“Хүн амын ахуй үйлчилгээ 2020” хөтөлбөрийн уялдааг сайжруулах шаардлагатай гэж үзэв

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар "Хүн амын ахуй үйлчилгээ 2020" дэд хөтөлбөр, "Худалдаа хоол үйлдвэрлэл үйлчилгээ 2020" дэд хөтөлбөрүүд батлах тухай, Сити тур төсөл хэрэгжүүлэх тухай, шашны байгууллагуудын зөвшөөрлийн хугацаа сунгах тухай зэрэг таван асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр "Хүн амын ахуй үйлчилгээ 2020" дэд хөтөлбөрийн төслийг танилцууллаа. Тэрээр,Нийслэл хот нь манай орны нутаг дэвсгэрийн 0,3 хувийг эзэлдэг бөгөөд нийт хүн амын 44,3 хувь /1380,8 мянган хүн/ оршин сууж байгаа нь иргэдийн тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, ахуйн үйлчилгээний  хүртээмж, чанарыг дээшлүүлэх шаардлага байгааг харуулж байгааг дурдлаа. Ахуйн үйлчилгээний салбарын хэмжээнд 16 нэр төрлийн үйлчилгээ байна. Нийгмийн хөгжилтэй уялдан гэр цэвэрлэх, нүүлгэх үйлчилгээ, саун, гоо сайхан болон хүүхэд, өндөр настан асрах зэрэг үйлчилгээний шинэ төрөл нэмэгдсээр байна гэв.

Тэргүүлэгчдийн зүгээс дэд хөтөлбөрийг боловсруулахад эрдэмтэн судлаачдын багийг татан оролцуулсныг сайшаагаад цаашид Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэгдэх аливаа төсөл, хөтөлбөрүүдэд энэ мэтчилэн эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг тусгаж байх нь зүйтэй гэдгийг  НИТХ-ын ажлын албан даргад даалгалаа.
 

Хөтөлбөрийн гол зорилго нь жижиг, дунд үйлдвэр,үйлчилгээг хөгжүүлэх иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах, эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр нийслэлийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд ахуйн үйлчилгээний салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлнэ. Мөн нийслэлийн иргэдэд сэтгэлд нийцсэн, чанартай, стандарт үйлчилгээг цогцолбор байдлаар нэг дороос авах боломж бүрдүүлэх, нийслэлийн ахуйн үйлчилгээний чанарыг олон улсын жишгийн дагуу сайжруулах, хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.  

НИТХ-ын Тэргүүлэгчид төслийн танилцуулгыг сонсож, санал хэлж, асуулт асуув. Энэ дэд хөтөлбөрийн хувьд төрөөс барих эрх зүйн орчинг тодорхой болгох, орчин үеийн үйлчилгээний нэр төрлийг дахин харж, нэмэгдүүлэх, шинэчлэх, ОУ-ын хэмжээнд мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудлуудыг нарийн тусгах шаардлагатай гэж үзлээ. Ийнхүү дэд хөтөлбөрийн төслийг буцааж ойрын хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд дахин оруулж ирэхийг үүрэг болголоо.

НИТХ-ын ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.