НИТХ-ын хуралдааны үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх боломж бүрдлээ

НИТХ-ын 15-р ээлжит хуралдаан өчигдөр/04.26/ боллоо. Хуралдаанаар хурлын үйл ажиллагааг ил тод нээлттэй, бүтээлч явуулах үүднээс хурлын бүтэц зохион байгуулалтыг  67 хувийн иртэйгээр хууралдаж өөрчлөн баталлаа. Мөн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэлэлцэж батлав. Энэ дэд хөтөлбөр нь Нийслэлийн худалдаа үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих хүн амыг соёлтой, хүртээмжтэй, чанартай худалдаа, үйлчилгээгээр хангахад чиглэгдэж байгаа юм. “Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020” дэд хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, "Үндэсний үйлдвэрлэл" хөтөлбөрийг хэрэгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх заалтуудтай уялдаж байгаа юм.

Дэд хөтөлбөрийн хүрээнд бүтээмжтэй, зохистой ажлын байр бий болгох, аж ахуй эрхлэх,бүтээлч байдлыг дэмжих, бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих, Монгол хүний эрүүл, урт  удаан амьдрах нөхцлийг хангах, өндөр бүтээмжтэй дэвшилтэт технологийг салбар бүрт нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Худалдаа, хоол үйлдвэрлэл үйчилгээний салбар нь ажллах хүчний зах зээлд томоохон байр эзэлдэг. Улсын хэмжээнд 2017оны байдлаар 172,7 мянган хүн энэ салбарт ажиллаж байгаагийн 59 хувь нь нийслэл хотын худалдааны салбарт ажиллаж байна гэсэн судалгаа байна. Иймд худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын талаар төрөөс баримтлах бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор тус дэд хөтөлбөрийн төслийг боловсруулсан гэж  Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ.

Хуралдааны төгсгөлд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцуулав.
 



Тэрбээр "Агаарын бохирдлыг бууруулах дунд, урт хугацааны төлөвлөгөөний төсөл боловсруулах, тусгайлсан хөрөнгийн эх үүсвэр бий болгох, сайжруулсан түлш, зуух халаалтын технологи, гэр амины орон сууцны дулаалгын талаарх оновчтой шийдлийг гаргах, түлшний үйлдвэрлэлийн байршлыг үндэслэлтэй тогтоох, гэр хорооллын дахин төлөвлөлтийн эрчимжүүлэх шинэ суурьшлын бүс байгуулахад анхаарч байна. Мөн агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, халаалтын зуухнуудыг буулгаж төвлөрсөн дулаан хангамжид холбох, цахилгааны хөнгөлөлтөд халаалтаа цахилгаанаар шийдсэн айл өрхийг хамруулах тухай зөвлөмжийг тусгасан"  талаар дурдсан юм.

Түүний хийсэн танилцуулгын дараа  Хурлын төлөөлөгчдийн зүгээс Агаарын бохирдлыг бууруулах талаар явуулж байгаа арга хэмжээний үр дүн болон Ерөнхий сайдын хэлсэн 2019 оны 5 сараас түүхий нүүрс Улаанбаатар хотод оруулахгүй болох тухай шийдвэр, сайжруулсан түлш боловсруулах үйлдвэр хэзээ баригдах, иргэд ямар хэмжээний өртөгөөр сайжруулсан түлш худалдан авах вэ зэрэг асуултуудыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас асууж байлаа. Мөн тодорхой саналуудыг гаргалаа.
 


 

Тухайлбал, төлөөлөгч Н.Баярмөнх "Хувийн компаний ямар нэг бүтээн байгуулалт хийх гэж байсан бол дэд бүтэцгүй, тээвэр ложистик хөгжөөгүй, хамаа хамаагүй тэр хол уулын мухраас нүүрс зөөж Улаанбаатарт ирээд, утаагүй түлш хийгээд нийслэлчүүдэд түгээнэ гэхэд нэг л санаанд багтахгүй байгаа юм. Миний хувьд  дэд бүтэц, төмөр зам нь бэлэн байхад Багануур дээр боловсруулсан нүүрсний үйлдвэрээ бодлогоор байгуулаад, Улаанбаатар хот руу тээвэрлэлтэд нь төрөөс хөнгөлөлт үзүүлээд, Нийслэлд тодорхой цэгүүд байгуулаад тэндээсээ иргэдэд түгээдэг болмоор байна. Энэ асуудлыг Ж.Батбаясгалан та  ажлын хэсэгт байгаагийн хувьд цааш нь хэлж уламжилж өгөөрэй. Уг  бид Нийслэлийн дагуул хот дүүргээ дэмжээд, төмөр замаа түшиглээд, өрхийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлээд, тодорхой цэгүүд бий болгоод ажиллах ёстой, энэ асуудалд жаахан цэгцтэй, шинэчлэх ухаанч байдлаар хандах хэрэгтэй" гэлээ.
 


 

Харин төлөөлөгч Ц.Байгалмаа "Үйлдвэр барина, сайжруулсан түлш үйлдвэрлэнэ  гэдэгт хэт их анхаараад бусад эрчим хүчний эх үүсвэр, жишээ нь сэргээгдэх эрчим хүчний асуудлыг орхигдуулахгүй байх" асуудалд анхаарч ажиллахыг санууллаа.
 


 

Төлөөлөгч Ё.Цацралтуяа  "Өндөр өртөгтэй сайжруулсан нүүрсийг иргэд авч чадахгүйгээс болоод хотод нүүрс оруулахгүй болсон үед  нүүрснээс хортой зүйлүүд түлээд улам хорт удаа гаргах бий. Энэ асуудлыг бодож ажиллаарай" гэв.


 

Төлөөлөгч Д.Баттулга "Ж.Батбаясгалан даргын хэлж байгаа MCS үнэгүй 2 сая тонн нүүрс Улаанбаатарт өгөхөөр болсон гэдэгт бид хянуур хандах ёстой шүү. Тэд бизнесмэн хүмүүс, үр дүнгүй ашиггүй зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй. Магадгүй уурхайн талбайгаа төсвийн  зардлаар чөлөөлүүлж  авч байгаа юм биш биз. Үгүй юмаа гэхэд тэднээс Улаанбаатар руу нүүрс зөөхөд тээврийн зардал багагүй хэмжээний мөнгө зарна. Энэ асуудлыг судлаж үзэх хэрэгтэй" гэв.
 


 

НИТХ-ын дарга С.Амарсайхан хурлын үл ажиллагааг хааж хэлсэн үгэндээ "Эрхэм төлөөлөгчидөө, бид НИТХ-ын ээлжит XV хурлаар хэлэлцэх асуудлаа амжилттай хэлэлцэж дууслаа. НИТХ-ын төлөөлөгчдийн идэвх оролцоог сайжруулах зорилгоор Хурлын хороодын бүтцийг өөрчилж, Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо,   Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо, Төсөв, санхүү, эдийн засгийн хороо, Хууль эрх зүйн хороо, Дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хороо, Нийгмийн бодлогын хороо гэсэн үндсэн 5 хороо, тодорхой асуудлуудыг дагнасан 9 дэд хороотой байхаар шийдвэрлэлээ.

Мөн Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн гол үндэс болсон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл заалттай Хуралдааний дэгийн зүйл заалтыг нийцүүлж, нэмэлт өөрчлөлтийг оруулан баталлаа. Улаанбаатар хотын худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбарын эрх зүйн орчныг сайжруулж, гадаадын зарим улс орнуудын худалдааны салбарын бодлого зохицуулалттай уялдуулан мөрдөж, стандартуудыг шинэчлэх, салбарын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, нийслэл хотод энэ чиглэлээр бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийг зорьсон дэд хөтөлбөриыг  бид амжилттай баталлаа.  Үүнээс гадна агаарын бохирдлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сонсож, цаашид авч  хэрэгжүүлэх арга  хэмжээний тухай асуудлыг НИТХ-аар  дэлгэрэнгүй бөгөөд нухацтай хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн нэгдсэн байр сууринд хүрлээ гэж дүгнэж байна"  гэж хэлснээр НИТХ-ын 15-р ээлжит хуралдаан өндөрлөлөө.

Эх сурвалж: Citycounsil.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.