Улаан талбайд Монгол дайчдаа командалсан хурандаа

Аугаа ялалтын 73 жилийн ой удахгүй тохиох гэж байна. ОХУ–ын Улаан талбайд болсон Ялалтын 70 жилийн ойн парадад монгол цэргүүдээ командлан оролцсон, Төрийн хонжин, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболдыг “Амьдралын тойрог” буландаа урилаа.
 

7-7

7-1



“ЗҮҮНБАЯНГИЙН ЦЭРГИЙН АНГИД ИХ ЗҮЙЛ СУРСАН”
 


Түүнийг зэвсэгт хүчинд хурандаа Лоовын Батболд гэдгээр андахгүй.  Мөн ялалтын парад командлагч, төрийн хонжин, спортын манлайлагч гээд ажил үүргийн хувьд бахархмаар тодотголууд эрхэм хурандаад олон.  Цэргийн хүний мөрөөдөл гэмээр амьдралыг тэр бүтээж яваа.   Дархан–Уул аймагт төрж, зургадугаар ангиасаа цэрэгжилтийн спортын “Дөл” тэмцээнд амжилттай оролцдог, спортлог сурагч байсан нь  цэргийн амьдралд хөтөлсөн байдаг.  1988 онд Дархан–Уул аймгийн I арван жилийн сургуулийг төгсөж, Цэргийн нэгдсэн сургуульд тусгайлсан шалгалт өгч тэнцэж байжээ.  Л.Батболдын аав тракторын жолооч, ээж нь цементийн үйлдвэрт нормчин байсан.  Хүүгээ цэргийн хүн болно гэхэд аав ээж нь баярлан хүлээн авсан гэдэг. “Миний хүү өөрөө л мэд, өөрөө шийд” хэмээн хүүгийнхээ сонгосон замыг хүндэтгэн хүлээн авчээ.  Ийнхүү ерөнхий цэргийн команд явган цэргийн байлдааны машины ашиглалтын инженер гэсэн мэргэжлээр суралцаж, эцэг эхийн гэрээс эх орны хүү болон гарсан байдаг.  Сургуулиа төгсөөд говийн гарнизон, хээрийн академи хэмээн нэрлэгддэг Зүүнбаянгийн цэргийн ангиас ажлын гараагаа эхэлжээ.  Тэрээр “ Би тухайн ангид салаан захирагчаас бательон захирагч хүртлээ 14 жил ажилласан.  Мото­буудлагын офицерын хаших ёстой албан тушаал болгоныг  тэнд хашиж байлаа. Ер нь тэр ангид ажиллаж байсан хүмүүс их бахархаж ярьдаг. Хээрийн академи гэдгээрээ  алдартай шүү дээ. З.Чулуундорж хурандаа манай ангийн захирагч байлаа.  А.Ганбат генерал тухайн үед штабын дарга байсан. Мундаг дарга нарын удирдлагад ажиллаж, тэндээс их зүйл сурсан даа” гэв.

IMG_2735



“МОНГОЛ УЛС, МОНГОЛ ТӨР ГЭЖ БАЙДГИЙГ ДЭЛХИЙД ТАНИУЛДАГ 032 ДУГААР АНГИАРАА БАХАРХДАГ”


Түүний дараа Л.Батболд хурандаа Төв аймгийн Алтанбулагийн ангид штабын даргын орлогч, дайчилгааны офицероор хоёр жил ажиллажээ.    Мөн  Зэвсэгт хүчний жанжин штабын сургалтын хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, дараа нь ажиллагааны удирлагын газарт ажиллаж байгаад 2012 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагчаар томилогдож ирсэн байдаг. Тэрээр “Монгол Улс, Монгол төр гэж байдгийг дэлхийд таниулдаг 032 дугаар ангиараа бахархдаг.  Төртэй, төрийн дуулалтай, төрийн торгон цэрэгтэй улс шүү хэмээн омогшин бодож ажлаа хийж байна.   Ангийнхан маань  төрийн торгон цэрэг гэдгээрээ ч урлаг уран сайхан, спорт гээд бүх л талаараа зэвсэгт хүчиндээ  шилдэг нь байж ирсэн” гэв.   Тэдний анги армийн маршид тогтмол дээгүүр байр эзэлдэг мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит Марш тактикийн тэмцээнд дөрвөн удаа түрүүлж байжээ. 2017 оны тэмцээнд гэхэд 032 дугаар ангийн цэргүүд барианд орохоос 100 метрийн зайнд ангийнхаа сүлд дууг дуулаад 50 метрийн зайнаас хөл тавьж ёсолж орж ирж, хүмүүсийг гайхашруулж байв. Хурандаа Л.Батболдоос “Тухайн үед танд юу гэж бодогдож байв” гэхэд “Цэргүүдээ хараад үнэхээр бахархаж байлаа.  Барианд орж ирэхэд нь барьж аваад л үнсэж байсан. Төрийн торгон цэрэг гэдэг нэрийг өндөрт өргөж явах учиртай гэдгийг алба хаагчид маань бүрэн ухамсарласан байдаг даа” гэв.  Одоогоор цэрэг татлага эхэлсэн учраас 032 дугаар анги хөл хөдөлгөөн ихтэй байна.  Цэргийн насны эрчүүдээс биеийн өндөр, зүс царай, боловсрол зэргийг сонгон  шалгаруулж авна.  Эх орны нүүр царай  болдог учраас сонгон шалгаруулахаас ч өөр аргагүй билээ.  Тухайн  анги төрийн болон цэргийн ёслолын арга хэмжээ зохион байгуулахаас гадна,  Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний аюулгүй байдал харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг, мөн Улаанбаатар цэргийн хүрээнд ёс журам сахиулна.  Аль аль үүргээ нэгэн тэгш авч явахыг ангийн удирдлагууд хичээн ажиллаж байгаа гэлээ.

7-9



МОНГОЛ ТӨРИЙН ДОЛОО ДАХЬ ХОНЖИН


Хурандаа Л.Батболд 032 дугаар ангийг удирдаж, авч явахыг зэрэгцээ Монгол төрийн хонжин юм. 1994 оны Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн хонжин” албан тушаалыг бий болгожээ.  Энэ нь Чингис хааны үед байсан бөгөөд аливаа төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээг нээдэг, түүнийг гардан хариуцдаг хүн хэмээн  толь бичигт бичигдсэн байдаг.  1992 онд төрийн тугийг анх Д.Цогтбаатар хурандаа залж байсан бол түүний дараа Х.Будцэрэн, Л.Чимэддорж, Ж.Дүүрэнжаргал, Г.Энхбаатар, Ч.Баярсайхан Л.Батболд гээд тэр  Монголын төрийн долоо дахь хонжин юм. Тэрээр энэ тухайгаа “Хонжин болдог анхны  жил их сандарч байлаа.  Айгаад нойргүй хонож байлаа.   Дараа дараагийн удаад мөр зэрэгцэн яваа алба хаагчиддаа итгэдэг боллоо. Мориндоо ч найддаг болдог. Төрийн тугаа залаад явж байх  нь эр хүний мөрөөдөл юм даа. Монгол наадмаа өнгөрсөн зургаан жил нээлээ. АСЕМ–ийн бэсрэг наадамд мөн залж байлаа. Монгол бахарлын өдрөөр төрийн туг цэнгүүлдэг болсон. Тэр үйл ажиллагааг мөн зургаан жил хийсэн.  Наадмын бөхийн барилдаан дуусч, “Халуун элгэн нутаг”-аа эгшиглүүлсэний дараа  төрийн тугаа эргэн зална.  Энэ үед л нэг санаа амарна шүү дээ” гэлээ. Төрийн тугийг хүндэтгэн залах ажиллагааг төрийн хонжин, тэргүүн тугч, тугчид гүйцэтгэх бөгөөд төрийн ёслолын торгон цэрэг хамгаална. Төрийн тугийг хүндэтгэн залах үед Төрийн хонжин энэ ажиллагаанд оролцож байгаа төрийн ёслолын торгон цэргийг захирдаг. Бүгд 32 морьтон энэ ёслолд оролцдог юм.
 

ЯЛАЛТЫН ПАРАД КОМАНДЛАГЧ

 

Л.Батболд хурандаа бас нэгэн бахархам үйл явдлын эзэн.  Аугаа их Ялалтын 70 жилийн ойн парадад эх орны төлөөлөн Улаан талбайд жагсаж байв.  Монголын цэргийн хайрцагийг командлан оролцоно гэдэг цэргийн хүн бүхний  мөрөөдөл билээ.  Тэр ч мөрөөдлөө биелүүлж чадсан. Ялалтын парадад 70 гаруй монгол цэргийн алба хаагч оролцож эх орныхоо нүүр царай болж байв.   Хоёр сарын хугацаанд бэлтгэл хангаж, тэсвэр хатуужлийн бүхий л шалгуурыг давж, тэрхүү парадад оролцсон байдаг.  Өглөө бүр гүйнэ.   Талбай дээр хоёр цагаар номхон зогсооно. Хөлнөөс нь элс дүүжилж алхуулна.  Хөлийг нь тэгшлэхийг тулд хөзөр хүртэл хавчуулж зогсоодог байсан гэдэг.  Нисэхийн 337 дугаар ангид  нэг км газар хөл тавин алхана.   Энэ бүх  шалгуурын дараа Монгол цэргүүд Улаан талбайг зорьсон.  Тэнд монгол цэргүүд хэн гэдгээ харуулж, эх орноо дэлхийн улс оронд зарлан тунхаглаж чадсан. Энэ л үйл явдлыг бүтээгчдийн нэг нь Л.Батболд билээ.  Тэрээр  “Олон улс Л.Батболд командалж байна гэж харахгүй, Монгол Улсын дайчид алхаж байна гэж харах учраас бид хичээсэн. Ямартаа ч эх орон, БХЯ, ЗХЖШ–ын удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай биелүүлсэндээ манай дайчид одоо ч гэсэн баяртай явдаг юм.  Бид омогших түүхтэй өвөг дээдсийн үргэлжлэл. Тэр дайчин удмын үргэлжлэл өнөө ч дайчин чанараа алдалгүй цог хийморь, хүч төгөлдөр гэдгээ олон улсад харуулж чадсан нь бидний амжилт, нэр төрийн хэрэг. Найман зууны өмнө Чингис  хааны эзэлж явсан талбайд алхаж явна гэж бодохоор бахархаад л байдаг юм билээ. Чингис хааныг их бодож омогшиж байлаа. Парадад оролцсон бүх л хүмүүс чармайж, нэгэн зүгт нэгэн зүйлийн төлөө зүтгэж байсан.  Улаан талбайн жагсаал миний мөрөөдөл байсан” гэв.  Улаан талбайн жагсаалд Энэтхэг улсын араас манай дайчид жагсан орж ирж, монгол түмэн бахархан омогшиж байсан цаг саяхан билээ.   Ингэж Л.Батболд хурандаа монголын цэргийн түүхийн нэгэн хуудаснаа нэрээ үлдээсэн байдаг.
 

2



“ЦЭРГИЙН НӨХӨРЛӨЛ ҮҮРДИЙН НӨХӨРЛӨЛ БАЙДАГ”


Түүнтэй ярилцаж суухад их энгийн нэгэн болох нь анзаарагдана.  Хүүхэд байхдаа Хараа голын усанд загас шиг л шумбаж өссөн болоод ч тэр үү спортлог нэгэн.  Тэр спортод хайртай, чөлөөт цагаараа спортоор хичээллэдэг, спортын амжилт ч нэлээд их. Үүгээрээ бусад офицеруудаас давуу талтай ч гэж болох юм.  1995 онд Зэвсэгт хүчний хүрээний томоохон тэмцээнд модон морин дээр 13 цэргийн өвлийн малгай тавин харайж, спортын мастерын болзол хангаж байсан гэдэг. 2015 онд 032 дугаар ангийн ахлагч амжилтыг нь  давтсанаар биш одоо ч амжилт нь эвдэгдээгүй байна. Чөлөөт цаг л гарвал цэргүүдтэйгээ хамт сагс, волейбол тоглоно. Ер нь цэргүүдтэйгээ бол гэр бүлийн гишүүн нь юм шиг харьцдаг гэдэг нь анзаарагдаж байна. Тэгж байж цэргүүдийнхээ сэтгэлийг ойлгож, эргээд хүндэтгэл хүлээнэ шүү дээ гэлээ. Мөн  Л.Батболд хурандаагийн гэр Х хороололд байх бөгөөд Зэвсэгт хүчний 032 дугаар анги Офицеруудын ордонд байрлана. Сардаа хоёр удаа гэрээсээ ажилдаа явахдаа гүйдэг. Энэ нь ч түүнд бэлтгэл болдог ажээ. Тэрээр “Ер нь офицер хүн ямар нэгэн спортоор хичээллэж байх хэрэгтэй. Спорт бол өөрийгөө ялахын нэр юм шүү дээ.  Тэгэхээр аливаа юманд манлайлагч байхын эхлэл байдаг” гэж байв. Түүний ээж Д.Бямбаа одоо Дархан–Уул аймагт амьдарч байна. Харин гэр бүлийн хүн нь Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт сувилагчаар ажилладаг бөгөөд том охин Б.Янжинлхам нь КТМС–ийн оюутан. Бага нь охин Б.Бүжлхам нь 38 дугаар сургуульд суралцдаг юм. Тэр бүх нөхөрлөлийн дотроос хамгийн сайхан нь цэргийнх гэж бодож явдаг. Тангараг өргөсөн эрчүүдийн нөхөрлөл их бат бөх байдаг гэж байв.  24 цагт нэг оронд дээр унтаж, бүхий л жаргал зовлонгоо хуваалцаж явсан цэргийн нөхөд минь одоо ч холбоотой байдаг. Миний гучин жил үерхэж байгаа найзууд байна.  Д.Өлзийбат, С.Сүхболд, Ү.Амгаланбаатар  гээд сайхан андууд минь бий.   Тэд маань эхнээсээ тэтгэвэртээ сууж байна.   Цэргийн хуаранд нэгнийгээ халуурахад дундаа хийгээд хэвтэж байсан тийм л найзууд ховор шүү дээ” гэж байв.

Ийнхүү монгол цэргийн хурандаагийн бүтээсэн амжилт, бүтээж буй амьдралыг сонины нэг хуудаснаа багтаан онцоллоо. Л.Батболд хурандаа цэрэг хүний мөрөөдлийг өөрийн амжилтаар түүчээлж явна. Төрийн их баяр наадамдаа есөн хөлт цагаан тугаа залахыг цэрэг бүхэн мөрөөднө.  Улаан талбайд эх орныхоо нүүр царай болон алхахыг нь цэрэг бүхэн хүснэ.  Магадгүй торгон цэргийг бэлтгэдэг ангийн захирагч байх нь ч нэр төрийн хэрэг билээ. Түүний амжилт тэр чигтээ жирийн цэрэг хүний мөрөөдөл билээ.

Зууны мэдээ
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монх 2019-06-23 15:22:59
    хундэт харуулд 30 жилийн омно алба хааж байлаа бас л бахархамаар алба шуу
    66.181.189.116
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-08 04:22:16
    Маш гоё санагдлаа бахархалаа.Амьжилт хүсье
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-07 11:01:23
    Их даруухан, зөв сэтгэлгээтэй хүн байна гэж ажиглагдсан. Амжилт хүсье
    139.5.219.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-07 08:19:26
    Ажилд нь амжилт хүсье. Ногдсон ажлаа цэмбийтэл хийчээд мөрөөрөө явж байдаг ийм төрийн албан хаагч зөндөө л бий. Нэгний нь ч тухай болов бичсэнд талархаж байна....
    202.70.34.244
    Мэдэгдсэн Хариулах