Олон Улсын эрдэмтэд "Халхын голын дайн ба өнөө үе" сэдвээр хэлэлцлээ
Монгол улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын аюулгүй байдлыг сахин хамгаалсан Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс “Халхын голын дайны түүхийн судалгаа, Өнөө үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд  боллоо.

1989 оноос эхлэн зохион байгуулж буй энэхүү уламжлалт олон улсын хуралд Монгол, Орос, Японы эрдэмтэд оролцож эхэлсэнээр дайны түүхийн асуудлаар дайтаж байсан талуудын эрдэмтэд санал бодлоо чөлөөтэй солилцох болсон юм. Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал нь “Халхын голын дайны түүхийн судалгаа, өнөө үе” гэсэн сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд Монгол Улсын их, дээд, сургууль, хүрээлэнгүүдийн эрдэмтдээс гадна ОХУ-ын ШУА-ийн Сибирийн тасгийн Монгол, будда, түвд судлалын хүрээлэн, БНХАУ-ын Харбин хотын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Номун ханы дайны судалгааны газар, Япон улсын Үндэсний Батлан хамгаалахын хүрээлэнгийн эрдэмтэд урилгаар оролцов.

Эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын дэд дарга, Монгол-Оросын парламентийн бүлгийн дарга Л.Цог, Засгийн газрын шадар сайд, Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн М.Батчимэг тэргүүтэй төрийн түшээд оролцож байгаагийн дээр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Азизов Искандер Кубарович, Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар баяр хүргэж үг хэллээ.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Халхын голын дайны түүхийн судалгаа, өнөө үе”, “Монголын ард түмний түүхэн хувь заяан дахь Халхын гол”, “БНМАУ-ын талаарх Японы сонирхол (1925-1931 он)”, “Номун ханы хурцадмал зөрчилдөөн, ЗХУ болон Японы цэргийн удирдлага”, “1936-1940 оны хоорондох ЗХУ, БНМАУ-ын цэргийн хамтын ажиллагааны судалгааны асуудалд”, “Зөвлөлт, Монголын цэргийн урлагийн Халхын голын дайн дахь туршлага, сургамж”, “Халхын голын дайн ба Монгол Улсын эдийн засаг”, “Халхын голын дайнд оролцсон цэргийн дээд дарга зарим хүний хувь заяаны асуудал”, “Г.К.Жуковын хэрэгжээгүй нэгэн тушаалын тухай өгүүлэх нь”, ”Монголын түүх” хичээлийн хөтөлбөрөөр оюутан, залуучуудад эх оронч үзэл, хүмүүжлийг олгох боломжууд” гэх зэрэг сонирхолтой илтгэлүүдийг гадаад, дотоодын 17 эрдэмтэн хэлэлцүүлж байна.

Илтгэгч нар Халхын голын дайны түүхийн сэдвээр өөрсдийн судалгааны ажлын үр дүнгээ харилцан мэдээлж, судалгааны ажлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар харилцан санал солилцохын зэрэгцээ түүхэнд төдий л судлагдаагүй бие хүмүүс, үйл явдлын тухай хөндөж, зарим зүйлд шүүмжлэлтэй хандаж байв.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.