Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэдрүүлэхийн тулд төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийг батлах ёстой
Засгийн газраас санаачлан Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Тус хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх уулзалт болж, ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, МУИС, Хууль сахиулахын дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараас дараах тодруулгыг авлаа.

-Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хууль боловсруулах үндэслэл нь юу байна гэж та харж байна?

-Төрийн тусгай алба, төрийн захиргааны алба, төрийн улс төрийн алба гэхчлэн бүхий л шатанд ёс зүй, сахилгын хариуцлага шаардлагатай байна. Том төсөл, хөтөлбөрүүд хэрэгждэггүй, хөдөлдөггүй, улс хөгжихгүй байгаа бүх шалтгаан сахилга, хариуцлагагүйгээс болж байна. Дээд шатанд нэг шийдвэр гаргадаг, дунд шатанд хэрэгждэггүй. Ёс зүй байхгүй, зарим нь намын нэр барьж ажил хийдүүлдэг тохиолдлууд ч гарч байна. Төрийн албыг төлөвшүүлэх ажил сахилга хариуцлага, ёс зүйгээс эхтэй учир энэ хуулийг боловсруулж батлуулах хүртэл анхаарч ажиллана.

-Засгийн газар 2018 оны Сахилга хариуцлагын жил болгосон?

-Мөнгө хөрөнгө шаардахгүй хийж болох ажил бол бүх шатанд хариуцлагыг чангатгах. Засгийн газар байгуулагдсан цагаасаа төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулж шударга, ёс зүйтэй, тогтвортой төрийн албыг бэхжүүлэх шинэчлэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тиймээс ч Засгийн газар 2018 оныг Сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан.

Манай улсын хөгжихгүй байгаа шалтгаан сахилга хариуцлагагүйгээс болж буй. Энэ хариуцлага шат шатанд алдагдсан учир эрх зүйн зохицуулалт шаардлагатай болжээ. Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хуулийн хүрээнд аваачих цаг нь ирсэн. Бид энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгээр Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийн үзэл баримтлалаа тогтлоо. Дараагийн хэлэлцүүлгээр хуулийн төслөө боловсруулан танилцуулах үүргийг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт үүрэг болгоод байна.

-Уг нь төрийн албаны ёс зүйн дүрэм гэж байдаг, хувь хүний ёс зүй, зан үйлийн уламжлал ч гэж бий. Ийм байхад заавал хууль гаргах шаардлага байна уу?

-Монголын зан зүйлийн эрх зүй бол Азидаа хоёрт орох гайхамшигтай тогтолцоо гэдгийг эрдэмтэд үнэлдэг. Хуулийн агуулгад төрт ёс болон зан үйлийн уламжлал, залгамж чанарыг хадгалахад анхаарна. Герман яагаад ёс зүйн шинэ хууль гаргасан гэхээр хоёр систем нэгдсэний дараа баруун, зүүн Германы ёс зүйн үнэт зүйлс болоод сахилга хариуцлагын зөрчлүүд гараад байхаар энэ бүгдийг хуульчлахаас аргагүй болж, 2001 онд хуульчилсан байх жишээтэй. Манай улсад ч гэсэн шинэ хэм хэмжээ тогтоох шаардлагатай байна. Төрийн албаны залгамж чанар, тогтвортой байдал алдагдаж байгаа нь ч үүнтэй холбоотой. Ийм учраас шинэ үеийн ёс зүйн хэм хэмжээ хэрэгтэй болсон. Төрийн албан хаагч иргэнд ардчиллын зарчмаар нээлттэй, ил тод, хүний эрхийг дээдэлж, хөгшин залуу баян хоосноор ялгаварлахгүй тэгш хандах, мэргэжлийн зөвлөгөө өгч чадаж байна уу гэдэгт шүүмжлэл дийлэнх байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, сахилга хариуцлагыг хуулийн хэмжээнд өргөхгүй бол төрийн албаны ёсзүйн дүрэм байдаг эсэхийг ч хүн тоохгүй болжээ. Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэдрүүлэхийн тулд хуульчлагдаж байж ёс зүйн хэмжээ шинэ шатанд гарч ирэх ёстой.

Төрийн албан хаагчид ажил багатай, фэйсбүүк, твитр ашиглаж ил, далд хаягаар ажлаа, даргаа шүүмжлээд сууж байдаг гэсэн шүүмжлэл ч их гарч байна. Цахим орчинд яаж ажиллах, хандах асуудлыг ч хуульд оруулах нь зүйтэй. Шударга ажилтны шалгалт гэж зарим улс оронд байдаг. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар, хяналтын байгууллагын төлөөлөгч энгийн жирийн иргэн болж төрийн албанд асуудлаа шийдүүлэх гэж очиход асуудлыг нь шийдэж өгч чадаж байна уу, зөв харилцаж байна уу, тендерт өрсөлдөхөд нь авилга авч байна уу гэдгийг шалгадаг тест хийдэг. Ийм ажиллагаа явуулах  жишгийг ч хууль дүрэмд тусгаж өгвөл төрийн албаны шинэчлэлд хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

-Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг УИХ-д хэзээ өргөн барихаар төлөвлөж байна?

-Хуулийн үзэл баримтлалаа тогтож, хууль боловсруулах ажил эхлээд байна. Энэ хаврын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-05-03 03:20:41
    УЛС ТӨРИИНХӨН ТӨРИИН АЛБАНЫХАН УЛС ТӨР САНХҮҮГИИН САХИЛГА БАТАА САЙЖРУУЛ ЭРС НИНЭЧЛЭЛ ХИИ. ДОРНОД ДОРНОГОВЬД АНХААРЛАА ТАВЬ ХИЛ ГААЛИИГ ГАДААДЫН ХАРЬЯАТ!!!!!...
    112.72.14.100
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-03 01:33:49
    Oron nutag, negjdee khurch ajillaj chadakhgui khuuli batlaad l tuuniig ni khurgan darga nar ni zorchood l ... Dornodiin darga nart ankhaarlaa khanduulaach!
    103.57.92.209
    Мэдэгдсэн Хариулах