Ерөнхийлөгч зарлиг гаргаж, цол хураасан долоо хоног
Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд Бүгд Найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражи манайд албаны айлчлал хийсэн бол Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг цагдаагийн албаныханд гүйцэтгэх ажиллагааны даалгавар өгч нэр бүхий сэтгүүлчдийг тагнуулсан гэх хэрэг сенсаци тарив. Түүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, генералууд болон Тод манлай уяач, алдарч уяач нарын цолыг хураах болсон нь олны анхаарлыг татав. Мөн олон нийтийн дунд АТГ-ыг сонгох санал асуулгыг эхлүүлсэн нь яах аргагүй анхаарал татлаа. Ингээд онцлох үйл явдлуудыг тоймлож байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд айлчлав

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал энэ сарын 26-нд өндөрлөв.

Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тус тус бараалсан. Мөн айчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж нар Монгол, Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдааныг амжилттай зохион байгуулсан юм.

Тус айлчлал нь Монгол, Энэтхэгийн харилцааг бататган гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлоход онцгой ач холбогдолтой болсон. Мөн Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монголын сэтгүүлчдийг сургахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Тодруулбал, жилд 10 сэтгүүлчийг Энэтхэг улсын зардлаар сургахаар болов.

Генералуудын өдөр тохиолоо

Монгол Улсад генерал цол үүссэний түүхт 75 жилийн ойг угтсан “Генералуудын өдөр”-ийг өнгөрсөн баасан гаригт тэмдэглэн өнгөрүүллээ. Жил болгоны энэ өдөр алтан мөрдэстэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Монгол Улсын хэмжээнд 170 гаруй генерал цолтон байдаг бөгөөд өдгөө алтан мөрдөстнүүдийн 90 гаруй нь ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, хууль сахиулах салбарт өөрсдийн арвин туршлага, мэдлэг оюунаа харамгүй зориулан улс, эх орныхоо хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүтгэж байна.

Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хүчний байгууллагууд энэ өдрийг ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас зохион байгуулсан юм.

Туул голыг тусгай хамгаалалтад авахаар болов

Туул голыг тусгай хамгаалалтад авах, тусгай хуультай болгох талаар УИХ-ын гишүүд болон Ажлын хэсгийнхэн тууштай ярьж тэмцсэний эцэст хамгаалалтад авахаар болсон нь онцлох үйл явдал байв. Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан байгаа юм. Мөн түүнчлэн Туул гол дагуух амралтын бааз газрыг ч байгуулах талаар Ажлын хэсгийнхэн болон Засгийн газрын гишүүд ярилцжээ.

Цагдаагийн алба хаагчдыг шалгаж эхэллээ

Хуульзүйн сайд Ц.Нямдоржийг ЭЦА-ын удирдлагуудад даалгавар өгч гүйцэтгэх ажиллагаа явуулан сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх асуудал дуулиан тарив. Энэ мэдээллийг Нийслэлийн прокурорын газраас ч үгүйсгэсэнгүй. Тухайлбал, Нийслэлийн прокурорын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман “Цагдаагийн байгууллагын нэр бүхий алба хаагчдыг гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гарган прокурорын хяналтад ирүүлсэн. Хэргийг одоогоор хянаж байна.  Үүнээс цааш мэдээлэл өгөх боломж байхгүй” гэлээ.

Харин салбарын сайдын хувьд “Би сэтгүүлчдийг тагнах чагнахыг үүрэг болгоогүй. Та нар намайг чагнадаг болохоос би та нартай хэзээ ч зууралдахгүй” гэсэн тайлбарыг хийсэн төдийгүй гүтгэлэг зохиомолоор надруу дайрч давшилж байна гэсэн юм. Юутай ч энэ хэргийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж, прокурорын байгууллагаас хэд хэдэн алба хаагчийг яллагдагчаар татсан байгаа юм.

Генерал, тод манлай уяач нарын цолыг хураалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн цол хураах зарлиг гаргасан билээ. Тухайлбал,  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ялаар шийтгүүлж байсан Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн Хошууч генерал цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн Бригадын генерал цолыг тус тус хасах шийдвэрийг гаргасан юм.

Мөн түүнчлэн алдарт уяач, Тод манлай уяач нарын цолыг хаслаа. Тухайлбал, "Дүнжингарав-2018" нэртэй хаврын морины уралдаан зохион байгуулж, хүүхдүүдийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үндэслэлээр ММСУХ-ны нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх П.Сэргэлэнд олгосон Монгол Улсын алдарт уяач, “Тавантолгой транс” ХХК-ий захирал Д.Дагвадоржид олгосон Монгол Улсын Тод манлай уяач цолыг хураасан билээ.

ТОСК-ийн захирал асан А.Гантулга нарыг шүүлээ

Төрийн орон сууц корпорацийн ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулга нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд өдөржин болсон ч шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаагүй юм. Шүүх хурал дуусаагүй учир ирэх даваа гарагт өглөө 11.00 цагаас үргэжлүүлэн шүүнэ гэдгийг эх сурвалж хэллээ.
 
А.Гантулгыг "Хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрэм, журмаар олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” үндэслэлээр яллагдагчаар татсан юм. “Үндсэний барилга консорциум” ХХК-тай 2013 онд хөрөнгө орлуулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нэг тэрбум төгрөгийн зээлийг олгосон гэдэг. Харин нөгөө консорциум нь гэрээ байгуулсан хэдий ч ажил гүйцэтгээгүй гэх үндэслэлээр буруутгаж шүүж байгаа юм.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-04-29 05:29:36
    оллоо цалин багатай юм уу танай сэтгуулчид гэж мэдээ ч бичиж чадахгуй эргуу толгойтой юмнууд байх юм эсвэл танай шалгуур ийм юм уу
  • иргэн 2018-04-29 04:44:40
    юун энэтхэгийн еренхий сайд вэ оллоогийн сэтгуулчид гэж заавал мэдрэлийн евчтэй байх шалгууртай юм уу о сайхан гэж бичсэн нь хун авах юмгуй естой мал байнаа