Н.Цэрэнбат: Бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд 2.5 тэрбум төгрөг шаардлагатай

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуу аялал жуулчлал эрхлэх зориулалтаар эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, болон холбогдох албаны хүмүүс оролцов.
 


Яармагийн гүүрээс Баянзүрхийн гүүр чиглэл, Туул голын урд талын хэсэг нь Тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг, голын хойд талын барилгажсан хэсэг нь Нийслэлд хамаардаг. Энэ хүрээнд Яармагийн гүүрээс Хүрхрээгийн амны чиглэл, Туул голын эрэг дагуу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан ч зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий 28 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг БОАЖ-ын сайдын тушаалаар дуусгавар болгон шийдвэрлэсэн.
Нийслэлийн ард, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг сайжруулах үүднээс газар ашиглах эрх нь дуусгавар болсон тухайн байршлууд дээр автомашин болон дугуйн зогсоол, нийтийн бие засах газар, хог хаягдлын цэг, сүүдрэвч, отоглох цэг, тэмдэг тэмдэглэгээ, ногоон байгууламж бүхий аялал жуулчлалын нэгдсэн төлөвлөлт хийж хамтран ажиллах тухай албан бичгийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлэн хамтран ажиллаж байна гэдгийг салбарын сайд Н.Цэрэнбат мэдээлэлдээ онцоллоо.

Мөн дахин 20 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гарган Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр цуцлах мэдэгдэл хүргүүлсний дагуу БОАЖ-ын сайдын тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Газар ашиглах эрх нь цуцлагдсан байршлууд болон Маршлын гүүрээс Баянзүрхийн товчоо чиглэлд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран аялал жуулчлалын ерөнхий төлөвлөгөө боловсруулахад 300-500 сая төгрөг, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд 2.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан. БОАЖЯ-наас  Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар тэмдэглэлийг гаргуулж нийслэлийн Засаг даргатай хамтран Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 264 автомашины зогсоол, 60 дугуйн зогсоолын бүтээн байгуулалтын ажлыг 2017 онд хэрэгжүүлэн хүлээн авсан гэдгийг Н.Цэрэнбат сайд мэдээлэлдээ дурдав.
 

Мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуу аялал жуулчлал эрхлэх зориулалтаар эрх бүхий компаниудын хууль бус ажиллагааг таслах зогсоох ажлын явц, цаашид салбарын яамны зүгээс баримталж байгаа бодлогын талаар тодруулав.

Ажлын хэсгийн зүгээс, Богдхан Уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуух аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан 52 аж ахуй нэгж байгаагийн 48-ынх нь эрхийг БОАЖ-ын сайдын тушаалаар дуусгавар болгон цуцлаад байгаа. Одоогоор  таван иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлснээс шүүхийн маргаантай асуудал үүссэн байна. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан нийт 52 аж ахуйн нэгжийн 19 нь газрын төлбөр огт төлөөгүй, 25 нь дутуу төлсөн, бүрэн төлсөн дөрвөн аж ахуй нэгж байгаа хэмээн хариулсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЦЭРЭНБАТАД 2018-05-03 04:36:19
    2,5 ТЭРБУМ ... ГАНЦ САЯ ДОЛЛОР... КАРМААНААСАА ГАРГААД ХИЙЧЭЭЧ. .. ЧИ ЧИНЬ 30 ААД КОМПАНИТАЙ ХҮН БАЙНА ЛЭЭ ШД
    202.179.27.104
    Мэдэгдсэн Хариулах