Хүүхдийн төрсөн өдрийн баярыг тэмдэглэх ёсон
Эхээс хүүхэд мэндлэхэд хэвлийд байсан үеийг нь оруулан нэг настай (монголчууд үүийг “хий нас” ч гэж ярьдаг) гэж үздэг. Ингээд төрсөн өдрөөс нь хойш нэг жил өнгөрсний дараа буюу хоёр настайд нь төрсөн өдрийнх нь баярыг тэмдэглэдэг заншилтай. Харин хүүхэд эхээс мэндэлснээс хойш нэг жил өнгөрсний дараа цаашид бие даах хат суулаа гэж үзэн амь нас нь батжин, цаашдын амьдралын сайн сайхныг бэлгэдэн шинэ дээл хувцас өмсгөн, түүнийг нь мялаах, хийморийн дарцгийг хүүхдийн өмнөөс хийсгэх, бурхан шүтээнд тахил өргөн ерөөл авахуулах, сонсгох, лам багштай бол багшид нь мөргүүлэх зэрэг ёслол хийдэг.

Хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэхдээ зөвхөн ах дүүсийг нь урьж залан ойр дотны хүмүүсийнхээ хүрээнд нижгэр биш байдлаар тэмдэглэдэг. Хүүхдийн төрсөн өдрийн баяр бол тухайн хүний хувьд хамгийн анхны “ариун” ёслол байх ёстой гэсэн үүднээс хүүхдээ цагаан эсгий дээр байрлуулж, уригдаж ирсэн зочдоо насны эрэмбээр суулган цагаан идээ, цагаалгаар дайлдаг. Хүүхдийн төрсөн өдрийн ойн баярт ойр орчны бага насны бүх хүүхдийг урин оролцуулж баярлуулахыг маш эрхэмлэн үздэг бөгөөд уригдаж ирсэн хүүхдүүд том хүмүүсийн нэгэн адил зиндаанд хүндлэгдэн зочлуулдаг байжээ. Энэ нь хүн болон төрснийхөө хувьд хүндлэл хүлээх ёсыг тухайн төрсөн өдрийн ойгоор хүүхдэд ойлгуулах, бага наснаасаа амьдралынх нь хамгийн эрхэм зорилго, утга учрыг мэдэн бахархах, эрхэмлэх сэтгэл төлөвшүүлдэг ёс байж. Үүнд нас биед хүрсэн хүмүүсийн нөлөө маш чухал бөгөөд багачууд хүүхдийг хүндэлж баярлуулахад найрын гол агуулга байдаг байсан. 

Хүүхдэд өгч буй бэлгийг маш эрхэм гэж үздэг байсан учраас бэлгэнд чин сэтгэлээсээ ханддаг. Хүүхдийн найранд оролцож байгаа бүх хүн сэтгэл санаагаа ариун байлгаж, үг хэлээ бодож бэлгэ зохицохгүй үг, үйлийг их хорьж цээрлэдэг байсан. Хоёр настай хүүхэд гэдэг бол балчир насны хүүхэд шүү дээ. Энэ анхны төрсөн өдрөөр хүүхдийг шинжих ёслол явуулдаг байсан нь их сонин. Энэ нь юу вэ гэхээр ширээн дээр шагай , нум сум, гуулин зоос, утас, үзэг, бийр гэх мэтийн зүйлсийг тавиад хүүхдэд дураараа нэгийг сонгоэ авах боломж олгодог.

Тэдгээрээс нэгийг сонгож авахдаа шагайг авбал тухайн хүүхдийн мал сүрэг өсөн хотоороо дүүрч байх малын буян хишигтэй болох, нум сумыг авбал цэцэн мэргэн баатар болох, зоосыг авбал алт мөнгө нь арвижих агуу их төгс эдлэлтэй болох, утас сонговол үйлэнд уран болох, үзэг, бийрийг авбал эрдэм номтой эзэнт төрдөө тустай хүн болох, ааруул хурууд сонговол идээ ундаа нь бялхаж явах гэх зэргээр сайн бэлгэ зохилдуулдаг ёс ч бий.

Бурханч лам Г.Пүрэвбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-04-14 12:39:52
    Төрсөн өдөр тэмдэглэх гэдэг ойлголт сүүлийн 30 жилийн л үзэгдэл шүү дээ үүнийг монгол ёс уламжлал гэж тэнэгтэх хэрэггүй
  • баяр 2018-04-14 05:37:52
    ккк. Будаач будаач гэхээр сахлаа будав гэдэг болж байна уу. Хэзээ байтлаа молнголчууд төрсөн өдөр тэмдэглэдэг байлаа. кк. 70-д оноос л оросыг дуурайж эхэлсэн ...
  • Бөө 2018-04-14 05:29:24
    Буддын шашны ёсыг Монгол ёс мэт бичсэн байна.