Хаврын чуулган нээлтээ хийж, БНТУ-ын Ерөнхий сайд айлчилсан долоо хоног

Өнгөрч буй долоо хоног улстөрийн хүрээнд өрнүүн үйл явдалдтай байлаа. Тухайлбал, 2018 оны хаврын чуулган нээлтээ хийсэн бол, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах, Турк улсын Ерөнхий сайд Бинали Йылдрырым манай улсад албаны айлчлал хийсэн бол, АТГ-ынхан албан тушаал, авлигын хэргээр Сангийн сайд асан С.Баярцогт тэргүүтэй хүмүүсийг баривчилсан, улстөрийн бусад намууд хаврын чуулганыг эсэргүүцэж Төрийн ордны гадаа жагссан гээд үйл явдал ихтэй долоо хоног өнгөрсөн юм. Ингээд онцлох үйл явдлуудыг тоймлож байна.

 
АТГ-ынхны ээлжит баривчилгаа ширүүн байв


Улирч буй долоо хоногийн даваа гарагийн өглөө АТГ-ын мөрдөн байцаагчид гурван хүнийг баривчилан саатуулсан мэдээ нь дуулиан тарив. Тухайлбал, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, эдийн засагч Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар цагдан хорьсон бол мягмар гарагт “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалаар баривчлагаагаа үргэлжлүүлэв. Дараагийнх нь баривчлах хүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байсан боловч тэрбээр АНУ-д өвчтэй дүүгээ асарч яваа гэсэн мэдээллийг өгчээ. Тиймээс прокурорын байгууллагаар түүнд дуудах хуудас хүргүүлсэн байгаа. Тэрбээр хэзээ эх орондоо ирнэ тэр үед дуудаж шалгана гэдгийг эх сурвалж хэлсэн юм.
 

Чуулганаар хэд хэдэн асуудлыг онцлов


Хаврын чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга хэд хэдэн гол асуудлыг онцлов. Эхний ээлжинд ажлаа хийдэггүй, албан тушаал, авлига хээл хахуулын хэрэгтнүүдтэй тэмцэж чадахгүй байгаа АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг ажлаас нь чөлөөлнө гэдгээ мэдэгдлээ. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч нарыг шалгуулж, хариуцлага тооцно гэлээ. Энэ хавраас эхлэн цаг хугацаа алдахгүйгээр томоохон төслүүдээ хөдөлгөнө гэв. Хүүхдийн мөнгийг 100 хувьд нь олгох хуулийн төслийг өргөн барив. Түүнчлэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуульд өөрчлөл оруулахаар өргөн барьсан гэх мэтээр төрийн хойшлуулашгүй олон ажлыг цаг алдалгүй хийнэ гэдгээ чуулганы нээлтэн дээр хэлсэн билээ.
 

 
Бага дунд орлоготой иргэдийг орон суужлуулахад хамтарна

 
Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албаны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тус улсын "TOKI" (Нийтийн орон сууцны байгууллага)-ын Ерөнхийлөгч Эргүн Туран, зөвлөх Адил Чалишкан нар  Төрийн орон сууцны корпорацид зочлов. "TOKI"-гийн Ерөнхийлөгч Эргүн Туран энэ үеэр хэлэхдээ, "Ах дүүгийн найрамдалтай Монгол Улсад анх удаа айлчлан ирж буйд баяртай байна. Бидний зүгээс танай байгууллагатай нягт уялдаатай хамтран ажиллахыг хүсч байгаа бөгөөд Монгол Улсад бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бүтээн байгуулалтыг хамтдаа хийхэд таатай байх болно" гэжээ.
 

Хүүхдийн мөнгийг олгохоор шийдвэрлэлээ


Өнгөрсөн долоо хоногийн бас нэгэн сайхан таатай мэдээ бол хүүхдийн мөнгийг олгох шийдвэрийг гаргасан Засгийн газрын хуралдаан байлаа. Хуралдаанаар хүүхдийн мөнгөний олгох хүрээг нэмж, нийт 80 хувьд буюу 200 мянга орчим хүүхэд хамруулах шийдвэр гаргасан нь улстөрийн онцлох шийдлүүдийн нэг яах аргагүй мөн байв. Ерөнхийлөгч Х.Баттулга “хүүхдийн мөнгө халамж биш юм, хүн амаа өсгөх бодлого” юмаа гэж хэлсэн бөгөөд хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох хуулийн төслийг өргөн барьсан байгаа юм. Хэрвээ хууль нь батлагдвал 0-18 насны бүх хүүхэд хамрагдана гэсэн үг юм. Ийнхүү хэдэн сар түр завсарлаж, хүлээлт үүсгээд байсан хүүхдийн мөнгийг ирэх сарын 01-нээс өгөхөөр боллоо.
 

“Бандааш” гишүүний хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнээд тогтов

 
Улс төрийн хүрээнд яах аргагүй анхаарал татсан нэг асуудал бол “бандааш” гишүүн Д.Гантулга байв. Долоо хоног Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Эрдэнэтийн асуудлаар өрнөж, эцэстээ Д.Гантулгаар гал өрдөж дуусгав. Хаврын чуулган нээлтээ хийсэн эхний өдрөөс түүнийг бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-д өгөх гэж байна гэсэн “бор шувуу” Төрийн ордонд нисэв. Прокурорын байгууллагаас 48 цагийн дотор бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгөхийг шаардсан билээ. Гэвч тэрбээр албан тушаалаас буухыг хүсээгүй бололтой. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гаргасан алдаагаа ухамсарлаж өөрийн хүслээр бүрэн эрхээ чөлөөлсөнгүй. Олонхи болсон намынх нь ч хуулийн мухардал гэсэн арга залиар авч үлдэх шиг боллоо. Уг нь МАН-ын бүлгийн хурал дээр бүрэн эрхээсээ түдгэлзэх саналаа оруулсан. Иймээс түүний саналыг хуулийн дагуу УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдсан боловч хуулийн мухардалд орсон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийж, чадамжгүй УИХ гэдгээ харуулж амжив. Өөрөөр хэлбэл  Улсын ерөнхий прокуророос ирсэн санал нь Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.9 дээр үндэслэгдсэн байна. Ингэхээр уг хуулийн заалтыг эргэн сэргээх эсвэл хуульд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүсч байгаа бололтой. Энэ нь уг асуудлыг шийдвэрлэх хүртэл УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрх хэвээр үлдэж байна гэсэн үг юм.

 
АТГ-ынхан захидалд дарагдав


Энэ долоо хоног захидалд дарагдсан долоо хоног байлаа. Шведийн Вант улсад суугаа Монгол Улсын Элчин сайд М.Энхсайхан Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд ил захидал илгээсэн нь араасаа олон захидал дагуулав. Түүнийг Тавантолгойн гэрээний талаар байцаалт өгөхийг АТГ-аас хүссэн бол хариу тайлбараа захидлаар дамжуулжээ. Үүний дараа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-аас АТГ-ынханд хаягласан захидал байлаа. Түүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар байцаалт мэдүүлэг авахаар дуудах хуудас хүргүүлсэн байгаа. Харин тэрбээр хариуд нь “Ирэх долоо хоногтоо эх орондоо ирнэ” гэсэн байв.

Улс төрчдийн захидлуудын араас “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар цагдан хоригдоод байгаа “Жаст” компанийн захирал Ш.Батхүү хорих ангиас захидал бичсэн нь мөн л олны анхаарлыг татсан. Тэрбээр “Стандарт” банкинд “Эрдэнэт”  үйлдвэр энэ их зээлийг төлөх ёсгүй гэдгийг мэдэгдэхийн хамт хэрэв миний амь насанд аюул учирвал гэм буруутай цөөнгүй хүн ял завшина гэдгийг сануулсан байв.
 

Газар аваагүй эсэргүүцлийн жагсаал

 
Хаврын чуулгантай хамт хаврын синдром эхлэв. Чуулганы нээлтийн үеэр бусад улс төрийн намууд болох МАХН, Монголын ногоон нам, ИЗНН-аас Улсаа аврах үндэсний хөдөлгөөнийхөнтөй нэгдэн нийлж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан ч газар авсангүй. Оюутолгойн гэрээг цуцлахыг мөн урагшгүй УИХ-ыг тарахыг шаардсан жагсаал сүүлдээ экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын зургаар сор залаад өндөрлөв. Бараа сүр муутхайхан, бодлого зорилго нь тодорхойгүй энэ жагсагчдын ихэнх нь МАХН-ыг дэмжигчид байв.
 

МҮБХ-ны тэргүүний асуудал шийдэгдсэнгүй


Удирдлагуудынхаа асуудлаас болж хөнжил дотроо хөлөө жийлцсэн МҮБХ-ны хэрүүл маргаан савнаасаа халиад удав. Шинэ удирдлагаа сонгож чадахгүйгээс болж нийгэмд хоёр тэргүүнтэй болсон гэх ойлголтыг төрүүлээд байна. Эцэстээ энэ асуудал хууль шүүхийн байгууллагад шалгагдаж эхлэв. “Их эе” хуралдуулж, гишүүдийн саналаар Дархан аварга Б.Бат-Эрдэнийг сонгож Цэцдийн зөвлөлийн хурлаар баталгаажуулсан байхад нөгөө хэсэг нь холбооны тэргүүнээр “Гацуурт”-ын Л.Чинбатыг албан ёсны тэргүүн нь мөн гэсэн тамга, тэмдэг бичиг баримтыг үзүүлж, нэгнийхээ эсрэг мэдээлэл цацаж эхэллээ. Хэн нь хуурамч тамга тэмдэг бүрдүүлж, албаны ёсных хэмээн зарлаж тунхаглаад байгааг хууль хяналтын байгууллагаас шалгаж тогтоох бизээ.

О.Сайхан
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-04-08 14:07:24
    зам хааж улсаа ардчилсан биш гэж харуулах хэрэг байсан уу?
  • Сонгогч 2018-04-08 08:25:28
    Оюунчимэг гэдэг УИХ ын гишүүн хүүхэн Бандаашаа өмөөрөөд бга юм уу цаад эмэгтүүд нь ямар хүмүүс билээ энэ тэр гээд мэддэг бол хэлээч эргүү авгай