Томчууд бидний хайхрамжгүй байдлаас болж хүүхэд хохирох ёсгүй
Амьдралын баяр баясал болсон үр хүүхэд минь төрсөн цагаасаа эхлэн эрүүл аюулгүй орчинд өсч торних эрх нь Үндсэн хуулиар олгогдсон байдаг. Тухайлбал, хүүхэд эсэн мэнд амьдрах эрхтэй, хүүхэд хөгжих эрхтэй,  хүүхэд хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхтэй. Гэвч бидний хүүхэд 18 нас хүртлээ энэ эрхээ эдэлж чадаж байна уу гэдэг нь бас эргэлзээтэй. Яагаад гэвэл эцэг эхчүүд, асран хамгаалагч нарын хайхрамжгүй буруутай үйлдлээс болж хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирох харамсалтай хэргүүд байнга гардаг. Хүүхэдтэй холбоотой хэрэг ер нь буурдаггүй гэх үзүүлэлт байдаг юм билээ.

Бид тоомжиргүй хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхдүүдээ өндрөөс нисгэж байна. Халуун хоол, буцалсан усанд түлэх, зун нь усанд урсгах, замын хөдөлгөөнд ганцааранг нь оролцуулж байгаад машинд мөргүүлж, шүргүүлэх, гэртээ ганцааранг нь орхисноос болж тэнэж алга болоод эцэстээ амиа алдах зэрэг харамсалтай хэргүүд гардаг. Ер нь алга болсон, амь эрсэдсэн хүүхдүүдийн ард дандаа асран хамгаалагч нарын буруу байдаг гэх. Энэ бол үнэн юм. Эцэг эхчүүдийн хувьд ажил амьдрал гэж явсаар байгаад хүүхэддээ тавих анхаарал, цаг бага байдаг.

Өсвөр насны хүүхдүүдээ хаана юу хийж явааг нь мэдэхгүйгээс болж ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурах, амиа алдах зэрэг харамсалтай хэргүүд гарсаар байна. Дандаа л томчууд бидний хайхрамжгүй, хараа хяналтгүй байдлаас болж хүүхдүүд хохирсон байх жишээний. Ингээд хүүхэдтэй холбоотой харамсалтай хэргүүдийн талаар хэд хэдэн баримт хүргэж байна.
 
Өдөрт 5-8 хүүхэд зам тээврийн осолд өртдөг
 
ХЗДХЯ, ЦЕГ, ЗЦА, НЭМҮТ зэрэг байгууллагууд хамтран хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, эцэг, эх, асран хамгаалагч, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Бяцхан зорчигч” эрчимжүүлсэн аяныг өчигдрөөс эхлэн зохион байгуулж эхэллээ. Энэ аян бүтэн нэг сарын хугацаатай үргэлжлэх юм байна.

Замын цагдаагаас ирж байгаа хоногийн мэдээллийг харахад бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртсөн хэргийн тоо олон байдаг. Өдөрт дунджаар 5-8 хүүхэд зам тээврийн осолд өртдөг байна. Тэдний олонх нь ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байхдаа, эсвэл гарцгүй газраар гүйж гарч байхдаа машинд мөргүүлсэн байх жишээний. Тиймээс асран хамгаалагч, эцэг эхчүүд нь бага насны хүүхдээ сургуульд нь байнга хүргэж өгч, авдаг байх. Мөн ногоон гэрэл, цагаан шугамаар гарч байхыг сайн зааж, замын хөдөлгөөний аюулгүй дүрмийг хүүхдүүддээ сайтар ойлгуулахыг эцэг эхчүүдээс хүсмээр байна.
 
Он гарсаар хоёр хүүхэд өндөр тагтнаас унаж амиа алдлаа
 
Бага насны хүүхэд байрны тагтнаас унаж амиа алдсан хэргүүд олон бий. Сая гэхэд ойрхон хугацаатай хоёр хүүхэд онгорхой цонхтой тагтнаас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарав. Тухайлбал, өнгөрсөн сард 12 давхраас гурван настай хүү унасан бол өчигдөр мөн байрны 5 давхраас хоёр настай хүү унаж амиа алджээ. Ийм хэрэгт хүүхдүүдийн буруу гэж ерөөсөө байхгүй. Цонхоо онгорхой орхисон эцэг эхчүүд, асран хамгаалагч нарын 100 хувь буруу. Тиймээс бага насны хүүхэдттэй л бол цонхоо үргэлж хаах, хүүхдээ байнга харж, хамгаалж байхыг албаныхан анхааруулсаар байна.
 
Бага насны хүүхдүүдээ түлж, эсвэл усанд живүүлж “алдаг”
 
Өвлийн улиралд бага насны хүүхдийн түлэнхий их байдаг. Яагаад гэвэл халуун хоол, цайнд түлэгдсэн хүүхдүүд ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийг дүүргэдэг гэж хэлж болно. Мөн урин дулаан цагт ч түлэнхийн ачаалал нэмэгддэг талаар тус төвийн эмчлэгч эмч ярьж байсан. Яагаад гэвэл зуны улиралд хичээл, цэцэрлэг амарсан үед эцэг эхчүүд хүүхдүүдээ зөнд нь орхидог байна. Гэртээ үлдсэн хүүхдүүд цай, халуун буцалсан усанд түлэгдэх, мөн ил цахилгааны утсаар тоглож байгаад түлэгдсэн гэх дуудлага их ирдэг аж.

Энэ он гарсаар 0-3 насны дөрвөн хүүхэд түлэнхийн шархаа даалгүй нас барсан харамсалтай тоо байна.

Түүнчлэн урин дулаан цагт гол ус бараадаж амарч зугаалж яваад хүүхдээ усанд живүүлэх тохиолдол ч их гардаг юм. Бас л нөгөө хараа хяналтгүй орхисноос болж үүдсэн харамсалтай хэрэг.
 
Алга болсон хүүхдүүдийн ард асран хамгаалагч нар буруутай
 
Нийслэлд ч орон нутагт ч байсхийгээд бага насны хүүхэд алга боллоо гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирдэг. Үнэндээ бол алга болсон хүүхдүүдийн ард асран хамгаалагч нар буруутай. Гэр бүлийн нөхцөл байдлаас юмуу, эсвэл ээж аавын дарамт шахалт, найз нөхдийн буруу үйлдэлд хүүхдүүд уруу татагддаг байх нь. Гэхдээ хэд хэдэн харамсалтай хэрэг гарсан. Өнгөрсөн онд Дорноговийн Замын-Үүд суманд хоёрдугаар ангийн охин алга болоод өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Тухайн үед ээж аав нь хөдөө явсан байсан. Охин гэртээ ганцаараа байсан бөгөөд хичээлдээ яваад ор сураггүй алга болсон юм. Хэрвээ ээж аав нь эгч нь гэртээ байгаад тэдний нэг нь хичээлд нь хүргэж өгсөн бол охин хэзээ ч алга болохгүй байх байсан болов уу гэж боддог юм. Өнгөрсөн сард аутизмтай хүү алга болоод хагас сарын дараа цогцсыг нь Төв аймгийн нутгаас олов. Энд бас л ээжийнх нь буруу гэж үзээд байгаа. Тухайн үед уурлаж бухимдалтай байсан хүүгээ гэрээсээ зүгээр гаргаад явуулж л байдаг. Хүүтэйгээ сайн ярилцаад ойлголцоод хажуудаа байлгаж байсан бол өнөөдөр харуусаад суухгүй байх байсан болов уу. Мөн Багануур дүүрэгт 3-5 насны гурван хүү гэртээ харгалзах хүнгүй тоглож байгаад гэрээсээ холдож, улмаар төөрч цасан шуурганд хоёр нь осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Бас л ээж аав нь эзгүй байсан гээд байгаа. Яах гэж учир мэдэхгүй нялх хүүхдүүдээ удаан хугацаагаар орхиж хаяж явсан юм бол. Шаардлагатай ажил байлаа ч бага насны хүүхдүүдээ хэн хүнгүй хаяж орхиж болохгүй шүү дээ. Энэ бүхнээс харахад бидний буруу болж байгаа нь илт.
 
Төрүүлсэн үрээ төөрүүлж хаядаг муухай зан
 
Арван сар тээж төрүүлчихээд адаг сүүлд нь хэрэггүй мэт үзэж төрсөн үрээ төөрүүлж золбин нохой мэт дорд үздэг муухай зантай монгол эмэгтэйчүүд яасан олон болсон юм бэ. Тэднийг ямар эх гэх вэ. Ийм хүмүүстэй хатуу хариуцлага тооцож насаар нь эх байх эрхийг нь хасвал таарна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд нэг сар 20 хоногтой хүүгээ төрсөн эцэгт нь өгнө гэж гэрээсээ авч гараад хүнсний дэлгүүрт хаяж явсан муухай хэрэг Баянзүрх дүүрэгт гарав.

Өнгөрсөн хугацаанд гарсан хүүхдээ төөрүүлж, амийг нь егүүтгэж хаях гэсэн өчнөөн хэргээс жишээ татахад, төрсөн ихэр нярайгаа усанд живүүлж алахыг завдав. Мөн дутуу төрсөн хүүгээ тариурын зүүгээр шивж алахыг завдсан хэрэг Баянхонгор аймагт гарсан. Хайртай залуутайгаа хамт амьдрахын тулд охин үрээ Бөмбөгөр худалдааны төвд олны дунд төөрүүлж хаясан хэрэг гарсныг санаж байгаа байх. Түүнчлэн Сүхбаатар дүүрэгт охиноо орцонд хаясан эмэгтэйг олж илрүүлэв. Харамсалтай нь хаягдсан гологдсон охин хатгаа өвчний улмаас нас барж байсан гэх мэт өр өвтгөж, зүрх зүсэгдмээр өчнөөн хэргүүд гарч байсан юм.
 
Цэцэг цэврүү шиг охидууд хойд эцэгтээ их хүчиндүүлж байна
 
Шүүхийн тайлангаас харж байхад бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэх хэргийн шийдвэрлэлт олон харагддаг. Олон нийтэд ил гарсан нь хэдийг нь нийт даяар жигшиж зэвүүцэж байгаач үүний цаана мэдэгдээгүй өчнөөн хэрэг бий. Ой 8 сартай охиныг, 4 настай охиныг хүчирхийлсэн хэрэг олон нийтийг цочирдуулсан. Бүр бага насны хүүг ч хүчирхийлсэн бузар хэрэг гарсан талаар мэдээлж байсан юм.

Ийм төрлийн гэмт хэргийг ихэвчлэн согтуу үедээ хойд эцэг хүчирхийлсэн байдаг. Мөн төрсөн эцэг нь хүчирхийлсэн нь цөөнгүй бий. Эхнэрээ байхгүй хойгуур нь чихэр жимсээр хуурч, мөнгө төгрөг өгч байгаад бузар хэргээ хийсэн байдаг талаар Сонгинохайрхан дүүргийн шүүгч ярьж байсан удаатай. Түүнчлэн ураг төрлийн хүчингийн хэрэг их гардаг бөгөөд улирал дагаж хүчин их гардаг талаар тэрбээр онцолсон юм. Яагаад гэвэл урин дулаан цагт охид, хүүхнүүд нимгэн хувцсандаа орж, гаж донтнуудын хараанд их өртөж, хүчирхийлэлд автдаг байна. Тиймээс цэцэг цэврүү шиг охиддоо анхаарал тавих нь мөн л эцэг эхчүүд, асран хамгаалагч нарын ажил юм шүү гэдгийг сайн ойлгоорой.
 
Таван жилийн хугацаанд 13.400 хүүхэд хагас өнчирчээ
 
Айл гэр үүсгэж, аав ээж болно гэдэг амьдралын тоглоом биш. Сүүлийн үед гэр бүл салалт их байгаа талаар мэргэжлийн сэтгэл судлаачид болон албаныхан их онцолж байгаа. Хариуцлагаа ухамсарлаж, үүргээ мэдэхгүйгээс болж өнөөдөр гэр бүл салалтын хар гайгаар өчнөөн хүүхэд хагас өнчирч, эцгийн, эхийн хайрыг мэдэхгүй өсч байгаа нь харамсалтай хэрэг юм. Тухайлбал, сүүлийн таван жилд 18 мянга гаруй гэр бүл салж, 13.400 хүүхэд өнчирчээ. Салалтын шалтгаан нөхцөл нь амьдралын хэв маяг, нийгмийн байгаа байдал, ажилгүйдэл, архидалт, араар тавилт буюу хууралт гэх мэт шалтгаануудаас болж салдаг аж. Үнэхээр амьдарч чадахгүй, нийлж тохирч чадахгүй бол аав ээж болох гэж яарсаны хэрэг байхгүй. Хүүхэд гэдэг томчууд бидний тоглоом байх ёсгүй ээ.
 
Гэх мэтчилэн энэ бүх хэргүүдэд эцэг эхчүүд, асран хамгаалагч нар буруутай. Тэдний эсрэг гэмт хэргийг томчууд бид үйлддэг. Тиймээс бид амьдралын дүрмээ биелүүлж, хүүхдэдээ үлгэрлэж, ирээдүйгээ хамгаалъя. Бидний хайхрамжгүй байдлын золиос хэзээ ч хүүхэд байж болохгүй. 
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.