Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт барьсан хүчнийхний бэлэг

Нэлээн бэлгэгүй үгсийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан бичиж байгаа нь харамсалтай. Юуны өмнө манай улсад энэ өдрийг хэрхэн тэмдэглэж ирсэн бэ гэдгийг сонирхлоо. Ойрын хэдэн жилд энэ өдрөөр сэтгуүлчдийн байгууллагын тэргүүн, аль эсхүл ЮНЕСКО-гийн тэргүүн Ирина Боковагийн илгээлт үгс гэх мэт албаны мэдэгдлүүд хэдэн сайт, сониноор өдөр нь гараад, орой нь хэдэн нөхөд энд тэнд энгэрээ цоолж, цоолуулж шилэн жүнз жингэнүүлээд, хундага тулгаад л өнгөрдөг аж.

Гэтэл манай орны хэвлэлийн эрх чөлөөний индекс буюу рөйтинг нь сүүлийн дөрвөн жилд унасаар, ухарсаар байгааг сэтгүүлчид бид өөрсдөө мэддэг ч мэддэггүй юм шиг, түгшүүр зарлалгүй тэгсгээд л өнгөрдөг аж. Тухайлбал дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний байдлыг үнэлж цэгнэн рейтинг тогтоодог “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас манай улсыг 2017 онд 69-т жагсааж байсан бол энэ жил 71 болгож ухраажээ.

Арай өргөн хүрээнд харвал 2013 онд 98 дугаарт жагсаж байгаад 2014 онд 88, 2015 онд 54 болж урагшилсан байх юм. Улмаар 2016 онд зургаан байраар ухарч 60-д, сүүлийн хоёр жилд дээр дурдсанчлан зогсолтгүй ухарчээ. Нэг юм хэлээд байна аа даа.

2016 оны сонгуулиас хойш энэ индекс Монголын хувьд ухарсаар байгаа аж.

Харин одооных шиг сэтгүүлчдээ тагнаж чагнаад, машин тэрэг рүү нь буудаад эхлэхээр лав ойрын хэдэн жилдээ урагшлахгүй нь ч тодорхой боллоо.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт бэлэг болгон улстөрчид, хүчнийхний дэглэсэн жүжгийг эргэн нэг сонирхоё.

Ц.Нямдорж сайдын даалгавраар сэтгүүлчдийг тагнасан гэх мэдээлэл цацагдаж, энэ асуудлын хүрээнд эзэн холбогдогчид нь тайлбар өгсөн. Тодруулбал, сайдын талаар мэдээлэл бэлтгэж байсан 9 сэтгүүлч, түүний ар гэрийн 30 хүний мэдээллийг Ц.Нямдорж өөрөө Эрүүгийн цагдаагийн алба (ЭЦА)-ны удирдлагуудад үүрэг өгсний дагуу хууль бусаар олж авч, тагнасан, үүгээр зогсохгүй машин руу нь буудаж сүрдүүлсзн гээд байгаа. Үүнийг мэдээж хэрэг Хуульзүйн сайд үгүйсгэсэн, чингэхдээ “Та нар намайг тагнадаг болохоос би сэтгүүлчдийг тагнаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй. Ер нь ‘Эрдэнэт' үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг гаргаж тавьснаас хойш, намайг гүтгэх, айлган сүрдүүлэх явдал хэрээс хэтэрлээ. Эх захгүй явж байна” хэмээсэн юм.

Харин Прокуророос энэ асуудалд албан ёсны тайлбар өгөхдөө “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын газзрт ирүүлсэн. Прокурорын газраас энз хэргийг хянаж байна. Хэргийг хянаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн.

Эндээс харахад ямартай ч сэтгүүлчдийг тагнаж, чагнасан нь үнэн бололтой, тийм учраас хэрэг үүсгэх эсэхийг Прокурорынхон шийдэх гэж байна. Гэхдээ л Цагдаа, Тагнуул, АТГ гээд улс төрийн байгуулал, нам дагаад хууль хүчнийхэн нь талцчихсан Монгол шиг газарт ийм жүжигт итгэхэд тун бэрх. Тэгээд ч Хуульзүйн сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулчихдаг бөх зүрхтэй гэхээс улстөрд гүнзгий хутгалдсан гэж хэлж болох хуулийнхан одоо ч байсаар байгаа нь нууц биш. Тиймзэс Ц.Нямдорж сайд ч зовлонгоо тоочсон байж болох. Байдал ийм байна. Цаашид хэрхэн өрнөх нь бүр ч сонирхолтой.

Эргээд хэвлэлийн эрх чөлөөний асуудалд оръё.

Бидний "халтарууд” гэж басамжилдаг өмнөд Азийн орнууд, тэр байтугай хар тивийн орнууд ч бултаараа энэ жагсаалтад манай урд байна. Эндээс ардчилал, хүний эрх гэж цээжээ дэлдэх ч хэрэггүй, дуугүйхэн мөрөөрөө гэлдрэх, үр хүүхдүүддээ сэтгүүлч хэмээх мэргэжлийг сонгож болохгүй шүү хэмээн захих хэрэгтэй  гэдгээ ухамсарлав.

Улс орны нэр хүндийг унагасан жагсаалтаас эртхнн нэрээ татаад авчихмаар юм шиг. Харин эсрэгээрээ иргэдээ үг хэлэлх эрхийг нь хааж боосон, хэвлэлийн эрх чөлөөг уландаа гишгэж, тагнаж чагнасан, амыг нь тагласан, амийг нь хороосон жагсаалтад Монгол Улс урамтай гэгч нь урдуур давхих даг аа.

Өглөөний сонин
Н.Эрдэнэ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.