчдийн Олон улсын болон дотоодын эрх зүйн хүрээнд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн эрхийг хангахаар Мон­голын Хуульчдын Хол­боо, ШШГЕГ хоёр 2014 оны аравдугаар сарын 1-ний өдөр Санамж бичиг байгуулж байжээ.

Тодруулбал, Мон­голын хуульчдын холбооны Өмгөөлөгч­дийн хорооны тэргүүн З.Сүхбаатар, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Нямгомбо нар баривч­лагдсан, цагдан хоригдсон этгээд өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах эрхийг хангах талаарх ШШГЕГ, МХХ-ны Өм­гөө­лөгчдийн хороо хоорондын санамж бичиг байгуулж байсан байгаа юм. Уг санамж бичигт “…ШШГЕГ нь өмгөөлөгчид үйлчлүүлэгчтэйгээ би­түү хаалт­тай цонхны цаанаас утсаар холбогдон ярьж байгаа одоогийн нөхцөл байдлыг бүхэлд нь өөрчилж өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ шууд нүүр тулан уулзах нөхцөл, боломжийг бүрдүүлнэ” гэжээ. Үүнтэй холбоотой өөр заалтууд ч байна.

Гэвч энэ санамж бич­гээс хойш дөрвөн жил өнгөрсөн ч өмгөө­лөгч, үйлчлүүлэгч хоё­рын уулзах нөхцөл дээрдсэнгүй.

Энэ нь тухайн хоригдож буй хүн цаг­дан хорих байранд ямар бай­дал­тай байгаа, хэргийг шалга, мөрдөн байцаалтын ажиллагаа хэр­хэн явагдаж шууд нуух зорилготой гэж хар­­­дах үндэс юм. Мөн өм­гөө­лөгчтэйгөө уулзах нөхцлийг ийм байдалтай байлгах нь нэг талын залхаан цээр­лүүлэлт гэж болно. Өнөөх “Вышинскийн техно­ло­ги”-ийн нэг хэсэг болж байгаа хэрэг гэдгийг хуульчид, өмгөөлөгчид хэлж байна.

Өөрөөр хэлбэл, Мон­гол дахь “Вышинскийн технологи” Хорих байрны уулзалтын өрөөнөөс эхэлж байна. Нүднээс далд юу болдог нь хориг­дож байгаа хүний л нууц болдог гэсэн үг. Уг нь энэ байрыг санамж бичигт бичснээр янзлахад ШШГЕГ-аас төсөв хөрөнгө гэж гараад байх зүйлгүй. Тэгээд ч тус газрыг төлөөлж гарын үсэг зурж байсан хурандаа Б.Нямгомбо өнөөдөр Захир­гаа, удирдлагын газрын даргын албыг хашиж байгаа аж.

Эцэст нь хэлэхэд, энэ бол зүгээр л эхлэл нь гэж харж, хардаж болохоор байгаа юм. Хэдхэн жилийн өмнө шинэчлэн батал­сан Эрүүгийн хууль, Эрүүгийн бай­цаан  шийтгэх хуулиар хүний эрхийг хангахуйц дорвитой өөрчлөлт гараагүй гэхэд болно. Учир нь ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид хоригдож буй хү­мүү­сийн байсгээд л бич­дэг захидлууд Мон­голын хууль, хяналтын бай­гууллагууд “Вышинскийн технологи”-ийг ашиглаж, хүний эрхийг зөрчсөөр байна уу гэдэг хардлагыг улам нэмдэг юм.

Зууны мэдээ
Б.Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-05-09 16:04:23
    Гадаад улсад бол өмгөөлөгчтэйгээ зэрэгцэж сууж байгаад л хууль зүйн зөвлөгөө үйлчилгээ авдаг. Энэ хараал идсэн хаалтыг авч гэрээ санамжаа ШШГЕГ биелүүлээчээ.
    202.179.26.184
    Мэдэгдсэн Хариулах
  • зОЧИН 2018-05-09 10:23:28
    Хуучин Ганц худагаа ашиглалтанд оруул...1990 оноос хойшхи авилгач,хулгайч луйварчингуудыг хийх хэрэгтэй. Тэгж байж наад Төр гээд байгаа юм чинь цэвэршинэ.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-09 04:25:00
    Ганцаарчилж уулзах ч гэж дээ, нэг өмгөөлөгчийн утсаар хашгирч байгаа дуу хажуугийнх нь өрөөнд төдийгүй хянагчид хүртэл сонсогдохоор байдаг
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-09 03:01:35
    үүнийг өөрчлөх эрх болмж сайханбилэг баяр баярцогт нарт байсан шүү дээ
    27.123.214.115
    Мэдэгдсэн Хариулах