“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага” өдөрлөгт Хөгжлийн банк оролцов

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгийг өчигдөр /05.03/ Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Тус өдөрлөг нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого, Төрийн өмчийн ашиглалт, хяналтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагыг ард иргэдэд сурталчлах, харилцан туршлага солилцох, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллах нөхцөлийг өргөжүүлэх зорилготой юм.  

Мөн төрийн өмчийн удирдлага, зохион байгуулалт болон төрийн өмчийн хууль эрх зүйн орчинд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, тэдгээрийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч, ТУЗ-ийн хараат бус гишүүдэд сургалт, семинар зохион байгууллаа.

Монгол Улсын Хөгжлийн банк Монгол улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгынхоо хүрээнд 2017 онд эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажилласан бөгөөд Гангийн үйлдвэрийн төсөл, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг эко тулгат төхөөрөмж ашиглан бууруулах төсөл, Хорголжин төмөр үйлдвэрлэх төсөл, Байшин үйлдвэрлэх комбинат-1 төсөл, Малын гаралтай органик протейны үйлдвэр төсөл, Эрчим хүчний хэмнэлттэй халаагуур үйлдвэрлэх төслүүдтэй хамтран оролцож, төслийн талаар иргэдэд танилцууллаа. 
 


Монгол улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа болон танилцуулж буй үйлчилгээ, төсөл хөтөлбөрүүдийн талаар  банкны Санхүүжилт болон зээлийн тайлагналын хэлтсийн захирал Л.Мягмаржаваас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн өдөрлөгт танай банкнаас ямар үйлчилгээг иргэдэд танилцуулж байна вэ?

-Өнөөдрийн “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг  өргөн хүрээнд зохион байгуулагдаж байна. Хөгжлийн банкнаас  энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж буй зарим нэг төслүүдийн талаар мэдээлэл өгч ажиллаж байна. Тухайлбал, Хөгжлийн  банк өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн чиглэлд барилгын хэд хэдэн төслүүдийг санхүүжүүлсэн.

Мөн манай банкны зүгээс тус өдөрлөгт өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж байна. 2017 онд Монгол улсын Хөгжлийн банк хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд нэлээд доривтой ажлууд хийсэн. Ялангуяа Хөгжлийн банкны тухай шинэ хууль 2017 оны 2 дугаар сарын 10-нд батлагдаж,  дөрөвдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд нийцүүлэн үйл ажиллагааны бодлого, журмуудаа шинэчлэх, эрх зүйн шинэчлэлт хийсэн он  байлаа.

Банкны хувьд эх үүсвэрийн эргэн төлөлттэй холбоотой хүндрэл тулгарсан боловч бид үүнийг шийдвэрлэж 780 гаруй сая ам.долларын эх үүсвэрийг цаг тухайд нь хийж гүйцэтгэсэн.

-Монгол улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт ямар байгаа вэ?

-Зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байгаа. 2017 онд 1.0 их наяд төгрөгийн зээл, зээлийн хүү төлүүлсэн. Энэ оны эхний улирлын байдлаар 300 орчим тэрбум төгрөгийг төлүүлээд байна.

Мөн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 3.1 их наяд төгрөгийн зээлийн багцыг Засгийн газарт шилжүүлсний дараа ч гэсэн Хөгжлийн банк активын хэмжээгээрээ банк санхүүгийн салбарын дунд хамгийн том лидер байгууллага гэж хэлж болохоор байна.

-Гэр хорооллын  дахин төлөвлөлтөөр ямар төслүүдэд зээл олгосон бэ?

-Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй утаа, агаарын бохирдлыг шийдвэрлэх асуудлын хүрээнд  “Новет” компани, “Эко тулгат”, “Бэст энержи сэйвинг” ХХК зэрэг  цахилгаан халагуур, гэр хороололын бохирын асуудал, халаалтын төслүүдэд санхүүжилт олгосон. Энэ санхүүжилт манай банкнаас олгосон нийт зээлийн хэмжээнээс бага боловч агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр дэмжлэг болж байна.

-2018 онд ямар төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт олгох вэ?

-2018 онд хэд хэдэн томоохон төслүүдийг судлан  санхүүжилт олгохоор ажиллаж байна.  Газрын тосны үйлдвэр, Эмээлтийн хөнгөн аж үйлдвэрийн парк, эрчим хүчний хамгийн том систем болж байгаа ТЭЦ-4 цахилгаан станцын өргөтгөлийн асуудал яригдаж байна. Өнөөдрийн байдлаар Засгийн газраас баталсан норм хөтөлбөрийн хүрээнд эргэлтийн  хөрөнгийн санхүүжилтийн зээлийг судлан олгож эхэлж байна.

2017 оны ТОР -100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан.

-Өнгөрсөн хугацаанд 2017 онд хийсэн ажил, тэр дотроо банкны нийгмийн хариуцлага, төлсөн татварын чиглэлээр хийсэн ажлуудыг МҮХАҮТ-ээс “ТOP-100” ААН-ийн нэгээр шалгаруулсан манай хамт олны зүгээс баяртай байна.

-Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй цахим систем хичнээн хэрэглэгчтэй болсон вэ?

-Хөгжлийн банк  зээл, санхүүжилтийн хүсэлтийг онлайнаар  хүлээн авах цахим системийг нэвтрүүлсэн. Одоогоор энэ систем ашиглалтад орсноос хойш 185 хэрэглэгчтэй болоод байна. Харин энэ 185 хэрэглэгч бүгдээрээ манайд санхүүжилтийн хүсэлт ирүүлсэн гэж ойлгож болохгүй зөвхөн тус системд бүртгүүлэн нэвтрэх нэр, нууц үгээ авсан аж ахуйн нэгжүүд юм.

Энэ системийн давуу тал нь харилцагч урьдчилан хэрэгжүүлэх гэж байгаа төслийн талаарх материалаа бидэнд илгээж, түүний дагуу банкнаас хуулийн шаардлагад  нийцэж байгаа эсэхийг шалгаад боломжтой бол цааш үргэлжүүлэн материалаа бүрдүүлэх боломжтой болно. Өмнө нь их хэмжээний материал бэлдэж банканд өгч цаг хугацаа алдаж, эцэст нь болохгүй гэсэн хариу сонсдог байсан бол одоо урьдчилан тухайн төсөл Хөгжлийн банкны хуулийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгуулаад дараа нь материалаа бүрдүүлэх, нөгөө талаас хөгжлийн банкинд яаж хандах вэ таньдаг хүн байна уу гэх асуудал гаргахгүйгээр иргэн, аж ахуйн нэгж шууд цахимаар хүсэлтээ илгээх боломжтой болж байна.
 





Өдөрлөгийн үеэр хөгжлийн банкнаас санхүүжилт авсан  “Бэст энержи сэйвинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Даваа “Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр агаарын бохирдол, хөрсний бохирдлыг арилгах төсөл хэрэгжүүлж байна.  Энэ бол цэвэр үндэсний үйлдвэр. Манай компани 2009 онд байгуулагдан, 2015 оны 8 дугаар сараас албан ёсны борлуулалтын цэг нээж хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэж ажиллаж байна. Бид одоогоор 200 гаруй айл өрх, албан байгууллага, үйлдвэрүүдийн халаалтын системийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгээд байна.

Мөн байгальд ээлтэй халаагуурыг шинээр зохион бүтээхээр шаргуу ажиллаж, хамгийн хүнд нөхцөл болох дулааны алдагдалтай монгол гэр, мөн олон давхар орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний барилгыг 50-ээс дээш хувийн цахилгаан эрчим хүчний хэмнэлттэйгээр халаах боломжтой болоод байна”  гэлээ.

Бусдад түгээх
  • gplus