“Нийтийн өмчийн эмгэнэл” буюу монгол нутгийг нөмөрсөн бэлчээрийн талхагдал
Төрж өссөн нутагтаа очно гэдэг уг нь хүн бүрийн сэтгэл догдлон хүлээх мөч байдаг биз. Гэвч миний хувьд сүүлийн жилүүдэд төрсөн нутаг руугаа зүглэх бүрийд сэтгэл түгшдэг болсон…

Холын газраас бөмбийн харагдах элсэн толгодын дундуур мяралзан урсах Нарийны гол, хээлэн эмжих зүлэг ногоон ширэг, цэнхэр цэцэгс алаглан ургадаг цахилдагт нутагтаа ээжийнхээ хормойноос зүүгдэн үнээ тугал хариулангаа аргал хомоол түүдэг байсан минь тун саяхан мэт тодхон санагдана. Нутгийн айлуудаар бууж, амар мэндийг нь эрэх зуур өвөө аав, эмээ ээж, аав, ээжийн минь тухай элгэмсүү сайхан дурсамжууд дэлгэхэд өөрийн эрхгүй сэтгэл гэгэлзэнэ. “Өвөө аав чинь саахалт айлаар бууж мордохдоо морио гэрийн ойролцоох дэрсэнд цулбуураар нь уячихдаг, явахдаа дэрсний толгойг алгаараа зөөлхөн гэгч илбэж байгаа харагддаг сан. Тийм л зөөлөн сэтгэлтэй хүн байсан даа. Нүүх болгондоо бууриа цэмцийтэл цэвэрлэнэ, өнчин гадас ч үлдээхгүй шүү. “Гадас гэдэг чинь газар дэлхийд хатгаж үлдээсэн өргөс шүү дээ” гэдэгсэн. Малдаа мөн ч их хайртай хүн дээ. Малаа л гэнэ. Зуны халуун цагаар мал гаргана гэж ер байхгүй. “Хөөрхийс минь хахир хатуу улирлыг зовж давсан юм, нуруу нь тэнийг дээ” гэж хэлнэ гээд л ээж минь дурсан ярьдагсан. Байгаль дэлхийгээ тэгж ихээр хайрлан хамгаалж, өөриймсгөөр ханддаг, тийм л өр зөөлөн хүмүүс байсан болохоор нутаг минь өчнөөн зууны туршид унаган төрхөө алдалгүй хадгалагдан үлдэж дээ гэж бодогдоно.
 

ehsurealj

 

Гэтэл өнөө бидний үед байдал их өөрчлөгджээ. Төрсөн нутаг минь одоо танигдахын аргагүй болсон. Зүлэг ногоо нь юу юугүй халцарч тагжраад, суларч хөндийрсөн хөрс нь салхины аясаар нүүдэллэн хунгарлаж, энд тэндгүй элсэн довцогууд үүсч, ургамал ногооны төрөл зүйл нь жил ирэх тусам цөөрч, голын ус нь шимэгдэн нэг л өнгө сүргүй, эргэж тойрох эзэнгүй болсон мэт байхыг нь хараад өөрийн эрхгүй сэтгэл өвдөж, зүрх сэтгэл шимшрээд байдаг юм.

Чөлөөт зах зээл гэж бидний нэрийдэх энэ шинэ нийгэмд авахыг урьтаж, өгөхийг умартсан сэтгэлээр хандах олны хөлд талхагдан доройтсон бэлчээр нутгаа Төрийн бодлогоор хамгаалж хямгадах цаг нь нэгэнт болжээ. 2015 онд Монгол орны нийт нутаг бэлчээрийн хэмжээнд хийсэн төлөв байдлын үнэлгээгээр бүх нутгийн 65 хувийнх нь ургамлан нөмрөг, төрөл зүйл хурдацтайгаар буурч, доройтож байгаа гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Аль ч нутгийн захын малчин, сум, орон нутгийн удирдлагуудтай уулзаж ярилцахад малын тоо хэт олширч, бэлчээрийн даац хэтэрсэн, үүнээс үүдэн бэлчээр талхагдаж, бүтээмж нь буурч байгаа тухай ярьдаг. Гэвчиг зохицуулах арга хэмжээ авах шаардлага, арга замууд гээд ярих гэхээр нэг үгийн зөрөөгүй тэгсгээд дүйвүүлээд өнгөрөөхийг илүүд үзэх нь үнэхээр урамгүй.  Үүний хажуугаар үнэгүй зүйлд нугасгүй хүмүүс ашиг хонжоо харах нь энүүхэнд. Бэлчээр үнэгүй, дээр нь харж хандах тусгайлсан байгууллага энэ тэр байдаггүй болохоор эзгүйчлэх хандлагаар өөрсдөө хот суурин газар амьдрах мөртөө хөдөөний хамаатан садандаа ч юм уу эсвэл бүр тусдаа малчин хөлслөн ажиллуулж, хэдэн зуугаар нь мал хадгалах, зарим нэг нь хурдны морь тэжээж тансаглахыг нь хараад ер ойлгохгүй юм.

Өнөө үед бэлчээрийг зохистой ашиглах тухай асуудлыг дэвшүүлэхэд “нүүдэл суудал хязгаарлалаа, болохгүй бүтэхгүй” гэж таамгаар эсэргүүцэгчид их олон. Нөгөө хэсэг хүмүүс нь бэлчээрийн газрыг хувьчилбал энэ бүх асуудал шийдэгдэнэ гэж  туйлширна. Үүний хор уршиг, үр дагавар юу болсныг манай урьд хөршид бий болсон асуудлууд тодорхой харуулж байна шүү дээ. Бэлчээрийн ачаалал, даацыг зохицуулахын тулд тухайн бэлчээрт идээшлүүлэх малын тоо толгойг хоног, улирлаар нь зохицуулах шаардлагатай болно. Үүнийг хэрэгжүүлж чадах гол хүч нь  малчид өөрсдөө л юм.  Урьд нь гурван мал идэж байсан бэлчээрт одоо 15 мал идээшилж байгааг захын малчид ч, орон нутгийн удирдлагууд ч мэднэ.

Монгол Улсын бэлчээрийн талхагдлын шалтгааныг өмч эзэнгүйдэхийн сонгодог жишээ гэж гадаад, дотоодын эрдэмтэд сануулан хэлсээр олон жил өнгөрлөө.  Эдийн засагчид  үүнийг “нийтийн өмчийн эмгэнэл” гэж нэрийдэх бөгөөд онолын үндэслэлийг нь анх 1833 онд Английн эрдэмтэн Вильяам Фостер Ллойд боловсруулж, дэвшүүлсэн байдаг. Тухайлбал, нийтийн буюу дундын ашиглалтанд байгаа өмчийг ашиглагч бүр зөвхөн өөрийн хувийн ашиг орлогыг нэмэгдүүлэх сэдлээр хайр найргүй ашиглавал эцсийн дүнд уг дундын өмч нь устаж үгүй болж, бүх ашиглагчид нэгэн адил хохироход хүрнэ гэсэн дүгнэлтийг хийжээ. Вильяам Фостер Ллойд энэхүү онолоо тухайн үеийн Английн тосгодод малчид дундаа ашигладаг бэлчээрээ хэрхэн зүй зохистой ашиглах нь зайлшгүй чухал болохыг эс бөгөөс хор уршгийг нь бүгд хүртэх тухай жишээн дээр үндэслэн боловсруулжээ. Тосгоны захиргаа болон малчид хамтран хэлэлцэж тогтоосон журмандаа малчин нэг бүрийн дундын бэлчээрт оруулах малын тоо толгойг тогтоож өгдөг байжээ. Хэрвээ хэн нэг малчин нь өөрт зөвшөөрөгдсөн тооноос илүү тооны малыг дундын бэлчээрт идээшлүүлбэл хамтдаа ашиглаж байгаа бусад малчдынхаа ашиг орлогоос завшсан хэрэг болно. Малчин тус бүр үүнийг ухамсарлахгүйгээр өөрийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор илүү тооны мал бэлчээвэл дундын бэлчээрийн даац хэтэрч, талхагдан, тосгоны бүх малчид бүгдээрээ хохирно гэжээ. Энэ жишгээр бол  манай Монгол орны бэлчээрийн талхагдал доройтлын  гол шалтгаан, үр дагавар нь маш тодорхой байна. Энэхүү зүй тогтлыг гэтэл Англи улсад бараг 200 гаруй жилийн өмнө ажиглаж мэдээд, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх юм.

Монголд ч гэсэн хамтын эзэмшлийн бэлчээр нутгийг нүүдлийн аж ахуйд зүй зохистой ашиглаж байсан бичигдээгүй олон дүрэм журам, уламжлал мөрдөгдөж ирсэн байдаг. Нэлээн сүүл үед буюу 1940, 1970-аад оны үеийн хамтын эзэмшлийн бэлчээрийн ашиглалт, нүүдэл суудлыг зохион байгуулж байсан аргачлал, хэрэгжүүлсэн туршлагууд олноороо байна. Жишээ нь, С. Магсаржавын бичиж, Бямбын Ренчин гуайн хянан тохиолдуулсан “Бэлчээрийн эдэлбэр газар”, Ц. Намсрайжав гуайн “Бэлчээр ашиглалт, зохион байгуулалт”, Ж. Самбуу гуайн “Ардын нүүдлийн мал аж ахуйг сайжруулан хөгжүүлэх”, “Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай ардуудад өгөх сануулга, сургааль” зэрэг номуудад тодорхой өгүүлсэн байдаг. Хожим нь, эдгээр бүтээлүүд дээр суурилан доктор С.Жигжидсүрэн гуай “Бэлчээр ашиглах алтан дүрэм” номыг гаргаж олны хүртээл болгосон.

Мөн манайхтай ижил төстэй нөхцөлд нийтийн өмчийн бэлчээр болон бусад төрлийн байгалийн нөөцийг малчдад хуваан өмчлүүлэхгүйгээр, хэрхэн зохистой ашиглаж болох онолыг дэвшүүлсэн АНУ–ын эрдэмтэн Элеонор Остромын бүтээл 2005 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хүртсэн. Тэрбээр онолын үндэслэлдээ олон жишээ баримт татсаны нэг нь Швейцарийн Альпийн уулархаг нутгийн малчид дундын эзэмшлийн бэлчээрээ хэрхэн зөв зохион байгуулалттай, зүй зохистой ашиглаж ирсэн тухай юм. Элеонор Остром хэд хэдэн орны нийтийн буюу дундын эзэмшлийн бэлчээрээ хэрхэн зүй зохистой ашиглаж ирсэн туршлагыг харьцуулан судлаад, “нийтийн өмчийн эмгэнэл”-ээс  зайлсхийхэд баримталж хэрэгжүүлбэл зохих нийтлэг долоон зарчмыг олж тогтоожээ. Үүнд:

  1. Нийтийн эзэмшлийн газар нутгийн хил хязгаар тодорхой байх
  2. Тухайн орон нутгийн хэрэгцээ, нөхцөлд байдалд зохицсон нийтийн эзэмшлийн газар ашиглах дүрэм, журмыг боловсруулах
  3. Эдгээр дүрэм, журмыг боловсруулах, мөрдөх, өөрчлөхөд уг нийтийн эзэмшлийн газрыг ашиглагчид болон бусад бүхий л хамааралтай талуудын оролцоог бүрэн хангах
  4. Нийтийн эзэмшлийн газар ашиглагчдын гаргасан дүрэм, журмыг төр болон бусад талууд хүлээн зөвшөөрсөн байх
  5. Нийтийн эзэмшлийн газар ашиглагчдын бүрэн оролцоонд тулгуурласан хяналтын механизмыг бүрдүүлэх, мөрдөх
  6. Маргааныг шийдвэрлэх энгийн, өртөг зардал багатай механизм бүрдүүлэх
  7. Нийтийн эзэмшлийн газар нутгийг ашиглах хариуцлагын механизмын хэлбэр анхан шатны ашиглагчдад суурилсан, харин бусад оролцогч талууд үүнийг дэмжсэн үйл ажиллагаа, зохион байгуулалт хийх

Эдгээр зарчмуудын ихэнх нь Монгол орны дөрвөн цагийн улиралд нутаг бэлчээрээ сэлгэж амраан нүүдэллэн ашиглаж ирсэн,ус, хужир мараа, хадлан тэжээлийн талбай, нөөц бэлчээрээ дундаа зохион байгуулалттайгаар, харилцан найртай зүй зохистойгоор ашиглаж ирсэн манай малчдын олон зууны уламжлал байгаа учраас манай оронд хэрэгжих бүрэн боломжтой юм. Мэргэжлийн байгууллагуудын хувьд одоо мөрдөж байгаа дүрэм, журмуудаа улам боловсронгуй болгож, ажлаа уялдуулах нэн ялангуяа хэрэгжүүлэх тал дээр хүч хаян ажиллах хэрэгтэй. Эдгээр зарчмуудыг төрийн бодлого, хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулан, хяналт тавихын сацуу хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжвэл бэлчээр нутгийн доройтол, талхагдлын асуудлыг малчдын өөрсдийх нь язгуур эрх ашигт нийцүүлэн, тэдний хүчин чармайлтад түшиглэн иж бүрнээр шийдвэрлэх боломжтой.

Монгол орны газар нутгийн 80 гаруй хувийг эзэлдэг тал хээр нутаг нь зөвхөн малын бэлчээр болоод зогсохгүй эх газрын хуурай, хуурайвтар хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицох чадварыг хэдэн зуун сая жилийн байгалийн шалгарлын явцад бий болгосон өөрийн өвөрцөц ургамал, хөрс, амьтны бүтэц бүхий, тэр тусмаа дэлхий дээр онгон зэрлэг байдлаа өнөөг хүртэл хэвээр хадгалж чадсан онцлог экосистем учраас энэ байдлаар нь хадгалахын чухлыг гадны судлаач эрдэмтэд чухалчлан захихыг би олонтоо сонссон. Нөгөөтэйгүүр,Умард Азийн өндөрлөг эх газарт, байгалийн хур тунадас багатай, гадаргын усан хангамж арвин биш, эмзэг хөрстэй манай орны бэлчээр нутгийг урт хугацааны туршид  тогтвортой ашиглах хамгийн зүй зохистой арга зам нь уламжлалт нүүдлийн аж ахуйн маягаар өөрөөр хэлбэл ачааллыг нь тааруулан сэлгэж амрааж ашиглах явдал мөн гэдгийг дэлхийн олон орны эртэмтэд санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг.

Саяхан АНУ–д хэсэг эрдэмтэд, уул уурхай ид хөгжиж байсан 1960-аад оны үед сүйтгэгдэж ул мөргүй алга болсон хуурай, хуурайвтар тал хээр нутгийн унаган зүйл ургамал, хөрсний төлөв байдлыг манай Монголоос олж харж, ямар өөрчлөлт явагдсаныг суурь түвшинтэй нь харьцуулан судлах боломж гарсан тухай мэдээлсэн. Энэ судалгаан дээр үндэслэн сүйтгэгдэж алга болсон ургамал, хөрсний тогтоц, амьтны аймгийг дахин бий болгоход хэр их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагдахыг тооцож болох юм байна лээ.

Швейцарийн Цюрих хотын Технологийн дээд сургуульд эдийн засгийн мэргэжлээр суралцах элсэлтийн шалгалтаа амжилттай өгсөний дараа сургуулийн удирдлага “Байгаль орчны шийдвэрийн судалгааны хүрээлэн”-д харьяалагдан судалгааны ажлаа хийх санал тавихад нэлээн их эргэлзэж билээ. Тэгээд эдийн засгийн ухааны чиглэлээр судалгааны төслөө боловсруулснаа багшдаа сануулан хэлэхэд хариуд нь “Харин ч би чиний төслийг хараад энэ сургуульд орвол ирээдүйтэй юм болов уу гэж бодсон. Учир нь эдийн засгийн үр ашгийн тухай асуудал ямагт байгаль орчинд үзүүлж байгаа эерэг болон сөрөг нөлөөллийг тооцдог болж байгаа. Энэ нь ялангуяа танай Монгол орны хувьд бүр ч чухал асуудал. Монгол орон бол онгон зэрлэг байгалиа харьцангуй сайн хадгалж үлдсэн цөөн орны нэг учраас байгалийн унаган өгөгдлийг баталгаажуулах хамгийн боломжтой газар. Байгаль орчин хэрхэн өөрчлөгдөж, экологийн тэнцвэрт байдал алдагдаж буйг энэ цэгээс судалж тогтооход илүү дөхөмтэй. Гэтэл дэлхийн ихэнх оронд хүний буруутай үйл ажиллагаа болон аж үйлдвэржилтийн нөлөөгөөр байгаль орчин нь маш их өөрчлөгдсөн учраас суурь үнэлгээ тогтоох бараг боломжгүй, яг юутай харьцуулж өөрчлөлтийг хэмжих нь ихэд төвөгтэй асуудал болоод байна. Харин ч эдийн засаг, зах зээлийн үр ашиг талаас нь харвал Монгол орон байгалийн цэвэр жинхэнэ органик үйлдвэрлэл эрхэлж эдийн засгаа хөгжүүлэх боломж бусад орнуудтай харьцуулбал илүү гэж би боддог юм” гэж манай багш хэлсэнсэн. Энэ сургуульд суралцах хугацаандаа Швейцарийн эрдэмтдийн санал болго­сончилон, Монголын нутаг дэвсгэрийн 80 гаруй хувийг эзэлдэг бэлчээр нутгийн төлөв байдлын өөрчлөлтийг байгалийн унаган өгөгдөлтэй нь харьцуулан үнэлэх, талхагдаж доройтсон бэлчээрийг байгалийн аясаар нөхөн сэргээх боломжийг судлах ажлын онцгой ач холбогдлыг бүрэн дүүрэн ойлгож билээ. Ногоон Алт Төслийн хүрээнд бараг найман жил үргэлжилсэн судалгааны үр дүн дээр үндэслэн Монгол орны бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн загваруудыг гаргаж, Ус цаг уур байгаль орчны хяналтын албан дээр мэдээллийн баазыг бий болгосон. Үүнийг би Монгол орны бэлчээрийн тооллого гэж нэрлэх дуртай. Бид чинь малаа, хүнээ тоолно. Энэ хоёрыг тэжээж байгаа бэлчээр нутгаа үл тоомсорлон олон жил явлаа шүү дээ. Энэ судалгаагаар доройтож өөрчлөгдсөн бэлчээрийн ихэнх буюу 90 гаруй хувьд ачааллыг нь  бууруулбал байгалийнхаа аясаар сэргэх боломж байгааг олж тогтоосон. Үүнийг Монголын бүхий л байгалийн бүс бүслүүрт хийсэн олон жишээ туршлага нотолж чадна. Жишээ нь, Ховд аймгийн Чандмань суманд малчдад харуулах зорилгоор талхагдаж нэлээн доройтсон хэсэг газрыг хоёр жил гаруйн хугацаанд малын хөлөөс чөлөөлөхөд ургамлын нөмрөг, хөрс ийм ил тодоор сэргэж байгаа юм.

Монголын бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ хийхэд бидэнд тусалсан Америк, Швейцарь зэрэг олон орны эртэмтэн судлаачид дэлхийд нэн ховордсон зарим нэг байгалийн хөрс, ургамлын унаган төлөв байдлыг Монголоос олж харж болохыг тогтоосонд би л лав хувьдаа их баярласан.  Харин хэрэв ашиглалтаа зохицуулж, хяналт тавих арга хэмжээг цаг алдалгүй авахгүй бол жил ирэх тусам олон зүйл бэлчээрийн ургамал үүрд мөнх устаж, элэгдэл хөрсөндөө орж салхи, усны элэгдэлд автаж гүнзгий жалганууд бий болон жинхэнэ утгаараа цөлжинө.

Гэхдээ сүүлийн жилүүдэд яг малчны хотонд нь очиж ажиллан, уйгагүй тайлбарласны үр дүн гарч олон сумын малчид бэлчээр нутгийнхаа эрүүл байдлыг хадгалахын төлөө нэгдэж, нутгийн удирдлагатайгаа бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан хичээн ажиллаж байгааг хараад тэд маань нэгэн цагт төрсөн нутгийнхаа унаган төрхийг дахин сэргээж чадна гэх итгэл улам ихээр төрсөөр байгаа. Миний хувьд ч мөн ялгаагүй сэтгэл өвдөхгүйгээр төрсөн нутагтаа өнжин хонон саатаж, унаган төрхөө олж өнгө засахын харан баясаж, өвөө аав, эмээ ээж, аав, ээжийнхээ тухай бүлээн сайхан дурсамжаар сэтгэлээ хөглөн суух сайхан мөчүүд ирнэ гэдэгт итгэсээр л байна.

Судлаач Ц.Энх-Амгалан
Зууны мэдээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Өвгөн 2018-04-12 04:57:07
    Нүүдэлчдийн хувьд энэ амин асуудал гэвч үүнийг аваад үлдэх сүвтэй нэгэн гарахгүй байгаа нь илүү эмгэнэл, саяхан дэлхийн ардчилал гээд чаралж байсан олон байв у...
    49.0.213.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-04-11 11:40:55
    Татвар төлсөн цалингаасаа үүсгэсэн хадгаламжаасаа татвар төлж байхад малтай иргэд ус билчээр ашигласаны татварыг малын тоо толгойгоор төл өөр гарц үгүй
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • авлига 2018-04-11 08:52:59
    нийтийн өмчийн эмгэнэл чинь авлига, албан тушаалтны өмчийн хулгай шүү дээ байна
    202.70.33.242
    Мэдэгдсэн Хариулах