​БСШУС-ын сайд Өвөрхангай аймагт ажиллаж байна
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамт өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байна. Томилолтын бүрэлдэхүүнд багтаж яваа ​БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Арвайхээр хотод ажиллаж буй томилолтынхоо хүрээнд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга мэргэжилтнүүд, аймгийн Хөгжимт драмын театр, музей, номын сангийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр аймгийн Хөгжимт драмын театрт нэн шаардлагатай байгаа гэрлийн асуудлыг шийдвэрлэж өгөхөө мэдэгдлээ.

 

Дотуур байранд хичээллэдэг бага ангийнхан 

  Үүний дараа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын академич П.Хорлоогийн нэрэмжит ерөнхий боловсролын 2-р сургуулийн хичээлийн 2-р байртай танилцлаа. Бага анги хичээллэдэг тус байр нь 1980 онд ашиглалтад орсон дотуур байрны зориулалттай тул сургалтын үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй, анги танхимын хэмжээ бага, коридор нарийн, бохирын шугам сүлжээ муудаж, үнэр нь ханхалдаг зэрэг асуудлууд тулгараад байгаа аж. Тулгамдаж буй асуудлыг судалж, ирэх оны төсөвт сургуулийн барилгын өргөтгөлийн зардал, төсвийг шийдэж өгөхөө салбарын сайд хэллээ. Тус 2-р сургуульд 2140 хүүхэд суралцаж байгаагаас бага ангийн 500 гаруй сурагч энэхүү дотуур байранд суралцдаг байна.  
 

 

 

 

Лаборатори Мэргэдийнхэн сурлагаараа улсад тэргүүлдэг

Улсдаа сурлагын чанар, стандартаараа эхний 10 сургуулийн тоонд багтдаг улсын тэргүүний лаборатори Мэргэд сургуульд энэ хичээлийн жилд 1065 хүүхэд суралцаж байна. Тус сургууль нь спорт заал, номын сан, биеийн тамирын талбай байхгүй, анги дүүргэлт 40-45 хүүхэдтэй, багш салаан дундуур явж багтахгүй жижиг  зай талбайтай, стандартын бус байна. Тус сургуулийн зүгээс бага сургуулийн өргөтгөл, урлагийн болон спорт заал барих шаардлагатай байгаа хүсэлтээ илэрхийллээ.
 


Хүүхэд харах үйлчилгээ орон нутагт  

 

Хүүхэд харах үйлчилгээний эрхлэх асуудал БСШУСЯ-нд  ирсэнтэй холбогдуулан Арвайхээр сумын 10-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн Дашзэвэгийн хүүхэд харах үйлчилгээний төвөөр орж, үйл ажиллагаатай танилцлаа. Аймгийн хэмжээнд энэ оны 4 дүгээр сарын байдлаар 47 хүүхэд харагч, 20 төвд 228 хүүхэд үйлчлүүлж байгаа аж. Өвөрхангай аймаг хүүхэд харах үйлчилгээ, түүнд хамрагдаж буй хүүхдүүдийн тоогоороо орон нутагтаа тэргүүлдэг байна.

 

928 хүүхдийн сургуулийг ирэх хичээлийн жилд ашиглалтад оруулах чиглэл өглөө   


2014 онд барилгын ажил нь эхэлсэн боловч одоог хүртэл ашиглалтад ороогүй 928 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын үйл явцтай танилцлаа. Тус сургуулийн барилгын ажлыг тендерийн дагуу “Аж констракшн” ХХК гүйцэтгэж  байгаа бөгөөд барилгын ажил дөрвөн жил дамжин удаашралтай байгаад орон нутгийн удирдлагуудаас бодлогын түвшинд анхаарч, хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад уламжилсан юм. Тус сургуулийн барилга удааширч буйн шалтгаан нь гүйцэтгэгч компани хүн хүчний дутагдалтай, хурдан шуурхай ажиллаж чадахгүй байгаатай холбоотой юм байна. Салбарын сайдын зүгээс ажиллах хүчний тоог нэмэгдүүлж, ирэх хичээлийн жилд ашиглалтад оруулах чиглэлээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.


Спортын алдартнуудаараа улсдаа тэргүүлдэг Өвөрхангайчууд


Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Даяар дуурсагдах далай даян дархан аварга Т.Цэрэнтогтохын нэрэмжит аймгийн Биеийн тамир, спортын газраар орж, үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус байгууллагын он дамжин цалингийн сан дээр гарсан өрийг барагдуулах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 40 сая төгрөгийг газар дээр нь шийдэж өглөө.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамгаалал ба шинэ цэцэрлэг


Өвөрхангай аймгийн ИТХ-аас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, энэ хүрээнд Арвайхээр суманд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 11-р тусгай цэцэрлэгийг өрхийн эмнэлгийн хуучин барилгыг түшиглэн ашиглалтад оруулсан байна. Энэхүү цэцэрлэгийн хоёр бүлэгт хөгжлийн бэрхшээлтэй 24 хүүхэд суралцаж байгаа аж. Хүүхдийн бие бялдрын болоод оюун ухааны хөгжлийг дэмжих, хоцрогдлыг бууруулах, нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай байгаа портез, ортопедийн тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг өгч, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Тус аймаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил хамгааллыг бэхжүүлэх “Адил боломж” хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хүрээнд урлаг, спортын салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ хөгжүүлж, хамруулсны үр дүнд дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальтан зэрэг спортын алдартнууд төрөн гарчээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.