Бүргэдийн домог

Жигүүртэн дундаа хамгийн урт насалдаг нь бүргэд. Гэвч бүргэд шувуу ийнхүү урт наслахын тулд амь дүйсэн хүнд шийдвэрийг гаргах болдог. Учир нь бүргэд 40 нас хүрээд үхэх, сэхэхийн аль нэгийг сонгох хэрэгтэй болдог байна. Тэнгэрийн хөх мандалд 40 жил халин ниссэн энэ дайчин шувууны далавч өд сөдөндөө дарагдаж, ан авлах төдийгүй дэвэн нисэхэд хүртэл төвөгтэй болдог аж. Хүнддэж жин дарсан даль жигүүр нь цээжнийх нь хөдөлгөөнийг хорьж, улмаар бүргэдэд жинхэнэ сорилтыг тулгана.

Нэг бол үх, эсвэл амьдар!
Гэвч амьдрахын тулд асах их тэсвэр хатуужлыг туулж, шантралгүй тэмцэх ёстойг амьдрал тулгадаг аж.

Хөөрхий бүргэдийн цөөнгүй нь тэр шалгуурын өмнө хүчин мөхөсдөж 40 хүрээд тэнгэрийн мандлаас үүрд сарнин алга болдог бол халуун сорилтыг яс зааж туулсан хэсэг нь цаашид амьдардаг аж. Тэгж шийдсэн бүргэд өндөрлөг газар үүрээ сайтар базаагаад өөрийн өд сөдийг хайр найргүй зулгааж эхэлнэ. Хүнд хөнгөн гэлтгүй хамаг өд сөдөө асар их өвдөлтийг даван байж эвэр хошуугаараа сугачин хаяна. Тэнгэрээр нэг салхинд хийсэх өдний эзэн хөөрхий бүргэд ийнхүү харгис гэмээр ч үхэхгүйн тулд өөрийгөө “нүцгэлж” орхино.

Тэр мөчөөс хойш дараагийн 150 хоногийн турш жинхэнэ хар дарсан зүүд үргэлжилнэ. Өд жигүүргүй болсон анч бүргэд үүрнээсээ нисэх нь байтугай холдох ч тэнхэлгүй өлсөж ядрахын туйлийг гэтэлнэ. Нар, салхи, бороо, шороо гээд халуун хүйтний халийг дааж, туулах шалгуур зугуухан хөвөрнө. Таван сар ийнхүү шазуур зааж, тэвчээрийн хатыг сэтлээд сая нэг өд сөд идэр залуу бүргэдийнх шиг сөдөлж дуусна. Ингэж тэсч чадсан дайчин бүргэд дахин 30 жил тэнгэртээ халин нисэх тэнхэл олдог. 30 жил! Ингэж тэд 70 насалдаг.

Аадар шаагих, мөндөр бөмбөрдөхөд бүхий л шувууд ойр орчмынхоо хад бут, агуй хонгил, тэр ч байтугай, нүх сүвэнд орж хоргоддог. Сүүдрэвч халхавчинд тэд найддаг. Харин бүргэдэд тийм зан байхгүй. Бороо орж эхлэнгүүт зөвхөн бүргэд л түүний тусгалыг сөрөн нисдэг. Борооны эсрэг, шуурга сөрөн байгалийн давагдашгүй хүчний тэсрэг эрслэн ниссэн бүргэд сая үүлсийг нэвтлэн түүний дээд чинадад тэнгэрийн мандалд цойлон гарна.

Борооны үүлний дор хоргодолгүй, харин ч зангирсан хар үүлсийн дээр гарч омог бардам, сүр жавхлангаа харуулан исгэчин нисэх бүргэд бахдам. Бүргэд тийм л жигүүртэн аж. Ер бусын эрсэлд сөхөрдөггүй, хамгийн бэрхээс халгадаггүй амьтан. Эрх чөлөө, амь насны шагналыг өөрөө бүтээдэг эрхэмсэг шувуу.

Нэг л заяах хүний ертөнцөд бид ч мөн бүргэдээс суралцах учиртай. Эрсдлийг зүрх алдалгүй эрслэн сөрж, эрх чөлөөний хөх тэнгэрт шунган нисэгч тэр баатарлаг жигүүртнээс суралцах ёстой.

Бэрхшээл бүхэн биднийг ирлэх гэж, хурцлах гэж ирсэн бэлэг. Сэтгэлийг чинь хат оруулах гэж, чадлыг чинь бат болгох гэж, ухааныг танд чанд гагнах гэж, тамир тэнхээг чинь чөмөгжүүлэх гэж чамд, бидэнд ирдэг сорилт. Сортоотой байж, сорилтын өмнө бууж өгөлгүй, өөрөө өөртөө ялагдалгүй урагш тэмүүлэх эл түүхийг өглөө бүр хөх тэнгэрийн гүнээс асууж, өөртөө хариулт өгч байгаарай.

Эл түүхийг найз маань Чикагогоос Бостонд зорьж ирээд уулзахдаа хүүрнэж өгсөн юм. Бүр англи хэл дээр илүү дэлгэрэнгүй сурвалжуудыг ч бас чамбайлан өгч билээ. Маргааш нь Харвардын хотхонд төгсөлтийн баяр өрнөж байхад бодол санааг минь бүргэдийн тухай түүх л эзэмдсээр байлаа. Энэ түүх ямар нэгэн татах хүчийг агуулж байлаа. Энэ бичвэрийг уншигч хүн бүрийг амжилт өөд уриалан дуудах, таны дотор хүнийг урамшуулан татах нэг тийм гайхалтай эрчим бүргэдийн зоригоос гэрэлтэж байгаа.


Бидний дунд хүний заяанд хувилсан, шүд зууж сайны төлөө амжилт бүтээсэн олон олон бүргэдүүд бий. Тэнгэрийн гүн дэх хүрэн бор бүргэд шиг хажуухан дэргэд чин бүргэдийн эрчимт, тууштай, зүтгэлтэй, зөвийн төлөө, сайны зүгт хатаагдсан болд, ширээгдсэн ган мэт зүтгэх сайн хүмүүс олон бий. Чадвал та өөрөө бүргэд бай. Болжмор биш бүргэд бай.

Сүхбаатарын Эрдэнэболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.