Сэтгүүлчид эрх чөлөөгөө эдэлж, АТГ-ын даргын нэрийг өргөн мэдүүлсэн долоо хоног
Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож өнгөрөв. Энэ өдрийг угтсан олон арга хэмжээг МСНЭ-ээс зохион байгуулсан юм. Хамгийн анхаарал татсан нэг сэдэв нь сэтгүүлчдэд зориулсан ордон барих асуудлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас шийдвэрлэж өглөө.

Түүнээс гадна бас нэг анхаарал татсан сэдэв бол АТГ-ын дарга, дэд дарга хоёрын нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д өргөн мэдүүлсэн долоо хоног байв.

Сэтгүүлчдийн ордон барих асуудлыг шийдвэрлэлээ

Үндэсний сэтгүүл зүйн 105 жил, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр дуулгасан нэг таатай мэдээ бол сэтгүүлчдийн ордон барих асуудлыг шийдвэрлэсэн үйл явдал байлаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн зүгээс “Сэтгүүлч ордон" барих газар олгож өгөхийг  хотын удирдлагаас хүссэн. Тус ордон барих газрын асуудлыг шийдвэрлэсэн тул энэ хавартаа бүтээн байгуулалтаа эхлүүлж,  ирэх жил гэхэд  Улаанбаатар хотод  сэтгүүлчээр овоглосон сайхан ордон сүндэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Хотын дарга С.Батболд хэлсэн билээ. 

АТГ-ын удирдлагуудын нэрийг УИХ-д өргөн мэдүүлэв

Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ард түмнээсээ асуулт асуусан долоо хоног өнгөрөв. Тухайлбал, АТГ-ын дарга болон дэд даргад хэнийг өрсөлдүүлж болох талаар ард түмнээсээ асууж санал асуулга явууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргад иргэдийн нэр дэвшүүлсэн хүмүүсээс хуулийн шаардлага хангасан Д.Даваа-Очирыг АТГ-ын даргаар, Ж.Батсайханыг дэд даргаар тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн билээ. Хоёр нэр дэвшигчийг холбогдох хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байгаа юм.

Холбогдох хуулиндаа,  

-Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй,
-Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” зэрэг шаардлагуудыг тавьсан байгаа юм.
 
АН-ынхан Засгийн газрыг унагахад бэлэн байгаагаа мэдэгдлээ

 
УИХ дахь АН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт хоёр асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл нэртэй мэдэгдэл хийв. Тодруулбал, нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудлаар Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболдод албан тоот хүргүүлэхээр болсон. Мөн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг Засгийн газраас шаардаж буйгаа мэдэгдлээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн долоо хоногт нэр бүхий 9 сэтгүүлчийг тагнаж, чагнасан тухай асуудал сөхөгдсөн. Дээрх асуудал нь хувь хүний нууц болон тагнах, чагнах гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй тул Тусгай хяналтын дэд хороог нэн яаралтай хуралдуулж уг асуудлыг хэлэлцүүлэх шаардлагатай” хэмээн үзэж албан тоот хүргүүлсэн” гэлээ. Тэрбээр цааш ярихдаа, "Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дахин шаардлага хүргүүлж байна. Бид өнгөрсөн 7 хоногийн даваа гаригт Засгийн газрын нэр бүхий хоёр гишүүнийг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Үүнээс хойшхи нөхцөл байдлыг харахад Сангийн сайд Төсвийн хуулийн 6.2.5 дахь заалтыг дахин зөрчиж УИХ-ын чуулганаар Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцүүллээ. Тэрбээр төсөвт тодотгол хийх тухай асуудлыг үгүйсгэж байна. Тиймээс 2018 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэн яаралтай буюу 5 дугаар сарын 14-ны дотор өргөн барихыг шаардаж байна. Хэрвээ хоёр сайдын асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол Засгийн газрыг огцруулахад бэлэн байгаа шүү” хэмээн эрх баригч намынхнаа айлгаад авна билээ.

Төрийн захирамжийг хүлээж аваагүй Б.Дайчинхүүгийн барилгыг буулгав

Төрийн захирамжанд захирагдаагүй, төрийн ажлыг үл хүндэтгэсэн иргэн Б.Дайчинхүүгийн хууль бусаар барьж байгаа барилгыг цагдаагийн хамгаалалтад хүчээр буулгаж эхэлсэн нь яах аргагүй анхаарал татсан үйл явдал байлаа. Олон удаа шаардлага захирамж хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл БОАЖЯ-ны сайдын захирамжийг биелүүлээгүй учир аргагүй эрхэнд хүч хэрэглэж, цагдаагийн хамгаалалтад хүчээр буулгаж байгаа юм. Харин энэ шийдвэрийг эсэргүүцсэн иргэн Б.Дайчинхүү хэвлэлийн хурал хийж, хууль бус газрын наймаа болон эрх баригч олигархиудын хууль бус үйлдлийг олон нийтэд дэлгэхээ мэдэгдсэн билээ.

Цэрэг татлага эхэллээ

Цэргийн жинхэнэ албаны 2018 оны I ээлжийн татлага нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд эхлээд байна. Цэрэг татлага энэ сарын 06-ныг хүртэл Баянгол 96, Баянзүрх 53, Сүхбаатар 31, Сонгинохайрхан 83, Хан-Уул 34, Чингэлтэй дүүргийн 24, Багануур дүүргийн Гүн галуутай сургуулийн байранд тус тус зохион байгуулагдана. Иймд цэргийн алба хаагаагүй 18-25 насны иргэд заасан хугацаанд харьяа дүүргийнхээ “Цэрэг татлагын байр”-нд очиж иргэний цэргийн үүргээ биелүүлж, цэрэг татлагад орохыг сануулж байна.

Иргэн та цэрэг татлагад хамрагдсанаар,

-Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлнэ.
-Эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт үнэ төлбөргүй хамрагдана. /эрүүл мэнддээ дүгнэлт гаргуулна/
-Цэргийн жинхэнэ албанд татагдаж, төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангана.
-Зарим төрлийн төрийн үйлчилгээг авна.

О.Сайхан
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-05-07 01:39:55
    Монголын сэтгүүлчдэд итгэх итгэл АЛДАРСАН.
    202.21.96.156
    Мэдэгдсэн Хариулах