Ж.Энхбаяр: Ус бохирдуулсны шийтгэлийг нь чангалах нь зүйтэй

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хуралдааныг Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир даргалж, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр тогтлоо.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын  дэд сайд Ц.Батбаяр танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, эко системд сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол ихээр гарах болсон. Ялангуяа  Нийслэл Улаанбаатар хотын хувьд үйлдвэр аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, тэдгээрээс үүдэлтэй Туул голын бохирдол зэрэг нь байгаль орчин төдийгүй хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлээд байна. Иймээс хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах, цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартын түвшинд нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдийг бодлогоор дэмжсэн ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгож хэрэгжүүлэх нь байгаль орчны, тэр дундаа усны салбарын нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болоод байгаа талаар дурдлаа.

Хуулийг хэрэгжүүлэхэд бодит байдалд нийцүүлэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт их дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж, төрийн байгууллагуудын чиг, үүргийг илүү тодорхой болгож хуулийг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж хууль санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд Ажлын хэсгийнхнээс асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс хууль хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс хэдэн төгрөг төвлөрүүлэх, ус болон байгалийн нөөц ашигласны төлбөрийг эргүүлэн нөхөн сэргээлтэд зарцуулахад салбарын яамны зүгээс барьж байгаа бодлогын талаар илүүтэй тодруулж байлаа.

Ажлын хэсгийнхэн, хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс нэг тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум төгрөг, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо гаргасан. Төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэн, усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт, шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулна. Түүнчлэн орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар тусгасан гэж хариулав.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. 2030 он гэхэд Улаанбаатар хотын усны нөөц шавхагдана гэсэн судалгаа бий. Иймд арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, уул уурхайн салбараас ус бохирдуулсны төлбөр авч, торгууль, шийтгэлийг нь чангалахыг дэмжиж байна. Харин  уламжлалт мал аж ахуй, газар тариалан зэрэг хөдөө аж ахуйн салбарт байгалийн нөөц ашигласны төлбөр тогтоох асуудалд болгоомжтой хандахыг анхааруулмаар байна” гэж байлаа.

Харин УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Ус болон байгалийн нөөц ашигласны төлбөр авч байгааг дэмжиж байна. Гэхдээ Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлсэн энэхүү орлогоо эргээд зориулалтын дагуу ашиглахад салбарын яам цаашдаа анхаарч, ажиллах шаардлагатай” гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Солтан “Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ ус бохирдуулсны төлбөр, татварыг нь авсан бол хиймэл нуур байгуулах зэргээр усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах шаардлагатай” гэсэн байр суурийг тус тус илэрхийлсэн.

Ингээд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90,9 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • туул гол 2018-04-10 12:41:53
    богд уулын ам туул голын эрэгт сундэрлэх олон барилгыг цэгцлэж чадахгуй байж мал газар тариалангаас усы телбер авна гэдэг ч солиотой хуний ажил байхаа
  • Бат 2018-04-10 07:45:33
    Мал бүхий иргэдийн тодорхой тооны малыг чөлөөлж үлдсэн мал бүрийн тоогоор усны ашигласан татвар ав орон сууцны иргэд бүгд л усны татвар өгч байгаа шүү дээ
  • !!! 2018-04-10 06:23:39
    Za ene tun chuhal zuil shuu Gol Us, Bulgaa odoo zag aldalgui hairalj hamgaalahgui bol ch usgui boloh oirhon b na daa !! J Enkhbayriig DEMJIJ b na!