Б.Булганыг яллагдагчаар татаж, бөхчүүдэд хатуу сануулга өгсөн долоо хоног
Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн үйл явдал олны анхаарлыг татлаа. Тухайлбал, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр болж өнгөрлөө. Мөн түүний хэрэгт хамтран амьдрагч Б.Булганыг гэрчээр биш яллагдагчаар татсаныг албаныхан дуулгав.

Түүнчлэн тэргүүний асуудлаасаа болж МҮБХ-оог булаацалдаж байгаа Дархан аваргууд болон улсын цолтой бөхчүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулга ЕТГ-ын дарга З.Энхболдоороо дамжуулан хатуу сануулга өглөө.

Мөн төрийн албанд хэд хэдэн томилгоо хийгдэв. Орон сууцанд гал гарлаа, “Саруул” хотхонд кран унаж хүний өмч эд хөрөнгийг сүйтгэсэн гээд улстөр болон нийгэмд онцлох үйл явдал олонтой байлаа. Ингээд онцгойг нь тоймлож байна.
 

Бөхчүүдэд хатуу сануулга өглөө


“Хоёр толгой”-той болж хоорондоо маргалдаж байгаа МҮБХ-ны шинэ тэргүүн, хуучин удирдлагуудтай холбоотой хууль бус асуудалд Ерөнхийлөгч анхаарч эхлэв. Өнгөрсөн баасан гаригт Тамгын газрын дарга З.Энхболдоороо дамжуулж жудаггүй, журамгүй бөхчүүдэд хатуу сануулга өглөө. Тодруулбал, үл ойлголцсон байдлаа таслан зогсоохгүй улам бүр газар авахуулах юм бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах боломжтой гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч сануулжээ.

Мөн  хууль бусаар хуралдсан “Их эе” хуралдааны шийдвэрийг цуцалж, нэр дэвшсэн хоёр эрхмийг нэрээ татаж, дахин хурал хийхийг сануулжээ. Хэрвээ үл ойлголцлолоо нэг мөр шийдэхгүй бол Бөхийн өргөөг төр мэдэлдээ авна гэдгээ ч мэдэгдэв.
 

Б.Булганыг гэрчээр биш, яллагдагчаар байцааж эхлэв


С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргийн ганц цор гэрч нь түүний хамтран амьдрагч Б.Булган байлаа. 20 гаруй жил үдүүлсэн амтай мэт явж ирсэн түүнийг хууль хяналтын байгууллагаас хараандаа авч, хяналтандаа байлгаж өнгөрсөн жил бүр цагдан хорьж байсан удаатай. Тэгвэл энэхүү ээдрээ төвөгтэй хэргийн учир зангилааг тайлах нэг сэжүүр гарч ирэв. Амьд гэрч болсон Б.Булганыг гэрч биш, яллагдагчаар татаж шалгаж эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт түүнийг ТЕГ-аас дуудаж нууцын материалд зурсан гарын үсгийг баталгаажууллаа хэмээн өмгөөлөгч нь хэвлэлийнхэнд хэлсэн ч маргааш нь Нийслэлийн прокурорын газраас түүнээс байцаалт авч яллагдагчаар татсан гэсэн юм. Ийнхүү 20 жил илрүүлж чадаагүй аллагын хэрэгт 3 иргэнийг буруутгаж, улмаар гурван шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон байгаа юм.


Боловсролын дэд сайд болон МИАТ-ийн гүйцэтгэх захирлыг томилов


Засгийн газрын ээлжит хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар Г.Ганбаярыг томилсон байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонтой холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч асан Г.Ганбаярыг тус албан тушаалд томилжээ. Г.Ганбаяр нь МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга байв.

Мөн “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ өнгөрсөн долоо хоногт хуралдаж тус компанийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томилохоор шийдвэрлэжээ. Д.Баттөр нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг томилох нь гэсэн яриа нэг сар орчмын өмнөөс дуулдаж, төд удалгүй Т.Тамир захирал өргөдлөө өгсөн байсан. Ямартай ч МИАТ” ТӨХК-ийн ТУЗ Засгийн газарт хуралдаж Д.Баттөр албан ёсоор ажлаа эхэлсэн байна.



Газар эзэмших эрхийг 10 жилээр сунгах хуулийн төслийг дэмжив


УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжив.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль анх 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи өнгөрсөн хугацаанд уг хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд үүний гуравт нь гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацаа буюу хуулийн 19.1.2, 19.1.3, 19.1.4 дэх заалтыг дагаж мөрдөх хугацааг тав таван жилээр сунгаж ирсэн байна. Хууль 2003 оноос хэрэгжиж газар өмчлүүлэх ажил анх эхлэхэд иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг дундаа хамтран өмчилж (өрх) байсан бол 2008 онд газрыг иргэн бүрт өмчлүүлэх, мөн түүнээс өмнөх таван жилийн хугацаанд иргэний дундаа хамтран өмчилсөн газрыг гэр бүлийн нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд шинээр газар өмчлөх эрх үүсэхээр нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
 

“Саруул” хотхонд кран унав


Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт “Алтай констракшн” ХХК-ны  захиалгаар “Тольт дэнлүү” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй Саруул хотхоны B7 блок барилга дээр кран унасан ноцтой осол гарсан билээ. Барилгын өргөгч цамхаг унаж хугарахдаа гурван машиныг гэмтээж, зэргэлдээ “Баянмонгол” хороолол хотхоны айлуудын хананд цууралт үүсгэсэн байсан. Харин краны жолооч БНСУ-ын иргэн 36 настай Б нь хүнд бэртэл авч ГССҮТ-д хүргэгдсэн билээ.

"Алтай констракшн" ХХК-ийн  барьж буй энэ “Саруул” хорооллын барилгууд нь хоорондоо маш шигүү, хүнийн хөл хөдөлгөөн ихтэй газар бөгөөд харин азаар хүний амь нас эндсэнгүй.  Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж мөрдөөгүй хайнга хандснаас болж осол гаргасан жолоочийг мэргэжлийн байгууллагуудаас шалгаж байгаа бөгөөд учруулсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоож, улмаар захиалагч болон гүйцэтгэгч компаниудаар хохирлыг нь барагдуулах юм байна.
 

 
5.8 га газрыг хамарсан ой түймрийг цурманд оруулав


Он гарснаас хойш 13 аймагт ой хээрийн түймэр гарсан талаар ОБЕГ-аас мэдээлэв. Хамгийн сүүлд гэхэд ой хөвч ихтэй Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 5.8 орчим га газар ой хээрийн түймэрт автаж нутгийн иргэд болон онцгой байдлын албаныхныг сандаргав. Тэгвэл энэ сарын 15-нд гарсан түймрийг өчигдрийн байдлаар бүрэн унтрааж цурманд оруулж, нутгийн удирдлагуудад хүлээлгэж өгсөн талаар албаны эх сурвалж мэдээлэв.

Ер нь хуурайшилт ихтэй газар ой хээрийн түймэр гарах магадлал маш өндөр байгаа учраас иргэдийг хөдөө гадаа амарч зугаалж явахдаа ил гал гаргахгүй, татсан тамхины ишээ бүрэн унтраах, шүдэнзээр оролдож тоглохгүй байх, намхан яндантай машин унаж явахгүй байхыг байнга анхааруулж сэрэмжлүүлсээр байна.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-04-22 04:33:44
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.162
    Мэдэгдсэн Хариулах