
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин Нийслэлчүүдийн хаяанд айлсаж, хаалгыг нь тогшоод ороод ирлээ. Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлчээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Мал бордоход шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Шүлхий өвчнөөр өвчилсөн таван үхрийн эзэн Төмөрбаатар нь өнгөрсөн арваннэгдүгээр сард бүх үхрээ вакцинд хамруулсан ч дээрх үхрүүдээ өвчний голомттой бүсээс авчирснаа тас нуун дарагдуулсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байна.
Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Адилбишийн хэлснээр “Бидний таамаглаж байгаагаар устгалд оруулсан таван үхэр нь вакцинжуулалтад хамрагдаагүй байсан юм билээ. Энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Шүлхийн голомттой бүсээс үхэр нууж авчирсан эсэхийг нь тогтоох байх” гэсэн юм.
Дашрамд дуулгахад, Нийслэлийн нутаг дэвсгэрт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг ирэх тавдугаар сарын 1-нээс хийх юм байна. Одоогоор хязгаарлалтын бүсэд буюу шүлхий гарсан газартай ойр байгаа 2500 малд вакцин хийжээ.
О.Сайхан
olloo.mn