ФОТО: Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхимаар зочлоорой

Мэдээлэл технологийн үндэсний паркийн гуравдугаар давхарт байрлах Шинжлэх ухаан технологийн сангийн  үзэсгэлэнгийн танхимд монгол эрдэмтдийн ур ухаан шингэж, олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон инновацийн 100 гаруй нэрийн бүтээгдэхүүнийг дэлгэн тавьжээ.

Шилэн хоргонд буй “Ганган” нэртэй гоо сайхны шампунь, ангижруулагч, үсний тос нь сав, баглаа боодлын хувьд ч гадны бүтээгдэхүүнтэй эн зэрэгцэхүйц тул шуудхан л анхаарал татна. Импортын бүтээгдэхүүнийг орлох “Ганган” коллекц нь Монголын зах зээлд хэдийнэ борлуулагдаж эхэлсэн бөгөөд хэрэглэгчийн таашаал хүртсэн брэнд болоод байгааг харахад монгол эрдэмтдээр бахархах сэтгэл төрнө.

Шинжлэх ухаан технологийн сангийн маркетингийн мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг үзэсгэлэнгийн танхимд тавигдсан бүтээгдэхүүний талаар дараах танилцуулгыг хийв.

Үзэсгэлэнгийн танхимыг Хөдөө аж ахуй, Нийгэм хүмүүнлэг, Анагаах ухаан, Техник технологи, Байгаль ухаан гэсэн шинжлэх ухааны таван салбараар төрөлжүүлэн, инновацийн бүтээгдэхүүн бүрийн танилцуулга, патент, ашигтай загварын гэрчилгээний хамт тавьсан нь үзэсгэлэнг үзэж сонирхож буй хүмүүст ойлгомжтой сонирхол татахуйц байлаа. Тэнд 40 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэн, аж ахуйн нэгж, их дээд сургууль, гарааны компаний 100 гаруй инновацийн бүтээгдэхүүнүүд байгааг онцлох нь зүйтэй. Тухайлбал,

  • Газар тариалан эрхлэгчдэд зориулсан үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хадлан бэлчээр, ногоон байгууламжийн ургамлын ургацыг нэмэгдүүлэх, хөрсний бүтэц, үржил шимийг дээшлүүлэх зориулалт бүхий хуурай болон шингэн бордоо
  • Малын ашиг шимийг нэмэгдүүлэх, хүйтний улиралд амьдын жинг нэмэгдүүлэх жор бүхий 7 төрлийн эрдэс шахмал “Долооц”-ын тэжээл
  • Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх эм, бэлдмэл, вакцин, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн
  • Жимс жимсгэнэ үр тариа зэрэг бүх төрлийн ургамал хамгааллын био бэлдмэл
  • Байгаль орчинд халгүй технологиор хийсэн ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн
  • Эм, эмийн гаралтай бүтээгдэхүүний төрөлд ясны сийрэгжилт, яс хугарлын үед үйлчилдэг байгалийн гаралтай “Остео кальци-5” , “Антацит кальци-5”, болон биологийн идэвхт бүтээгдэхүүн
  • Хүүхдийн өсөлт, эрүүл мэндэд шаардлагатай эрдэс, амин дэмээр баяжуулсан сүү, арвайтай аарцан үрэл, аарц, тараг, зөөхий
  • Цэрэг, цагдаа, ялангуяа онцгой байдлын албан хаагчдад тохирох усанд тэсвэртэй ажлын гутал гэх мэт...
 

Эдгээр бүтээгдэхүүнээс “Долооц” болон Ургамал хамгааллын био бэлдмэлийг төрийн төрөөс дэмжиж төрийн худалдан авалтаар монгол орон даяар хэрэглэгчдэд хүргэж эхлээд байна.  Ийнхүү ШУТСангаар санхүүжигдэж судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүнүүд нь  импортыг орлож эхэллээ.

Тус үзэсгэлэнгийн танхим нь шинэ содон инновацийн бүтээгдэхүүнээр байнга баяжигдаж байхаас гадна төслийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинжлэх ухаан болон бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, эрдэмтдийн оюуны өмчийн бүтээлийг үнэлэх, хөрөнгө оруулалт татах, инновацийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, брэнд бүтээгдэхүүн болгоход чиглэж байна.

Монгол эрдэмтэд шинэ бүтээл бүтээгдэхүүний нээлт, танилцуулга хийх  бүтээгдэхүүнээ сурталчлах, өдөрлөг зохион байгуулах гэх мэт олон талт үйл ажиллагаа зохион байгуулахад ШУТСангийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-ын үүд хаалга нээлттэй байх аж.
 





















Эх сурвалж: БСШУСЯ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.