Д.Нямдэмбэрэл: Пёнчаны их наадмаас хойш өмнөд болон хойд Солонгосын харилцаа дулаарч эхэлсэн
Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болсон өвлийн спортын их наадам өндөрлөөд хоёр сар болох гэж байна. 
Тус улсын наадамд манай улсаас цанын төрөлд хоёр тамирчин оролцсон билээ. Харин тус наадамд сайн дурын ажилтнаар Монголын дөрвөн иргэн оролцжээ.

Ингээд энэ наадмын сайн дурын ажилтанаар оролцсон
UCI группийн ажилтан, JET англи хэлний сургалтын төвийн гэрээт багш Д.Нямдэмбэрэлтэй олимпийн талаар сонирхолтой ярилцлага хийлээ.
 
-Пёнчаны их наадамд сайн дурын ажилтанаар оролцсон гэсэн. Ямар үүрэгтэй ажилласан бэ?
 
-Сайн дурын ажилтан гэдэг нь нийгэмд тустай үйл хийхийг хэлдэг. Хамгийн нэр хүнтэй ажил нь олимпийн наадамд сайн дурын ажилтанаар оролцсон нь байлаа. Тухайлбал, өнгөрсөн 23 дахь удаагийн өвлийн олимпийн наадамд сайн дурын ажилтаны шалгаруулалтанд ороод тэнцсэн дээ. Ажил үүргийн хувьд маш олон ажил дээр хувиарлагдсан. Нийт 62 улс орны 15 мянган сайн дурын ажилтан байсан бөгөөд 17 хэсэгт хувиарласан. 1200 нь солонгос үндэстэн биш, гадаад сайн дурын ажилтан.Тухайлбал, орчуулга, тээвэр, угтан авалт, хүлээн авалт, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх гэх мэт. Миний хувьд вип хэсэг дээр ажилласан. Олимпийг үзэхээр сонирхохоор ирсэн хүмүүст үйлчилнэ гэсэн үг. Вип үзэгчдэд гэнэтийн машин тэрэг хэрэгтэй болох үед унааг нь зохицуулж өгөх, ямар тэмцээн үзүүлэх зэрэгт би өөрөө зохицуулалт хийж байсан.
 
-Өвлийн олимпийг үзэхээр очсон үзэгчдэд “үйлчилсэн” гэсэн үг юм байна?
 
-Тийм. Тамирчид бол тусдаа үйлчилгээтэй байсан. Тэмцээн дууссаны дараа медалийн болзол хангасан тамирчдыг шагнал гардуулах талбай дээр нь гарахад туслах, мөн Олимпийн хорооны олон улсын Ерөнхийлөгчөөс эхлээд зарим улсын парлемантийн гишүүн, Ерөнхий сайд хүртэл манай хэсэг дээр вип үйлчилгээ авсан.

Миний хэсэг дээр цанын чөлөөт үзүүлбэр үзүүлэх, снөүбоард үзэхээр ирсэн хүмүүст үйлчилж ажилласан.
 
-Шалгаруулалт нь яаж явагдсан юм. Монголоос хэдэн хүн сайн дурын ажилтнаар оролцсон юм бэ?

-Ерөнхийдөө 5-6 сарын турш 4 үе шаттай явагдсан. Эхлээд анкет бөглөсөн. Тэгээд тэнцээд англи, солонгос хэлний шалгалт өгч, дараа нь ярилцлага өгч, онлайнаар бүх шалгалтаа өгөөд тэнцсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс сайн дурын ажилтнууд шалгалт өгсөн. Манайхаас дөрвөн хүн байсан. Намайг наадамд очиход гурван эмэгтэй байсан. Хоёр нь Солонгост сурч ажилладаг охидууд. Нэг нь эндээс очсон охин байсан бөгөөд бид хоёр Монголоосоо очсон.
 
-Сайн дурын ажилтны зардлыг хаанаас гаргасан бэ?
 
-Олимп болгон өөр өөр байдаг юм билээ. Пёнчоны олимпод ирж очих зардлаа өөрөө гаргасан. Харин тэнд очоод байрлах, хоол хүнс, унаа тэрэг гээд бүгдийг Олон улсын олимпийн хорооноос гаргасан. Бид нар цалин хөлсгүйгээр өөрийн мэдлэг чадвараа илүү тэлж, зузаатгаж авч байсан гэсэн үг юмдаа.
 
-Манайхан энэ удаагийн өвлийн наадамд хэр идэвхтэй оролцсон бэ?
 
-Сайн идэвхтэй оролцсон. БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууд олноор үзэж, хоёр тамирчин болон бусад орны тамирчдыг хөгжөөн дэмжсэн харагдсан. Мөн би өөрийнхөө нүүр номоор дамжуулан өвлийн олимпийн талаар бичихэд олон хүн надад хандсан. Жишээлбэл, Монголоос яаж очиж үзэх вэ, билет нь хэдэн төгрөгийн үнэтэй байна. Өвлийн олимпийн уур амьсгалыг ойроос мэдэрмээр байна гэсэн өчнөөн хүнд хандаж байсан нь сайхан санагдаж байсныг нуухгүй ээ.
 
-Хоёрхон тамирчныг олон дарга нар дагаж явлаа гэсэн шүүмжлэл нэг хэсэг гарсан даа?
 
-Хоёр тамирчныг олон хүн дагаж явлаа гэсэн шүүмжлэлийг харсан. Миний бодлоор олон хүн дагаж явах нь зөв юм шиг санагдсан. Яагаад гэхээр тэнд очсон хүмүүс олон зүйлийг олж харж, сурч чадна. Тухайлбал, өвлийн спорт Монголд ямар хөгжилтэй байгаа билээ. Манайд өвөл болдог хэрнээ спортын хөгжил бага байна. Харин очоод юм харж үзэж, мэдсэнээ эргэж ирээд хэрэгжүүлдэг байх ёстой. Олон хүн, цөөн хүн явахдаа гол бишээ. Хамгийн гол нь эргэж ирээд үзсэн харсан туршлагаа үйлдэл болгодог байгаасай.
 
-Пёнчаны наадмын талаар таны бодол. Наадмын үеэр тохиолдсон сонирхолтой үйл явдал юу байна вэ?
 
-Пёнчаны наадмаас хойш өмнөд болон хойд хоёр Солонгосын харилцаа их дулаарч эхэллээ. Ялангуяа энэ олимп түүхэн олимп болж чадсан. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны дүү охин ирээд албан ёсоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жен Инд ах нь уулзахыг хүсч байгаа гэсэн урилгыг өөрийн биеэр гардуулсан нь яах аргагүй сонирхол татаж байсан. Тэгээд өвлийн олимпийн наадмын нээлт хаалтан дээр хоёр Солонгосын баг тамирчид болон төрийн дээд удирдлагууд нь хүрэлцэн ирсэн. Мөн хоёр Солонгосын эмэгтэй хокейн баг нийлж нэг баг гаргасан нь сонирхолтой байсан. Энэ бол түүхэн үйл явдал гэж хэлж болно. Хоёр улсын эв нэгдлийн асуудал харагдаж байгаа юм. Энэ бүгдээс харахад Хойд Солонгосын хойгийн асуудал их эерэг болж байгаа нь илт харагдаж байгаа.
 
-Үзэгч ихтэй төрөл нь юу байв?
 
-Уран гулгалт, эрэгтэй хокей, цанын чөлөөт үзүүлбэрийн төрлүүд байсан. Би өөрөө хокейн шөвгийн дөрвөн төрлийг очиж үзсэн. Их гоё сонирхолтой, үзэгч ихтэй байсан.

-Анх удаагаа олимп үзсэн гэлүү. Дараагийн олимпийг үзье гэсэн хүсэл мөрөөдөл байгаа байлгүй дээ?
 
-Тийм. Анх удаагаа үзсэн. Олимп гэдэг үнэхээр гайхалтай. Дэлхий дахины бүхий л хүмүүсийг нэг дор харж болохоор гайхалтай орчин юмаа. Бөөрхий бөмбөрцөгийн хүн төрлөхтөнг алган дээрээ тавьсан мэт харж, ойроос уур амьсгалыг мэдэрнэ гэдэг үнэхээр гайхалтай. Мэдээж ажил, цаг заваа зохицуулж байгаа 2020 оны Токиогийн олимпийг үзэх хүсэлтэй байгаа шүү. 2022 оны өвлийн олимп Бээжинд болно. Тэгэхээр эдгээр олимпууд хол биш Монголыг тойроод болж байгаа учраас боломжийг алдаж боломгүй санагдаад байгаа юмдаа. Хувь хүнийхээ хувьд ч үеийн үедээ ач зээ нартаа “Өвөө нь олимпод оролцож үзэж явлаа” гэж ярих нь сайхан хэрэг бахархал биз дээ.
 
-Өөрөө ямар мэргэжилтэй вэ. Одоо ямар ажил хийдэг вэ?
 
-Санхүүгийн мэргэжилтэй. Одоо бол гадны UCI гэсэн гадны компанид ажиллаж байна. Мөн GET англи хэлний сургалтын төвд гэрээт багшаар ажилладаг. Найзуудтайгаа нийлж сайн дурын төрийн бус байгууллага үүсгэн байгуулаад явж байна. Энэ төрийн бус байгууллагаараа дамжуулан хүүхдийн боловсрлыг дэмжих төслийг зохион байгуулж хэрэгжүүлж байна. Ялангуяа боловсрол их чухал юмаа гэдгийг бид олоод харчихсан. Тиймээс залуучуудтайгаа, эргэн тойрныхонтойгоо нийлж ТББ байгуулсан ажиллаж байна. Одоо хэрэгжүүлж байгаа төсөл маань нэг давхар компьютер лобартори болон номын сангийн барилгыг Швейцарийн хөрөнгө оруулалтайгаар Хүүхдийн асрамжийн газартай хамтран барьж байгаа. Сурсан мэдсэн зүйлээ газар дээрээ хэрэгжүүлж, түүгээр дамжуулж дараагийн дэвшлийг гаргах нь их чухал юмаа.
 
-Сүүлийн үед энэ нийгэмд ажилгүй залуус ихэсчээ. Залуу, хөдөлмөрч хүний хувьд хандаж залууст юу гэж хэлэх вэ?
 
-Аливаа зүйлд гарц байдаг юмаа. Нийгмээс шахагдаад хийх ажил олдохгүй байна. Төгссөн мэргэжлээрээ ажиллах боломж алга гэж байгаа залууст хандаж хэлэхэд заавал баригдсан зүйлээр юмыг харж, дүгнэж болохгүй ээ. Хийе гэсэн хүнд арга олдоно, хийхгүй гэсэн хүнд шалтаг л олддог. Хүсэл байвал заавал гарч олдоно. Ямар нэг зүйлийг хийе, бүтээе, өөрийнхөө үнэ цэнээ бүтээе гэвэл залуу хүн бүрт ажиллах боломж, гарц гаргалгаа хаа сайгүй байгаа шүү. Миний хувьд үеийн залуусаа харж суралцдаг. Тэд маань их чөлөө завгүй, олон төрлийн ажлыг нэг дор зохицуулж хийж чаддаг гайхалтай лидерүүд байдаг. 






О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2018-05-08 12:39:04
    Амжилт хүсье!
    188.168.155.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Oyuka 2018-05-07 06:41:44
    ih saihan yariltslaga baina. ajliin amjilt husie
    112.72.14.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрхэс 2018-05-07 05:12:46
    Мундаг байна шүү. Их өргөн өнцөгөөр харсан байна аа.
    27.123.214.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Сараа  2018-05-07 04:09:29
    Мундаг залуу шүү....
    66.181.160.47
    Мэдэгдсэн Хариулах