Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,  байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан.

Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Уг хууль нь төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах үүрэг солигдсон шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг тухайн үеийнхээ нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шаардлагад нийцүүлэн зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн хамтын гэрээ, хэлэлцээр, хамтын маргаан, ажил олгогч, ажилтан хоорондоо хөдөлмөрийн харилцааны нөхцөлөө тохиролцох, хөдөлмөрийн удирдлагын хоёр болон гурван талт зөвшлийн эрх зүйн үндсийг бий болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хууль нь шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн үүргээ хангалттай биелүүлж ирсэн хэдий ч зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тавигдаж байгаа хөдөлмөрийн харилцааны шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэх хэд хэдэн шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсрууллаа гэж  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулгадаа дурдав.

Хуулийн төсөлд, ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрх, ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүрэг, эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглох, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах тохиолдлыг тодорхой болгож, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, жасаагаар ажиллах зэрэг харилцааны онцлог, ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх тогтолцоог бий болгох, бүтэн бус цагаар ажиллах ажилтны цалин хөлс, ээлжийн амралт зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тус тус тусгаж өгчээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо дөрөвүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хуулийн төсөлд хөдөлмөрийн дотоод журмын үйлчлэх хүрээ, хамаарах асуудлыг тодорхойлсон эсэх, жендерийн эрх тэгш байдлыг хэрхэн зохицуулсан, УИХ-ын гишүүн Х.Баделхан байгууллага бүр үйлдвэрчний эвлэлийн салбар нэгжтэй байх тухай, хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлийг хуулийн төсөлд хэрхэн тодорхойлсон, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг гадаадад ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хэрхэн зохицуулж байгаа талаар, УИХ-ын гишүүн М.Билэгт Монголын үйлдвэрчний эвлэлийн санхүүжилт, чиг үүргийн талаар асуулт асууж, хариулт авлаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр, хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ–ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн гэж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа дурдлаа.  
             

Төслийн үзэл баримтлал болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Хөдөлмөрийн тухай хууль нь нийт хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг бүрэн хамгаалж чадаж байгаа эсэх, гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн хөдөлмөрийн харилцааг хэрхэн зохицуулсан, 13 настай хүүхэд хөдөлмөр эрхэлж болохоор хуульд тусгасныг нь  тодруул байлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Засгийн газраас гадаадад хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхээ хөдөлмөрийн харилцааг  зохицуулахад анхаарал хандуулж ирсэн. БНСУ-тай нийгмийн хамгааллын хэлэлцээр хийснээр тус улсад ажиллаж байсан иргэд хөдөлмөр эрхэлсэн хугацаанд дахь төлсөн даатгалын тэтгэмжээ авч байгаа. Мөн Чех, Польш, Унгар, Турк улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан ажиллаж байна. Эдгээр орнуудад ажилласан хугацаанаасаа хамаарч даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг тус улсын хуулийн дагуу авах, тэтгэврийн даатгалд хамрагдаж төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ авах эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлээ ногдохуйц тэтгэвэр тогтоолгох хэлэлцээрийг хийж байна гэж хариулав.

Мөн тэрбээр, Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөр эрхлэгч болон ажил олгогч хоорондын гэрээ байгуулсан харилцааг зохицуулахаар тусгасан. Үндэсний статистикийн газрын мэдээгээр  Монгол Улсад нэг сая 200 мянган ажиллагсад байгаагийн 400 гаруй мянга нь  албан бус хөдөлмөр эрхлэгчид байгаа. Өөрөөр хэлбэл, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн асуудлыг уг хуулиар бүрэн зохицуулж чадаагүй байгаа хэмээн хариулж байлаа.

Ажлын хэсгийн зүгээс, Хөдөлмөрийн тухай хуульд 15 нас хүрсэн, суурь боловсрол эзэмшсэн хүүхэд, эцэг, эх асран хамгаалагчдын зөвшөөрлийн бичигтэй бол хөдөлмөрийн харилцаанд орж болно гэж заасан байгаа. Харин 13 нас хүрсэн хүүхэд сурч боловсроход саад учруулахгүйгээр, хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангасан хөнгөн ажлыг эцэг, эхийн зөвшөөрлийн бичигтэйгээр эрхэлж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмжийн дагуу мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байгаа хүүхдүүд мэргэжлийн чиг баримжаа олох, дадлага хийх боломжийг олгох үүднээс ийм заалт оруулсан гэж байлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Уг хуулийн хамрах хүрээг өргөжүүлж, албан бусаар хөдөлмөр эрхэлж байгаа 400 гаруй мянган иргэдийн эрх ашгийг хамгаалж, зохицуулах”, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нийтээр амрах өдөр нь амралтын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нөхөн амраана гэсэн заалтыг хасах”, УИХ-ын гишүүн М.Билэгт “Ажил олгогчдын эрх ашгийг хамгаалсан тодорхой заалтуудыг нэмэх шаардлагатай байна” зэргээр байр сууриа илэрхийлж байлаа.

Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75.6 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ?!?!? 2018-04-13 11:36:49
    Ээлжийн амралт гэж цалин аваад бүтэн сар гаран ажлаа хийхгүй яваад өгдөг журам хувийн секторт тохирохгүй ээ!!! Жилийн турш өчнөөн олон амралт бий шдээ!!!
    66.181.176.29
    Мэдэгдсэн Хариулах
    •  2018-04-13 15:46:43
      ХУЦ: хамаг цусаа соруулж байж цусаа нөхөн авах эрхгүй байх уу
      103.26.194.104
      Мэдэгдсэн Хариулах