Биднийг төлөөлөх ёсгүй хүмүүс худал мэдээлэл хийсэн тул шүүхэд өгнө гэлээ
“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийнхэн дотроо “зодолдож” эхэлжээ
 
“Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь 1500 гаруй ажилтантай бөгөөд дотроо хоёр холбоотой гэх. Тэгвэл энэхүү холбоод дотроо эрх ашгийн төлөө, өөр ашиг сонирхлын төлөө удирдлага, ажилчид нь хагаралдан маргалдаж, Нийтийн тээврийнхнийг нийгэмд муухай харагдуулж эхэллээ.

Хоёр хоногийн ЗТН-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны удирдлага гишүүд хэвлэлийн бага хурал хийж, тус нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатарын хууль бус үйлдэл, ажлын байрны дарамт шахалтын талаар мэдээлсэн бол өнөөдөр энэ мэдээллийн эсрэг ЗТН-ийн “Эв нэгдэл” үйлдвэрчний хорооны гишүүд, Захиргаа удирдлагын хүний нөөцийн хэлтсээс мэдээлэл хийлээ.

Тэдний ярьж буйгаар “Биднийг төлөөлөх ёсгүй ажлаасаа халагдсан, тэтгэвэртээ гарсан хүмүүс байгууллагын нэр хүндэд халдаж худлаа мэдээллийг хийсэн. Тиймээс нэр төрөө сэргээлгэхээр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өнөөдөр хандаж байна. ОНӨААТҮГ-ын дарга Н.Төрбатыг хэсэг хүмүүсийг дагуулан бидний эсрэг турхирч нийгэмд буруу сөрөг мэдээлэл өгөөд байна” гэсэн юм.

Тэгвэл хоёр хоногийн өмнө хийсэн мэдээлэлд “Тэтгэвэртээ гарсан шалгагч нар өнөөдрийг хүртэл тэтгэмжээ авч чадаагүй байна. Албан тушаалын хэрэгт Г.Төмөрбаатарыг шалгагдаж буруутай нь тогтоогдсон. Жолооч, шалгагч нарыг байнга дарамталдаг. Ажлын цагийг сунган нэмэгдүүлж, хөдөлмөрийн чадварыг алдагдуулж байна” гэх мэтээр мэдээлэл хийснийг ийнхүү өнөөдөр үгүйсгэлээ.

Ингээд өнөөдөр мэдээлэл хийсэн удирдлага, ажилчдаас дараах тайлбарыг авлаа.

Ц.Ариунбаатар: Н.Төрбатын бүрэн эрхийн хугацаа дууссан байгаа

“Эв нэгдэл” ҮЭХ-ны дарга Ц.Ариунбаатар “Сүүлийн үед өмнөх Автобус-1 үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга байсан Н.Төрбат хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан бидний нэр хүндэд халдаж байна. Энэ хүн ямар нэгэн гишүүнчлэл байхгүй, бүрэн эрхийн хугацаа нь дууссаныг үл зөвшөөрч, өөрсдийн эрх ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн удирдлагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа буруу ташаа мэдээлэл өгч байгаа болохоор шүүхэд өгөх болсноо мэдэгдэж байна. Үйлдвэрчний эвлэлийн хороо гэдэг ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах ёстой болохоос аль нэг намын, улстөрийн ашиг сонирхлын үүднээс ажилладаггүй юмаа. Тиймээс энэ хүн бид нарыг төлөөлөх эрхгүй юм” гэв.  

Ц.Өлзийтогтох: Н.Төрбат дарга биднийг хохироож байсан

Үйлдвэрчний эвлэлийн гишүүн, жолооч Ц.Өлзийтогтох “Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулагдаад нэг жил болсон байна. Энэ хугацаанд ямар нэгэн доголдолгүй, ажилчдынхаа эрх ашгийг хамгаалсан хамтын гэрээ байгуулаад хэвийн ажиллаж байна. Энэ Н.Төрбат гэж хүнийг бидний нэр хүндэд дахин халдах юм бол хуулийн хариуцлага тооцуулна гэдгийг хатуу анхааруулъя. Тэрбээр хорооны дарга байхдаа ажилчид бидний төлөө ажиллаагүй, харин ч биднээс хурааж авсан татварын мөнгө болох 36 сая төгрөг шүүхээр татварын мөнгө гэж гаргуудж авсан 28 сая төгрөг гээд нийт 60 гаржй сая төгрөгийн юунд зарцуулсан нь тодорхой бус байдаг. Харин ч биднийг хохироож байсан нэгэн” гэлээ.

Б.Дуламсүрэн: Тэтгэмжээ аваагүй гээд байгаа хүмүүс бүгд авсан юм

Захиргаа удирдлага хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Дуламсүрэн “Манайхыг төлөөлөх ёсгүй, ажлаасаа халагдсан, тэтгэвэрт гарсан хүмүүс удаа дараа, улстөрийн зорилгоор ташаа мэдээлэл өгч байгаа учраас бидний зүгээс залруулга, үнэн зөв мэдээллийг өгч байна. Автобус 3 дугаар баазын үйлдвэрчний эвлэлийн дарга П.Баттулга гэж 2 жил цалин аваагүй гэж ярьсан нь худлаа юм. Энэ хүн 2012 онд ажиллаж байгаад 2015 онд ҮЭХ-ны дарга болъё гэсэн хүсэлтээр дарга болсон. Тэгээд 4 сар ажиллаж байгаад буцаад жолооч болох хүсэлтээ өгсөн. Хүсэлтийн дагуу ажилд нь авсан тушаал нь ч бий. Хоёр жилийн хугацаанд цалингаа бүрэн бүтэн аваад явсан баримт нь байна. Харин шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй байсан болохоор байгууллагын дотоод журманд ноцтой зөрчил гаргасан хэмээн хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан юм. Мөн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудал гэвэл тэр тэтгэмжээ аваагүй гээд байгаа Уранхайч, Энхтүвшин гэх хүмүүс тэтгэмжээ авсан баримт нь  байна. Тэр 40 гаруй ажилтан тэтгэвэрээ аваагүй гэдэг нь бас худлаа, нотлох баримтууд нь бүгд байгаа. Цаашдаа байгууллага болоод удирдлагын нэр хүнд халдаж байгаа учраас зохих шатны байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэхийг албан ёсоор мэдэгдэе” гэсэн юм.





О.Сайхан
olloo.mn
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-04-07 19:15:28
    яах гээд байгаан. шүүхэд итгэх хэрэггүй ээ. зүгээр л чөдөр өшиглүүлчих.