“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд 2017 оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарсан төсөл, хөтөлбөрүүдийг гүйцэтгэсэн байгууллага, эздэд “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г гардууллаа.

Шагналыг төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг нягтлан судалж, сонгон шалгаруулалт хийсний дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог юм.

Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ээр шагнах тухай зарлиг гаргасан.

Зарлигт:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 255 дугаар зарлигийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, оюун санааны хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ийн 2017 оны шагналаар,

Агаар, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд иргэдийн орон сууцны хэрэгцээг хямд төсөр зардлаар хангах эдийн засгийн үр өгөөж бүхий, барилгын салбарын орчин үеийн шаардлагыг иж бүрэн хангасан, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, улирал харгалзахгүйгээр ажиллах боломжтой, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн, нийгэм, эдийн засаг, барилгын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц бүтээн байгуулалт – “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-I”-ийг,

Монголын дээд боловсролын төдийгүй номын сангийн салбарын нүүр царай болохуйц, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ, барилга байгууламж бүхий эрдэм шинжилгээ, сургалт судалгааны түшиц номын сан-мэдээллийн төв болгон, хөрөнгө  оруулалтын  дийлэнхийг их сургууль өөрийн нөөц бололцоогоор шийдэж, зураг төсөл, барилга байгууламж, засал шийдэл зэрэг бүхий л ажлыг үндэсний аж ахуйн нэгжүүд гүйцэтгэн бүтээн байгуулсан, монголчуудын оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн бүтээн байгуулалтыг,

Орон нутгийн иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, аймгийн төвийн сумын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор орон сууцжуулах, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд улсын хэмжээнд жишиг болохуйц бүтээн байгуулалт өрнүүлж буй Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтыг тус тус шагнасугай” гэжээ.


Зарлигийг уншиж сонсгосны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г гардуулж, үг хэлэв.
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Бүтээмж, чанарыг дээшлүүлэхийн төлөө идэвх, санаачилга гарган ажиллаж байгаа байгууллагад олгодог Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г Та бүхэнд гардууллаа. Бүтээмж, чанар бол Монгол мэт хөгжилд тэмүүлж байгаа үндэстнүүдийн хувьд цаг хугацааг товчлох, хөгжлийг амдах, нөөцийг хөгжлийн гарц болгон хувиргах чадвар олгох хэрэгсэл юм.

Өнөөдөр утаа, орон сууц, ажилгүйдэл гээд олон асуудал бий. Энэ олон асуудлыг шийдэхийн тулд “Эрэл” компани Байшин үйлдвэрлэх комбинат оруулж ирсэн. Богино хугацаанд иргэдийг хямд өртгөөр орон сууцжуулах төслийг амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрлэлээ нээсэн байна. Энэ бол өнөөдрийн тулгамдсан асуудлыг шийдэх маш том төсөл болсон.

Мөн МУИС-ийн номын сан дэлхийн жишигт нийцэхүйц бүтээн байгуулалт болж, өнөөдөр 100 мянга орчим уншигч цугладаг номын сан болсон байна. Их, дээд сургуулиуд МУИС-ийн номын сангийн жишгээр олон номын сан барьж, залууст оюуны хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсэж байна.

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтыг бид Өмнөговь аймгийн иргэдтэй уулзах үеэрээ очиж үзсэн. Монгол Улс том газар нутагтай. 21 аймгаа шинэчилж, төлөвлөх болсон. Шинээр бүтээн байгуулах болсон гэдгийг говийн энэ аймаг ажил хэрэг болгож Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтыг хийж чадсан байна. Монгол орны хөгжил, хот, аймгуудын хөгжилд нам харгалзахгүй байх ёстой. Хэн энэ ажлыг санаачилсан нь хамаагүй, ажил үргэлжлэх л ёстой. 21 аймаг, 330 сум шинээр төлөвлөгдөж, шинээр баригдах цаг хугацаа болсон гэж Та бүхэнд хэлмээр байна.

Амжилт хүсье. Баярлалаа” гэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ganaa 2018-05-01 08:08:08
    kirma negtei bhaa
    27.123.214.115
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-05-01 10:26:16
      Кирма бус карман, монголоор халаас. Ядаж зөв бичээ.
      103.14.36.6
      Мэдэгдсэн Хариулах