П.Орхон хоёр дахь удаагаа “Сарын шилдэг тамирчин”-аар тодорлоо

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г тодруулдаг.

Өмнөх саруудад энэхүү шагналыг Д.Сумъяа /жүдо/, П.Орхон /чөлөөт бөх/, Д.Батсүрэн /шатар/, 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг, Б.Энххүслэн /усанд сэлэлт/, П.Тэмүүжин /тэквондо/ нар тус тус хүртэж байсан юм.

2018 оны гуравдугаар сарын шилдэг тамирчны шалгаруулалт энэ сарын 9-22-ны өдрүүдэд үргэлжилж, ялагчийн нэр тодорлоо. Өнгөрөгч сард Кыргызстан улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга болсон П.Орхон олонхийн саналаар сарын шилдэг тамирчин болов. Тэрбээр хамгийн олон буюу дөрөв дэх удаагаа энэ шагналд нэр дэвшиж, хоёр дахь удаагаа ялагч болж байна. Энэ нь анх удаа нэг тамирчин нэгээс илүү удаа сарын шилдгээр тодорч байгаа тохиолдол юм.

Түүнтэй хамгийн хүчтэй өрсөлдөөнийг ОХУ-ын Екатеринбург хотноо явагдсан жүдогийн их дуулга тэмцээнд түрүүлсэн амжилтаараа 2 дахь сардаа дараалан энэ шалгаруулалтанд өрсөлдсөн ОУХМ Ц.Цогтбаатар, мэргэжлийн сүмогийн Хару башёд түрүүлсэн их аварга Какүрюү М.Ананд нар үзүүлж удаах байруудад бичигджээ. Гуравдугаар сарын шилдэг тамирчны шалгаруулалтанд ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээнд түрүүлсэн Э.Бэхбаяр, Японы Такасаки хотноо явагдсан чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнд хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн шигшээ баг тус тус нэр дэвшсэн билээ.

“Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулдаг. Гуравдугаар сарын шилдэг тамирчин шалгаруулах олон нийтийн санал асуулгад 1000 гаруй хөгжөөн дэмжигч, 30 гаруй спортын сэтгүүлчид оролцжээ.

ГУРАВДУГААР САРЫН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

НИЙЛБЭР ДҮН:

М.Ананд – 16,2%
Э.Бэхбаяр – 8,8%
П.Орхон – 45,1%
Ц.Цогтбаатар – 17,5%
Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг – 12,4%

Олон нийтийн санал асуулгын дүн:

М.Ананд – 16,2%
Э.Бэхбаяр – 8,8%
П.Орхон – 65,2%
Ц.Цогтбаатар – 13,3%
Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг – 4,7%

Спортын сэтгүүлчдийн санал асуулгын дүн:

М.Ананд – 25,0%
Э.Бэхбаяр – 9,3%
П.Орхон – 25,0%
Ц.Цогтбаатар – 21,7%
Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг – 20,0%

Эх сурвалж: МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.