Сэлэнгийн хөгжлийн форум долоон тэрбумын хөрөнгө оруулалтыг татлаа

Сэлэнгэ аймгийн удирдлагын баг хөгжлийн бодлогоо хөрсөн дээр буулгах томоохон арга хэмжээг 21 аймгаас анхлан санаачиллаа. Орон нутгийн хөгжлийг хурдасгах зорилготой Хөрөнгө оруулалтын форумын үр дүн өдөртөө л гарч, нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц байсан нь онцлог байсныг энд тэмдэглэх ёстой. Чуулганы төгсгөлд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил аймаг орон нутгийг хөгжүүлэхэд бодит ажил хэрэг болохуйц гэрээг 14 хөрөнгө оруулагчтай баталгаажуулсан нь үүний илрэл юм.

Хот, хөдөөгүй өдөрт хэдэн арваараа болдог уулзалт, чуулгантай харьцуулахад салбар хуралдаан, илтгэгчидийн сэдэв санаа оновчтой, ажил хэрэгч хурал болж өндөрлөсөн гэдгийг мөнгөө халааслаад чуулганыг зорьж ирсэн томоохон бизнесмэн, төслөө сугавчлаад ирсэн иргэн аж, ахуйн нэгжийн төлөөлөл хэлж байлаа. Сэлэнгэ аймагт элэгтэй томоохон  бизнесмэнүүдэд шинийг эрэлхийлэгч, төсөл хэрэгжүүлэгчид харилцан ашигтай бизнес саналаа танилцуулсан юм.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа “Манай аймаг зам, дэд бүтэц хөгжсөн бизнес хөгжих шаардлагатай бүхий л суурь бүрдсэн стратегийн гол бүс нутаг. Бизнес эрхэлж болно. Харин байгаль дэлхийд ээлтэй, хууль журмын дагуу ажиллах ёстой” гэдгийг онцолж байв.

Хөрөнгө оруулагчдын чуулган Сэлэнгэ аймгийн хөрөнгө оруулалтын гарц”, “Эдийн засгийн төрөлжилт-Аялал жуулчлал”, “Шинэ технологи, инноваци-Хөдөө аж ахуй”, “Ухаалаг ирээдүй-Боловсрол, эрүүл мэнд” сэдэвт салбар хуралдаанд салбартаа манлайлагч 20 гаруй төлөөлөл илтгэл хэлэлцүүлсэн бол 300 гаруй зочид, төлөөлөгч чуулганыг сонирхон саатсан юм.

Аймаг орон нутагт хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдад ээлтэй эдийн засгийн салбарын хөгжлийн давуу тал нь газарзүйн байршил байдаг. Сэлэнгэ аймаг нь Монгол орны төвийн бүс, хойморьт ОХУ-тай хил залгаа байршиж, хилийн олон улсын боомт, авто болон төмөр замтай. Мөн дэд бүтэц хөгжсөн, байгалийн баялаг, үзэсгэлэнт газар нутагтай, үржил шимт хөрстэй зэрэг орон нутгийн хөгжилд түлхэц болохуйц өвөрмөц өгөгдлүүдтэй аймаг юм гэдгийг орон нутгийн удирдлагууд хөрөнгө оруулагчдад тайлбарлаж байлаа.

Хөрөнгө оруулагчдыг аймагтаа урьсан хөгжлийн форумын үеэр Үндэсний хөгжлийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Карьер хөгжлийн төв, аймгийн Эрүүл мэндийн газар зэрэг төр, хувийн хэвшлүүд гарц гаргалгаатай илтгэл тавьсан бол орон нутагт бизнес эрхлэх сонирхолтой хувь хүн, аж ахуй нэгжүүд цөөнгүй төсөл танилцуулсны дотор Сутайн хүүхдүүд компани “Сайхны хөтөл” жуулчны бааз байгуулах, Швейцарь улсын иргэн Паскал Гэйрч “Цанын олон улсын төв байгуулах” төслөө онцлов.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил “Аймгийнхаа хөгжлийн тулгуур болох хөдөө аж ахуйн салбарын хөгжилд анхаарал хандуулж, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, ложис­тик сүлжээг бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэг­дүүлэх, гадаад харилцааг эдийн засаг­жуулах, орон нутгийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, иргэдийн ахуй амьдралыг дээш­лүүлэх үндсэн бодлогын зорилтуудыг дэвшүүллээ.
 


 


14 БАЙГУУЛЛАГАТАЙ ДОЛООН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 
  • Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр– Дижитал буюу цахимжсан хэлбэрээр орон нутгийн цогц хөгжлийн түншлэлийн талуудын хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх зорилгоор 17 суманд цахим хурлын орчин үеийн төхөөрөмж суурилуулах, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, иргэдэд зориулсан сургалт
  • “Сөүл” групп–  Мандал суманд 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Аялал жуулчлалын цогцолбор байгуулна. 
  • “ММС” ХХК– Жавхлант суманд тэрбум төгрөгөөр нэгдсэн халаалтын төв, цэвэр усны шугам барих 
  • Швейцарь улсын иргэн Пасгал Гейртс – Сүхбаатар суманд цанын бааз байгуулна
  • “Монланс Тур” ХХК–  Жавхлант сумын Ерөө голын Ногоон тохойд “Жавхлант Эко тур” жуулчны бааз байгуулах 2.6 тэрбум
  • “Сэлэнгийн Герефорд” ХХК- Герефорд үүлдрийн 20 бухыг жил бүр нийлүүлнэ.
  • “Болд Төмөр Ерөө Гол”– Ерөө сумаас Бугант тосгон хүртэл 70 км хайрган хучилттай зам барих
  • “ТопКроп” ХХК- “Сэлэнгэ-Усжуулалт” төсөл 
  • “Карьер хөгжлийн төв”– Баялаг бүтээгч иргэнийг бэлтгэх
  • Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль-  Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, сургах
  • Буриад Улсын их сургууль-  Хүүхэд залуусыг  сургах
  • Сибирийн хэрэглээний хоршооллын их сургууль- Сургуулиудад  мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт 
  • Архивын ерөнхий газар– Төрийн архивын зориулалтын байртай болгох
  • Хууль зүйн туслалцааны төв- Сүхбаатар суманд иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны мэдээлэл, туслалцаа үзүүлэх, жишиг хууль зүйн туслалцааны төвийг байгуулж, техник тоног төхөөрөмжөөөр хангах.
 


Аймгийн хөрөнгө оруулалтын чуулганыг гадаад, дотоодын болон орон нутгийн иргэдийн түвшинд өргөн агуулгаар харж, аймгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй үйл ажиллагаа, санал санаачлага бүрийг дэмжиж ажиллана. Өрхийн аж ахуй эрхэлж хувийн бизнесээ авч яваа иргэн, мал сүргээ өсгөн бойжуулж байгаа малчин, газар тариалан, төмс хүнсний ногоо тариалагч иргэд ч аймагтаа өөрийн хөдөлмөрийн үр шимээр хөрөнгө оруулалт хийж байна гэж ойлгож байгаа. Иймд цаашид бид иргэн бүр хөрөнгө оруулагч байх зарчмыг баримталж ажиллана. Мөн хөрөнгө оруулалтыг бодит санхүүжилт, барилга, байшин, үйлдвэр, цех зэргээр хязгаарлахыг хүссэнгүй. Бидний бас нэг чухалчилж байгаа зүйл бол оюуны хөрөнгө оруу­лалтыг дэмжих асуудал. Сэлэнгэ аймгийн хүүхэд, залуус боловсролтой, төрийн албан хаагчид мэд­лэг, чадвартай, тамир­чид нь суралцаж, хөгжих бо­­ломжтой, иргэд нь нийгэм, эдийн засгийн мэдлэгтэй, бизнес эрхлэх чадвартай байх нь бидний хөгжлийн ирээдүйг харах бас нэгэн цонх мөн гэж тодор­хойлж байна” гэсэн юм.

Сэлэнгэ аймаг ОХУ, БНХАУ, ОХУ-ын Саха улс, Екатринбург муж, Япон, Турк улс, АНУ, Энэтхэг, Кувейт, Герман улсын элчин сайдын яамдууд, Германы олон улсын Хамтын ажиллагааны нийгэм­лэг, Койка, Жайка Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн Зөн зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Өнгөрсөн онд орон нутгийн хөрөнгө оруулалт 1.6 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 2.2 тэрбум, Замын сангийн хөрөнгө оруулалт 941.578.5 сая төгрөгийн ажлууд хийжээ.

Чуулганы үеэр Үндэсний хөгжлийн газрын Судалгаа шин­жилгээний албаны дарга А.Мөнхболд илтгэлдээ “Дэлхийн чиг хандлага бол хүн төвтэй нийгмийн бодлого. Эдийн засаг өсөөд байхад ядуурал буурахгүй байгаа нь бод­лого алдаатай байгаагийн шинж. Төр нэг цонхоор бизнестэй харьцдаг байх хэрэгтэй. Төр эрэлтийг бий болгож хувийн хэвшил нийлүүлэлтийг хийнэ. Хөгжлийн философи бол эв нэгдэл, нэгдсэн төлөвлөлт юм” гэдгийг онцоллоо.

Мөн Сайхны хөтөл дээр цасны баяр, явган аялал хийдэг амралт зугаалгын бааз байгуу­лах. Түүнчлэн жуулчдыг татах өвлийн спортыг хөгжүүлэх үүднээс Сэлэнгэ аймагт олон улсын цанын төв бай­гуулах төслийг эхлүүлсэн талаараа Швейцарийн иргэн Паскал Гэйрч ярилаа. Тэрээр “Монгол Улс өргөн уудам газар, үзэсгэлэнтэй байгальтай ч дэд бүтэц алга. Энэ бол аялал жуулчлал хөгжих хамгийн том шалгуур. Цанын спортыг Монголд хөгжүүлэхийн тулд 350 хос гутал хэрэгсэл, цасны машин авчирсан. Мөн мэргэжлийн багш нарыг Швейцарьт бэлтгэнэ. Өвлийн аялал жуулчлал тэр дундаа цанын спортыг жуулчдын 15-20 хувь нь сонирхдог” гэсэн юм.

Ийнхүү орон нутгийн хөгжлийн гарц шийдлийг хэлэлцсэний үр дүнд долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж чад­сан нь энэ чуулганы хам­гийн том үр дүн байлаа.


Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Goyo 2018-05-01 06:32:25
    Goyo!
    112.96.164.74
    Мэдэгдсэн Хариулах