Шүүхийн иргэдийн төлөөлөгчид тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ
Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон 120 иргэн өнөөдөр тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ.

Тухайлбал, шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүх хуралдаанд иргэдийг оролцуулдаг билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2-т “Анхан үатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж тусгасан.  Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрхзүйн байдлын тухай хууль 2012 онд батлагдсанаас хойш 10,5 мянга гаруй хүн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцжээ.
Тодруулбал, 2015 онд 3368, 2016 онд 4527, 2017 онд 2649 иргэн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцжээ.

Өнгөрсөн онд зохион байгуулсан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн улсын анхдугаар зөвлөгөөн”-д 500 гаруй иргэд оролцож байсан бол энэ удаад нийслэлийн болон Төв, Орхон, Дархан-Уул аймгаас хүрэлцэн ирсэн 120 гаруй төлөөлөгч оролцов.

Энэ удаа зохион байгуулсан зөвлөгөөнөөр дээрх иргэд тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, урамшуулалыг тодорхой хувиар нэмэх талаар нухацтай ярилцаж, зөвлөгөөнөөс гаргасан санал, зөвлөмжийг УИХ, Засгийн газарт хүргүүлж байгаагаараа ихээхэн онцлогтой ажээ.
 
Иргэдийн төлөөлөгчид шүүхэд ямар эрх үүрэгтэй вэ

 
Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь анхан шатны шүүхээр эрүү, иргэний болон захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд олон нийтийг төлөөлөн оролцож, хэргийн үйл баримт, шүүгдэгч болон зохиогчийн гэм буруу, захиргааны байгууллагын үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар бичгээр санал, дүгнэлт гаргах эрхтэй.  Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт маш чухал байр суурь эзэлдэг.  Ингээд иргэдийн төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонирхлоо.
 
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг
 
 
БГД-ийн шүүхийн иргэдийн төлөөлөгч Б.Цэцэгсүрэн “Иргэдийн төлөөлөгч гэдэг хүн шүүх хуралд иргэдийн эрх ашгийг хамгаалдаг. Хурлын үйл ажиллагааг харж байхад шүүгч нар аль ч талд нь харилцааны соёлтой үйлчидэг. Хуулийнхаа зүйл заалтыг сайн хэлж өгдөг болсон. Ялангуяа залуу шүүгчид соёлтой болжээ. Буруу зүйл хийсэн хэргээ үнэн зөвөөр шийдүүлсэн хүн хэзээ ч голоо тасартал гомдохгүй. Харин хүнийг гүтгээд буруу яллалсан бол голоо тасартал гомдоно доо. Миний хувьд хоёр машин мөргөлдсөн хэргийн шүүх хуралд оролцсон бөгөөд сүүлдээ эвлэрээд маргаан дууссан даа. Шүүх хурлын танхимууд их сайхан болсон юм билээ. Гэхдээ нэг тулгамдаж буй асуудал бий. Иргэдийн төлөөлөгчдийн суух ширээ сандал юм. Өнөөдрийн байдлаар 88 шүүх бий. Тэдэнд жижигхээн 88 ширээ сандал хэрэгтэй байгаа юмда” гэв.





 
О.Нямсүрэн: Анх шүүгч нараас сүрдэж байсан

 
“Миний хувьд Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр ажиллаад удаж байна. Анх шүүх хуралд ороход хүрэн ширээний ард суусан хар хувцастай гурван шүүгчээс их сүрдэж байлаа. Ер нь шүүх болон шүүгчийн нарын хандлага харилцаа сайжирсан мэт санагддаг ч нэг шүүмжлэлтэй зүйл бий. Бид нараар шүүх хурлын дараа санал хэлүүлж, дүгнэлт бичүүлдэг. Гэвч шүүхийн шийдвэрт дүгнэлт нь тусгагдаж байгаа харагддаггүй учраас би сая шүүмжлэлтэй хандлаа. Бас бид нарт шүүх хурлын товоо урьдчилан хэлж байх ёстой. Хоёр цагийн өмнө хэлэхээр замын бөглөрөл энэ тэрээ тооцоогүйгээс болж хоцорч ирэх тохиолдол бий.

Цаашид анхаарах зүйл гэвэл иргэдийн төлөөлөгчдийг ч бүх нөхцлөөр нь хангах хэрэгтэй. Ядаж иргэдийн төлөөлөгч гэсэн жижиг хаяг, ширээ сандалтай баймаар байгаа юм. Мэдээж бид нар хариуцлагатай хандах ёстой. Яагаад гэвэл хүний нэр төр,хүний хувь заяаны асуудлыг шийдэж байгаа учраас маш сэрэмжтэй байх ёстой гэж боддог. Бас нэг тулгамдаж байгаа асуудал нь урамшууллыг тодорхой хувиар нэмэгдүүлэх боломж байгаа эсэхийг судлахад илүүдэхгүй болов уу” гэлээ.
 
Ил тод нээлттэй шүүх хуралдаан явуулахын тулд иргэдийг сонгодог юм болов уу
 
Ноён уултай холбоотой захиргааны хэрэг дээр гурван жил иргэдийн төлөөлөгчөөр сууж байгаа Б.Батчулуун “Энэ хурал олон удаа хойшилж байна. Нотлох баримт баталгаажуулах, хэргийг тодруулах гэсэн шалтгаанаар 20-30 удаа шүүх хурал хойшилжээ. Хуулиараа нэг удаа л нэг хэрэг дээр байх учраас энэ хэргийг эцэслэн шийдэх хүртэл би иргэдийн төлөөлөгчөөр сууна. Хуралд одоогоор санал дүгнэлт гаргаагүй байгаа. Иргэдийн төлөөлөгчийг олон нийтэд нээлттэй ил тод шүүх хурал явуулахын тулд сонгодог юм болов уу гэж боддог. Миний хувьд хавтаст хэрэгтэйгээ танилцаад цаг хугацаагаа тооцоолсон байвал нэг их хүндрэл байхгүй ээ. Шүүх хуралд оролцоно гэдгээ урьдчилан мэдэж ажлаа зохицуулах нь бас зүйтэй. Түүнээс гадна өөрийнхөө дүгнэлтийг бичээгүй байхдаа хэргийг бусдад задлахгүй гэсэн тангараг өргөдөг” гэлээ.






 
Шүүх бүрэлдэхүүн шударга шийдвэр гаргасан
 
СБД-ийн анхан шатны шүүхийн иргэдийн төлөөлөгч Ш.Болортуяа “Миний хувьд өнгөрсөн гуравдугаар сард төлөөлөгчөөр сонгогдсон. Иргэнийхээ эрхийг эдэлж төлөөлөгчөөр хуралд сууж байгаа гэж ойлгодог. Иргэдийг ингэж суулгадаг нь маш сайшаалтай санагддаг. Миний суусан хэрэг анхан шатны шүүхээр ороод эцэслэгдсэн. Шүүх шударга шийдвэр гаргасан. Шүүх хүний хувь заяаг үнэн буруу дэнслэж байгаа эсэхийг иргэд бид харахаас гадна, хэдий бид шүүгч нарт нөлөөлөхгүй ч саналаа дүгнэлтээ өгнө гэдэг сайн зүйл юм. Шүүх бол шударга шийдвэр гаргадагийг нүдээрээ үзсэн” гэв.
 
О.Сайхан 
Оллоо.mn 
 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-05-08 09:26:06
    хахууль авдагаа больчих.
    103.229.122.234
    Мэдэгдсэн Хариулах