Оюутнууд хүүгүй, барьцаагүй сургалтын зээл авах боломжтой боллоо

Засгийн газрын тогтоолын дагуу хүүгүй, барьцаагүй “Оюутны хөгжлийн зээл”-ийг 2018 оны тавдугаар сарын 01-нээс олгож эхэллээ. Энэхүү зээл олгох ажлыг БСШУСЯ-ны харьяа Боловсролын зээлийн сан, Сангийн яамтай хамтран шуурхай хугацаанд амжилттай зохион байгууллаа.

Багшийн хөгжлийн ордны Боловсролын зээлийн сангийн хурлын танхимд болсон хүүгүй, барьцаагүй “Оюутны хөгжлийн зээл” олгох нээлтийн үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй албаныхан болон их, дээд сургуулиудын захирал, оюутан залуусын төлөөлөл оролцов.

Өчигдөр/05.01/ болсон нээлтийн үйл ажиллагааны үеэр АШУҮИС, ХААИС, МУИС, ШУТИС, Мандах, Идэр, Этүгэн зэрэг төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн зээлийн болзол хангасан оюутнуудад зээлийн батламжийг нь гардуулан өгсөн юм. Энэ үеэр “Оюутны хөгжлийн зээл”-тэй холбогдуулан албаны хүмүүс, багш, оюутан сурагчдийн сэтгэгдлийг асууж тодрууллаа. 
 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Дэлхийд өрсөлдөх чадварлаг залуус төрөн гарна

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оюутны сургалтын төлбөрийг хүүгүй, барьцаагүй, айл гэрт дарамтгүй, арилжааны банкаас үл хамаарсан болгож, хүүхдийн суралцах чин хүсэл эрмэлзэлд хөшүүрэг болохуйц зээл олгоно гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд Засгийн газрын 46 дугаар тогтоол гаргаж, БСШУСЯ-ны харьяа Боловсролын зээлийн сан, Сангийн яамтай хамтран маш хурдан шуурхай, сайн ажилласны үр дүнд хүүгүй, барьцаагүй, банкнаас үл хамаарах “Оюутны хөгжлийн зээл”-ийг олгож эхэллээ. Энэ бол оюутан, залуучуудын суралцах хүсэл эрмэлзлийг бодлогоор дэмжиж буй маш чухал шийдвэр байлаа. Оюутан залуучууд маань сайн суралцаж, мэргэжилтэй боловсон хүчин болж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах л үлдлээ. Дэлхийд өрсөлдөх чадвартай монгол залуус олон төрөөсэй гэж хүсэх байна. 
 

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн II дамжааны оюутан Н.Билгүүн: Ээжийнхээ мөнгийг үрэхгүй гээд зээл авсан 

-Би 1 дүгээр дамжааны сургалтын төлбөрөө ээжээсээ авч төлсөн. Цаашид ээжийнхээ мөнгийг үрэхгүй, өөрийн хүчээр сургуулиа төсгөнө гэж шийдээд “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах хүсэлтээ гаргасан. Манай сургуулийн нэг жилийн сургалтын төлбөр хоёр сая төгрөг байдаг. Анх сургуулийнхаа захиргаанаас зээлийн талаарх мэдээлэл авсан. Зээл авахыг хүссэн оюутны сурлагын голч дүн 2.8-аас дээш байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Минийх 3.05 учир шаардлагад нийцэж, өнөөдөр батламжаа гардан авсандаа баяртай байна. Ирээдүйд онц суралцаж, төгсөөд мэргэжлээрээ ажиллаж, зээлээ эргэн төлнө гэсэн бодолтой байна. 
 

АШУҮИС-ийн II дамжааны оюутан З.Энхтуяа: Төгсөх хүртлээ төлбөртөө санаа зовохгүй боллоо
 

-Би эхний курсийн сургалтын төлбөрөө таван хувийн хүүтэй богино хугацааны зээл авч төлсөн. Богино хугацааны энэхүү зээл нь манай гэр бүлд төлбөрийн багагүй дарамтыг авчирсан. Харин Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Оюутны хөгжлийн зээл” нь хүүгүй, барьцаагүй, хамтран зээлдэгч шаардахгүй гэдгээрээ бидэнд олон давуу тал, нөхцөл, боломж бололцоог нээж өгсөн үйл явдал байлаа. Оюутан залуус бидний хувьд төгсөх хүртлээ сургалтын төлбөрт санаа зовохгүйгээр суралцах боломжоор хангаж өгч байгаад туйлын талархаж байна. Мэдээж хэрэг сайн суралцаж төгсөөд, зургаан жилийн хугацаанд зээлээ эргэн төлнө. Хамгийн гол нь, зээлийн эргэн төлөлт нь сард 139 мянган төгрөг байна гэсэн тооцоо судалгаа гарсан нь бидэнд итгэл найдвар төрүүлж байна.
 

“Этүгэн” дээд сургуулийн захирал, академич С.Нямзагд: Оюутнууд хариуцлагатай болно


-Нэн ядуу, гурван хүүхэдтэй эсвэл төрийн албан хаагч нарын хүүхдүүдэд өгдөг улсын төсөвт суулгасан 90 тэрбум төгрөгийг зээл болгож, төсвийн нуруун дээрх том ачааг авчихлаа. Энэ бол боловсролын салбар өөрөө хөрөнгө оруулдаг бодлогын яам болж хувирах алхам боллоо. Төсвийн мөнгийг зээл болгож, улмаар шинэ загвар, шинэ хөгжүүлэлтийг энэхүү зээлээр хийж чадлаа. Миний бодлоор “Оюутны хөгжлийн зээл” нь  боловсролын салбарын хамгийн сайн бодлого болж чадсан. Энэ бол талархан хүлээж авах ёстой бодлого учир маш сайн дэмжих хэрэгтэй. Хүүгүй, барьцаагүйн дээр олон жилийн дараа төлнө гэдгээрээ үнэхээр сайн бодлого болсон гэдгийг дахин хэлэх нь зүйтэй.  Нөгөөтэйгүүр, ирээдүйн орлогод суурилж байгаа учраас оюутнууд маань маш хариуцлагатай байж, зөвхөн сурах үйл хэрэгтээ анхаарах хэрэгтэй.  Сургууль, оюутнуудад давуу тал бий болгосон энэ системд талархаж байна.

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар: 90 тэрбум төгрөгийн таван тэрбумыг нь л авч чаддаг байв

-Хүүгүй, барьцаагүй “Оюутны хөгжлийн зээл”-ийг олгож эхэлсэн нь Монголын 800 гаруй оюутанд ээлтэй шийдвэр байлаа.  Энэ жилийн улсын төсөвт 75 тэрбум төгрөг суулгаж, 33 мянга гаруй оюутанд зээл олгохоор болжээ. Салбарын сайд Ц.Цогзолмаа ирэх жил төсвийн хүрээний мэдэгдэлд оюутны зээлд 90 тэрбум төгрөг тусгах тухай саналыг оруулжээ. Энэ бол гагц оюутан бус, тухайн оюутны гэр бүлд томоохон нэмэр болж байна. Өнгөрсөн жилүүдэд төсөвт оюутны зээлд 90 тэрбум төгрөг суулгадаг байсан ч хуучин журмаараа банкаар дамжуулан, таван хувийн хүүтэй олгодог байсан нь оюутнууд хүндрэл учруулдаг байлаа. Тиймээс ч 90 тэрбум төгрөгийн ердөө таван тэрбумыг нь л оюутнууд авсан гэсэн статистик гарсан. Өнгөрсөн жилд МУИС-ийн 20 гаруй мянган оюутны 500 гаруйхан нь зээлд хамрагдаж чадсан. Тиймээс “Оюутны хөгжлийн зээл”-ийг олгосноор зээл авах оюутны тоо даруй дөрөв дахин нэмэгдэнэ гэж харж байна. 
 

Эх сурвалж: БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mrs Janany 2018-05-14 08:50:11
    Би хэдэн сарын өмнө ажилаа алдсан бөгөөд би нэрээ хэдэн зуун доллартай байсан. Би мөнгө олох арга замыг эрэлхийлж байсан бөгөөд энэ хуудсанд google-ээс татагдса...
    102.166.2.226
    Мэдэгдсэн Хариулах
  • түрээсийн боловсролоо 2018-05-02 06:40:15
    ямар гээчийн тэнэг урхи вэ чанаргүй боловсролоо бас ломбардланаа
    202.179.24.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-02 04:04:05
    Хүүтэй хүүгүй нь яахав хүн бүр дээд сургуульд ажилттай сурах сурах оюуны чадамж байхгүй босго оноогоо өндөрсгөөд сурхад нь зүгээр өг чадахгүйд нь бүү өг
    112.72.14.234
    Мэдэгдсэн Хариулах