Асуудлаа шийдвэрлэхгүй бол Бөхийн өргөөг улсын өмчид авч, ёс зүйгүй бөхчүүдэд хариуцлага тооцно гэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай албан бичиг гаргалаа.

Албан бичгийн хувийг:

  1. Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ
  2. Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга А.Сүхбат
  3. Дархан аварга Г.Өсөхбаяр
  4. “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат нарт хүргүүлж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Зөрчил тэмцлийг арилгах тухай Е/06 дугаартай албан бичигт:

“Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай

Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдсан зөрчил, тэмцэл эрсдэлт хэмжээнд хүрч даамжран, бөхчүүд төдийгүй, бөх сонирхогчдыг хүртэл талцан тэмцэлдэхэд хүргэж байна. Энэ зөрчилдөөнийг даган үндэсний уламжлал, ёс заншил, хүндлэл, жудаг, журмыг умартсан бусармаг үйлдэл, үйл ажиллагаа хэм хэмжээнээс хэтрэх боллоо.

Үндэсний бөхийн асуудал бол зөвхөн бөхчүүдийн болон бөхийн холбоонд хамааралтай хүмүүсийн асуудал биш. Бөх бол үндэсний их өв соёл, түүхэн уламжлал, монгол хүн бүрийн хүндлэл, бишрэлийг хүлээсэн спорт. Өнө эртнээс улбаатай, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн Төрийн их баяр наадмын цөм болдог үндэсний бахархлын нэг юм.

Гэтэл хэсэг хүмүүс эрх мэдэл, албан тушаалын төлөө ард түмний хүндлэл, бишрэлийг үл тоон үндэсний их өв соёлыг гутаах хорон муу үр дагавартай зүй бус үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаа нь уучлан тэвчих аргагүй юм. Цагдаагийн байгууллагаас Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдсан тэмцлийн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар надад мэдээлэл, баримт материал ирүүлсэн. Нөхцөл байдал маш эрсдэлт хэмжээнд очсон, хүний амь нас эрүүл мэнд ноцтой эрсдэлд орохоор хэмжээнд хүрч хурцадсан байна.

Миний бие төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг сахин хамгаалах үүрэгтний хувьд Үндэсний бөхийн нэр хүндийг сэвтээсэн хууль бус, ёс зүйгүй үйлдэлтэй хэрхэвч эвлэрэхгүй бөгөөд нийгмийн хэв журам болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Цаашилбал гэмт хэрэг, зөрчилд холбогдсон ёс зүйгээ умартсан улсын цолтой бөхчүүдийн цолыг ч бүрэн эрхийнхээ цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдэж байна.

Төрийн бус байгууллагын тухай хуульд нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулж, ашгийн төлөө бус ажилладаг байгууллагыг төрийн бус байгууллага гэж тодорхойлсон. Мөн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг тодорхой салбараа хөгжүүлэх, зорилтот бүлэг, давхаргынхаа эрх ашгийг хамгаалах чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан байдаг.

Монголын Үндэсний Бөхийн холбоо нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд үндэсний бөхийн спортыг шударга зарчмаар хөгжүүлэх, өв соёлоо хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, ард түмний хүндлэл бишрэлийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний чиг үүрэг хүлээж ажиллаж ёстой.

Харамсалтай нь Монгол бөхийн өргөө, Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдан зөрчилдөж байгаа талуудаас өнөөдрийг хүртэл зорилго, зорилт, хөтөлбөрөө танилцуулсан бодлогын дорвитой өрсөлдөөн гарсангүй.

Иймд та бүхнийг хуулиас гадуурх зөрчил тэмцлээ нэн даруй зогсоож, ТББ-ын дүрмийн дагуу өөрсдийн дээд эрхийг барих “Их эе” хуралдаанаа зохион байгуулах ажлыг зөвшилцөн, асуудлыг эв зүйгээр, хууль ёсоор шийдвэрлэхийг анхааруулъя.

Хэрэв “Их эе” хуралдаанаар асуудлаа нэгмөр шийдвэрлэхгүй, хууль бус зөрчил, гэмт үйлдлийг гааруулж, үргэлжлүүлэх тохиолдолд Бөхийн Өргөөг улсын өмчлөлд хураан авч, ёс зүйгүй бөхчүүдийн улсын цолыг хураах, төрийн их наадам, мөн цагаан сарын барилдаанд барилдах эрхийг хасах хүртэл арга хэмжээ авч хариуцлага тооцох болно гэдгийг анхааруулъя. Төр өгч болсон юм, буцаагаад хурааж авч болно.

Та бүхэнд эвлэрэл, ойлголцлыг хүсье” гэжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Baggie 2018-04-24 09:57:09
    Хэргийн гол эзэн Баянмөнх аваргад яагаад хувийг нь өгөөгүй юм болоо?
  • zochin 2018-04-24 09:47:37
    Zuv zuv.
  • Зочин  2018-04-24 08:33:20
    Бөхийн цол хураах эрх мэдэл МУ-ын Ерөнхийлөгчид байхгүй. Баяр наадмын тухай хуулийн заалтыг үндэслэн Ерөнхийлөгч зарлиг гаргадаг. Бөхийн цол одон медаль биш
  • zov 2018-04-24 07:01:16
    har bayanaa doping suhbat nariin tsoliig huraaval taarna. yasan tsadaj hanadaggui shunaltai nohduud ve?
  • зочин  2018-04-24 06:54:19
    бөхийн өргөөг төр аваад тэмцэгч Баасанд хариуцуулчих ёстой шудрага үзнэ дээ орлогыг долоо хоног болгон тооцож хураагаад ёстой гоё
  • Зочин 2018-04-24 06:28:02
    Бөхийн цол хураагаад ч яахав. Допинг хэрэглэсэн бол гээд хууль байгаа байх. Харин бөхийн өргөөг бол улс авах нь зөв Хувьчлалаар зараад мөнгөөр нь хэдэн
  • Бат 2018-04-24 05:21:37
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Зика 2018-04-24 05:13:48
    еер юман дээр ингэж хурдан уурладаг болоосой, авлига энтр гээд уурлах юм зендее л бн
  • иргэн 2018-04-24 04:26:51
    наадамд туруулээд авсан цолыг хураалаа гээд наадамд туруулсэн нь хэвээрээ л бна биз дээ чи тэгвэл хулгай хийснээрээ гавьяат цолоо хураалгах юм уу