Монгол дахь турк сургуулиудыг Туркийн талд шилжүүлэх асуудлыг хөндлөө
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа.

Ноён Бинали Йылдырым "Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн хэлэлцээний үеэр харилцаа, хамтын ажиллагааны олон чухал асуудлаар дэлгэрэнгүй хөндөж ярилцсан. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа байгаа боломжийнхоо түвшинд хүрэхгүй байгаа тул хэрхэн сайжруулах талаар санал бодлоо илэн далангүй солилцлоо. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд шууд нислэгийн тоог нэмэх зайлшгүй шаардлагатай. Харилцаа холбоо, тээвэргүйгээр хамтын ажиллагаа урагш ахихгүй. Манай иргэд өвөг дээдсийнхээ нутагт ирэх маш их сонирхолтой байдаг. Түүнчлэн Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг ажил хэрэг болгох асуудлыг бид эхлээд байгаа” гэлээ.

Уулзалтын үеэр Монгол дахь турк сургуулиудыг БНТУ-ын Үндэсний боловсролын яамны дэргэдэх “Маариф” санд шилжүүлэх тухай асуудлыг хөндөж ярилцсан бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд эдгээр сургуульд суралцаж буй монгол хүүхдүүдийн эрх ашгийг хөндөхгүй байх нь чухал болохыг онцлоод, хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны гадаад худалдааны эргэлт 31.7 сая ам.доллар байгаа нь үнэхээр чамлалттай болохыг тэмдэглээд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын шууд хэлхээ холбоог өргөжүүлэхийн тулд хамтарсан уулзалт, семинар зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулах, үүнд нь төр, засгаас дэмжлэг үзүүлэх явдал чухал. БНТУ-д хийсэн айлчлалаар Истанбул хотноо Туркийн Гадаадтай эдийн засгаар харилцах зөвлөл, Зөвлөл дэх Турк-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны удирдлагуудтай уулзах үеэр хамтран ажиллах маш таатай хөрс суурь байгааг бүрэн ойлгосон. Мах, сүү, газар тариалан, жимс, ногооны үйлдвэрлэл, экспорт, импорт, барилга, зам гүүрийн бүтээн байгуулалт, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт гээд боломжит салбар олон байна. Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолборын төсөл хэрэгжих нь хоёр ард түмний эрх ашигт бүрэн нийцнэ гэж үзэж байна.

Хоёр улс боловсролын салбарын хамтын ажиллагаанд томоохон туршлага хуримтлуулсан. Монголын олон залуус Туркт боловсрол эзэмшиж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Цаашид суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарал тавихыг хүсье гэв. Түүнчлэн шууд нислэгийг нэмэгдүүлэх асуудлаар хоёр талын иргэний агаарын тээвэрлэгчид болон Иргэний нисэхийн байгууллага ойрын үед уулзаж, харилцан ашигтай байх шийдлийг олно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, “Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарыг либералчлах бодлого хэрэгжүүлэхээр судалгаа хийж байгаа” хэмээн тэмдэглэв.

Тэрбээр Туркийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага ТИКА-гаас Монгол Улсад хэрэгжүүлсэн хөтөлбөр, төслүүдийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, цаашид үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй өргөжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын түвшинд харилцан бие биенийг дэмжсээр ирсэн бөгөөд цаашид энэ уламжлалт байр суурь үргэлжилнэ гэдэгт итгэж байгаагаа онцлов.

Ноён Бинали Йылдырым Туркийн их, дээд сургуульд Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэх асуудлыг нааштайгаар шийдэж, ТИКА-гийн шугамаар Монголын ард түмэнд тустай, нийгмийн чиглэлийн төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно гэлээ.

Уулзалтын үеэр ирэх онд тохиох, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үр дүнд хүргэсэн далайцтай амжилтаар угтах, урлаг соёлын томоохон арга хэмжээ зохион байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байгаагаа тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.