Ц.Оюунгэрэл: Олон хоног амардаг баярт л дуртай болоод байна шүү
Бид “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлэгт оролцогчдын сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж эхлээд байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа УИХ-ын гишүүн, ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэлийн 2013 оны арванхоёрдугаар сард өгсөн ярилцлагыг хүргэж байна.  

-Та өөрийгөө товч танилцуулаач?

-Намайг Цэдэвдамбын Оюунгэрэл гэдэг. 48 настай.  Гуравдугаар бүлгийн цустай. Нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Том хүүхэд 27, бага хүүхэд маань 20 настай.  170 см өндөртэй, 64 кг жинтэй.

-Та ямар шашин шүтдэг вэ?

-Шарын шашнаа илүү их шүтдэг.

-Хүн болгонд хэлэх дуртай байдаг. Таны хэлэх дуртай үг?

-Хүнд  байдалд орсон үедээ өөртөө хэлдэг үг маань “Аливааг алдавч хичээл сурлагыг бүү алд” гэдэг үгийг хэлдэг. Далай ламын хэлсэн энэ үг надад маш их хэрэг болдог. Яаж ч унаж, яаж ч өгсөж явсан дахин дахин шинэ зүйл сурах хэрэгтэй л гэж боддог.

-Таны сонирхол болон хобби?

-Цаг цагаар шүү дээ. Насан туршийн хобби байхгүй.  Бүр багадаа марк, цэцэг, эрвээхэй цуглуулаад ч байгаа юм шиг л явдаг байлаа. Яг одоо бол би түүхийн талын, ялангуяа Монголын 20 дугаар зууны түүхийг илүүтэй судалж байна.

-Хүн болгонд дуртай, дургүй хоол гэж байдаг. Таны хувьд?

-Халуун ногоотой хоолонд дургүй.  Харин хуушуур, цуйван гээд уламжлалт хоолонд дуртай.

-Таны бүр багадаа хүсч, мөрөөдөж байсан мэргэжил юу вэ?

-Тодорхой мэргэжил байдаг юм. Би багадаа  Оросын дипломатч Александр Колонтай  гэдэг эмэгтэйн  тухай уншаад, гоё хувцастай зургуудыг нь үзээд ийм хүн болох юмсан гэж боддог байсан. Дипломатч гэдэг ямар хүн байдаг талаар ойлголтгүй байсан байж тийм хүн болохыг л хүсдэг байж билээ. 

-Согтууруулах ундаа таны бодлоор юу вэ?

-Би согтууруулах ундааны талаар тодорхой ойлголттой. Одоо би мэдрэл, тархины та­лаар сонирхож судалж байгаа.  Миний хувьд мэдрэлийн жаахан гэмтэлтэй байгаа болохоор согтууруулах ундааны дусал болгон мэдрэлийн алуурчин байдаг. Тийм учраас  би согтууруулах ундааг тархи, мэдрэлийн алуурчин гэж боддог.

-Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж боддог вэ?

-Гайгүй эелдэг гэж боддог.

-Бусад хүмүүс таныг юу гэж хэлж, дүгнээд байх шиг байна?

-Ер нь гайгүй эелдэг л гэдэг.

-Таны хамгийн дуртай спорт?

-Гүйх, ууланд авирах.

-Хэрвээ та стресствэл хэрхэн тайлдаг вэ?

-Хоёр, гурван янзаар тайлдаг. Заримдаа хүн ямар ч хөдөлгөөний чадваргүй, юу ч хийхийг хүсмээргүй болтлоо стресст ордог доо.  Тийм үедээ зүгээр л унтаад өгдөг.  Харин нойр хүрэхгүй байвал зүгээр л зурагтын суваг солиод, телевиз ширтээд хэвтээд байдаг. Сонирхолтой нэвтрүүлэг гарч байвал үзээд, байхгүй бол сувгаа солиод хэвтэж байх толгойдоо ямар ч ачаалал өгөхгүй стрессээс гарах нэг арга байдаг юм. Нөгөө талаас үнэхээр эрч хүч байвал хамгийн сайн стрессээс гаргах арга бол ууланд аялах. 

-Та хэзээ өөрөө өөртөө хамгийн их таалагддаг вэ?

-Маш сайн унтаж босоод, нойр бүрэн ханасаны дараа өөртөө их хөөрхөн харагддаг.

-Хэрвээ цаг хугацааг буцаадаг машин байсан бол та хэдэн он руу явах вэ?

-1987 он руу явна. 1987 онд миний анхны хань буруу  онгоцонд буруу цагт суугаад, осолдож хорвоогийн мөнх бусыг үзсэн юм.  Би дандаа л үүнийг боддог. Ганцхан тэр нислэгээр битгий яв гээд хэлчихсэн бол байж л байх байсан гэж.  Тэр өдөр өөрийнх нь ээлжийн нислэг биш. Хүний оронд онгоц жолоодож яваад осолдчихсон юм. Үнэхээр юмыг буцааж болдог бол тэр онгоцонд л суулгахгүй байх байсан гэж боддог.

-Таны гар утасны дэлгэцэн дээр ямар зураг байдаг вэ?

-Мэдэхгүй. Би утсандаа зураг энэ тэр суулгаагүй. Өөрийнх нь үйлдвэрээс гарахдаа байсан зураг нь л бий байх. 

-Таныг одоогийнхоо ажил мэргэжлийг соль гэвэл?

-Зохиолч болно. 

-Унтахынхаа өмнө та юуны тухай бодох юм бол илүү сайхан нойрсож, амарч чаддаг вэ?

-Улс төрийн ажлаа мартах хамгийн гоё зүйл бол ном байдаг. Унтахынхаа өмнө ном унших. Эсвэл тэр номын тухай ингэж бичих юмсан гэж бодох юм бол миний тархи бүрэн амардаг. “Ногоон нүдэн лам”-аа бичиж байх үедээ би улс төрийн ажил хийж байсан.   Өдөр нь улс орны тухай, стресстэй юм бодож байгаад орой нь гэртээ ирээд, 37 он руугаа яваад л. Баасан, Сэндмаа хоёрынхоо хайр дурлал руу орохоор хамаг стресс тайлагдаад, тэр эрт дээр үеийн амар амирлангуй хөдөө нутаг руу очоод унтахад их сайхан амардаг байсан. Ер нь бол ном өнөөдрийн байгаагаас өөр цаг үе рүү аваачдаг шүү дээ.  Тийм болохоор өөр цаг үед оччихоод унтах их сайхан.

-Та нэг өдрийн төлөвлөсөн ажлаа хийж дуусгачихаад хамгийн түрүүнд юу хийхийг хүсдэг вэ?

-Амрах. 

-Толинд хараад та юу гэж боддог вэ?

-Би 20 орчим настай байхдаа толины өмнөөс салдаггүй байсан юм шиг. Манай хүүхдийг цэцэрлэгт байхад багш нь “Танай ээж чинь юу хийдэг вэ” гэж хүүхдүүдээсээ асуусан байгаа юм. Нэг нь гал тогооны өрөөндөө өнждөг, нөгөө нь юмаа угаадаг гээд л хариулж. Харин манай хүүгээс асуусан чинь “Манай ээж толинд л хараад зогсч байдаг шүү дээ” гэж хариулсан гэсэн.  Орой нь би хүүгээ авах гээд цэцэрлэг дээр очсон чинь багш нь “Танай хүү тэгж хэлж байна билээ. Та жаахан анхаараарай” гэж хэлж байсан юм.  Тэр үеэ бодвол одоо гайгүй болж дээ. Өглөө ажилдаа явах, уулзалтад орохын өмнө гээд хальт л хардаг.

-Таны хамгийн аз жаргалтай байсан үе?

-Би ер нь их жаргалтай амьдрах дуртай юм шиг байгаа юм. Яаж ч зовж байсан өөрийгөө аз жаргалтай л гэж боддог. Хамгийн гэсэн тодотголтойгоор хэлбэл хүүхэд нас л байх. Юу ч бодохгүй аз жаргалтай байсан.

-Та нэг сард зөвхөн өөртөө зориулаад хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Бараг л зарцуулдаггүй. Би саяхан дэлгүүр явлаа.  Ер нь бол би өөртөө зориулж юм авахаар дэлгүүр ороогүй хагас жил болчихсон байсан. Тийм болохоор аль тасгаас юу авахаа мэдэхээ больчихсон байгаа юм чинь. Би хагас жилд өөртөө зориулж сая төгрөг зарцуулна. Сард хуваагаад үзэх юм бол 200 мянган төгрөг л байх.

-Та хамгийн анх уулзаж байгаа хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?

-Нүд рүү нь л хардаг. 

-Та юугаараа бусдыг өөртөө татдаг гэж боддог вэ?

-Би аавыгаа их асарч, настай хүмүүсийн тухай л ярьдаг байсан. Тийм болохоор настай хүмүүст таалагдахыг их хүсдэг. Хөгшин хүмүүст даруухан, хүмүүжилтэй, даруулгатай, эелдэг хүүхдийг зөв, сайн хүмүүжилтэй гэж боддог, үздэг шүү дээ. Хэрвээ би настай хүмүүст таалагдахгүй царай зүстэй, харьцаа хандлагатай байвал өөрийгөө их муухай яваа юм байна гэж боддог. Тиймдээ ч би эелдэг байдлаараа бусдыг өөртөө татъя гэж хүсдэг.

-Таны бүх зүйл хүссэнээр чинь бүтсэн үед гэртээ зурагтныхаа удирдлагыг бариад, суваг солиод хэдэн цаг байж чадах вэ?

-Чи цаг 30 минутыг зургаагаар үржүүлдээ. Есөн цаг уу. Би яг тэгж хэвтэж байсан байхгүй юу. Түүнийгээ л санаж байна.  Зургаан кино угсруулаад үзэж байсан. Бүр юу ч хийх юм байхгүй өдрөө буйдан дээрээ хэвтээд, угсруулаад зургаан кино үзэж байсан юм.

-Авлига гэж таныхаар юу вэ?

-Амжилтад хүрэх гэж хэтэрхий буруу яарах гэж хэлмээр байна. Ажлаа бүтээх гэж хэтэрхий яарч, давчидсан үеийн сэдлээс үүсдэг буруу зүйл гэж би үздэг. Хүмүүс тэвчээртэй, дэс дараатай, уужуу тайван хандаасай гэж би хүсдэг. Би баяжих гээд яараад байгаа хүмүүсийг хараад ерөөсөө ойлгодоггүй. 

Эсвэл ажлыг заавал буруу аргаар шийдэх гээд гүйгээд байгаа хүмүүсийг хараад гайхдаг. Хэтэрхий их давчдаад байгаа хүмүүс чинь хажууд байгаа хүмүүсээ тайван байлгадаггүй шүү дээ.  Би өөрөө юманд дэс дараатай, уужуу тайван, юмыг цаг цагт нь хийх дуртай. Өнөөдөр бүтээгүй бол маргааш бүтнэ биз гэдэг байдлаар хандахыг эрхэмлэдэг хүн. Энэ зан маань бүр багаас төлөвшсөн. Биднийг бага байхад талх, мах, сүү авсан ч дугаарладаг байлаа шүү дээ.

Гэрийнхэн дундаас дугаарлаж зогсдог гол ажлыг нь би хийдэг байх үедээ хоёр уу, гурван цаг байна уу хамаагүй тэвчээртэй зогсч байгаад л оногдсон юмаа авдаг байсан.  Тийм хүмүүжилтэй болохоороо ч тэр юм уу оногдсон зүйл  цаг  нь болохоор хувь заяагаар ирнэ, тэр болтол шударгаар л амжилтад хүрэх ёстой.  Түүнээс өмнө заавал хүнд авлига өгөх гээд байгааг би ойлгодоггүй.  Нөгөөх нь авлига авах гээд л хүнийг боогоод байгаа ч бас ойлгодоггүй. 

-Та сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг вэ?

-Янз янзаар.  Баярлавал жинхэнээсээ баярлана, хашгирна. Тэвэрч авна. Янз бүрийн тэмцээн уралдаан, бөхийн барилдаан үзэж байгаа үедээ хашгираад л босоод ирнэ шүү дээ. 

-Хайртай хүндээ байнга хэлж чаддаггүй ч хэлэхийг хүсдэг үг тань?

-Хүссэн үгээ шууд хэлчихдэг. Хайртай бол хайртайгаа, таалагдсан бол тэрнийгээ шууд л хэлдэг. Гэхдээ хэлж болдоггүй нэг үг байдаг. Юу гэхээр, манай нөхөр бид хоёрт муудалцах тохиолдол гарна шүү дээ.  Тэр үед манай нөхөр надад муухай үг хэлбэл, би илүү муухайг хэлж болдог.  Би тэгж чаддаг. Гэхдээ би өөртөө “Надад уур хүрмээр үг хэлэхэд нь яаж өөдөөс нь инээд хүрмээр үг хэлэх вэ” гэж боддог. Үүн дээр л толгой ажиллах ёстой. 

Саяхан надад тийм зүйл тохиолдсон. Би нөхөртөө нэг юм амалчихаад биелүүлээгүй юм. Гэтэл намайг худалч гэсэн маягтай захиа явуулсан байсан. Уг нь миний буруу, тийм учраас уучлаарай гэж хэлмээр байгаа юм. Гэхдээ би уучлаарай гээд хэлчихвэл бидний буруу ойлголцол нэг нь ялаад, нөгөө нь ялагдаад өндөрлөчихнө шүү дээ.  Нэг нь ялж, нөгөө нь ялагдах чинь хосын харилцаанд бол онцгүй байхгүй юу. 

Би ялагдмааргүй байгаа учраас  “Бурхан надаар чамд нэг үг дамжуулж байна аа.  Эхнэр чинь өнөөдөр чамд их урт захиа бичнэ гэнэ ээ” гэсэн хариу явуулсан байхгүй юу.  Араас нь урт захиа бичсэн л дээ.  Миний урт захиаг уншихаасаа өмнө тэр хүний уур нь гарах ёстой шүү дээ. Миний хүссэнээр ч болж уур нь гарсан байсан.  Тиймэрхүү заль хэрэглэж байгаагаа нөхөртөө хэлдэггүй юм.

-Хүн бүр залуу насыг дайраад өнгөрдөг. Тэгвэл та залуудаа дурлалдаа шаналж уйлж байсан уу?

-Би чинь жинхэнэ дурладаг байлаа.  Уйлдаг ч байлаа, инээдэг ч байсан. 

-Та лото бөглөж байгаад их хэмжээний мөнгө хожвол яах вэ?

-Авна ш дээ.

-Таны хамгийн романтик гэж боддог дурлалын түүх?

-Миний анхны хань бид хоёрын дурлал бол үнэхээр романтик байсан.  Үнэхээр кино шиг дурлал байлаа. Бид хоёр чинь нэг нь өөрийгөө жигүүртэн гэж боддог.  Нисэгч хүн. Нөгөө нь тэр жигүүртэнийхээ жигүүр нь гэж боддог хөвгүүн, охин хоёрын л дурлал байлаа шүү дээ.  Бид хоёр хоорондоо байнга захиа бичдэг байсан. Одоо ч гэсэн надад тэр захианууд байгаа.  Хэзээ нэгэн цагт тэр захиануудыг би гаргана. Одоо бол хааяа хүүхдүүддээ тэр захиануудыг уншуулдаг.  Ээж, аав хоёр нь ингэж дурлалцаж явлаа гээд л.  Тэр бол миний хувьд хамгийн романтик дурлал.

-Та багадаа ямар тоглоомоор хамгийн их тоглодог байсан бэ?

-Дээс. Үсэрч харайх дуртай байсан.

-Ижил хүйстнүүдийг та юу гэж боддог вэ?

-Энгийн л хүмүүс гэж боддог. 

-Айл болгонд гэрэл зургийн цомог байдаг. Тэгвэл та хамгийн сүүлд хэзээ гэрэл зургийн цомгоо үзсэн бэ?

-10-аад хоногийн өмнө үзсэн юм байна. Ээжийнхээ дүү нарын зургийг үзэх гэж гэрэл зургийн цомгоо үзсэн юм байна.

-Таны хүүхэд насны баатар хэн бэ?

-Мандухай цэцэн хатан байсан. 

-Гэр бүлээс гадуурх харьцааг юу гэж боддог вэ?

-Нэг их хүсээд байх зүйл биш гэж боддог.

-Хэрвээ таныг нэг өдөр эрэгтэй хүн бол гэвэл та юу хийж үзэхийг хүсч байна?

-Цэрэгт явна. Би цэргийн тухай сонсч, манай энхийг сахиулагчид тийшээ явлаа, ирлээ гэхийг сонсоод их атаархдаг. Тийм болохоор цэрэгт явна.

-Таны багийн хоч?

-Тариалангийн хөл нүцгэн гэдэг хочтой байсан.  Би Тариалан суманд төрсөн. Сургуульд байхад л ангийнхан маань энэ хочийг өгсөн юм. Зун, намрын ажилд явахдаа дандаа хөл нүцгэн явна.  Би чинь хөдөө хөл нүцгэн өссөн хүн. Тийм болохоор хөдөө гараад өвс харахаар гутал өмсөх хэцүү санагдаад байдаг юм. Тэр сайхан энерги, өвсөн дээр хөл нүцгэн гишгэж байвал гоё.

-Эмэгтэй хүний эрэгтэйчүүдээс давуу байх шинж чанар нь юу вэ?

-Нэг их бие биенээсээ давуу гэхээсээ илүү өөр байдаг. Амьдралын өөр өөр нугачааг туулж, зовлон, жаргалыг туулдаг. Эрэгтэй хүний үзээгүйг эмэгтэйчүүд бид үзнэ шүү дээ. Түүнээс гадна бурханаас оноосон нэг давуу тал гэвэл хүүхэд гаргах. Эх хүн болно. Тэр мөч бол хэзээ ч эрэгтэй хүний амьдралд ирэхгүй.  Миний амьдралд бол тэр мөч үнэхээр гайхалтай байсан. 

-Хэрвээ та Ерөнхийлөгч бол юу хийх вэ?

-Болоогүй болохоор мэдэхгүй юм байна.

-Таныг сургуульд суралцаж байх үед тохиолдсон хамгийн дурсамжтай, санаанаас гардаггүй өдөр?

-Намрын ажилд явах, хааяа нэг багт наадам хийх гээд мартагдашгүй сайхан үеүд олон бий. Ангиараа хөдөө намрын ажилд явах хамгийн дурсамжтай. Бид намар хадланд явж байлаа. Малын хашаа хороо янзалж байсан.  Миний хувьд дурлалтай холбоотой гэдэг утгаараа намрын ажил, тарианд явж байсан үе маань хамгийн гоё байдаг. Яг л “Мартагдашгүй намар” шиг. Тариан дээр л захиа энэ тэр авч байлаа шүү дээ. 

-Та хэдэн наснаасаа  би гэдэг бие хүнээ мэдэрч эхэлсэн бэ?

-Зургаан наснаасаа юм уу.  Яагаад гэвэл ном уншиж сурсан. Хүн ер нь ном уншиж, юм бичиж сурахаараа өөртөө итгэлтэй болдог юм шиг санагддаг.  Би нэгдүгээр ангид байхдаа өөрөө ном уншиж, юм бичиж эхэлсэн. Тэр үеэсээ эхлээд өөртөө их итгэлтэй болсон.

-Таны амьдралдаа хамгийн их ичиж байсан тохиолдол?

-Би ээжийгээ нэг удаа гомдоож байсан. Түүнийгээ ярьж чаддаггүй юм. Нүдэнд дандаа харагдаж байдаг. Ээжийгээ гомдоосондоо л их ичдэг.

-Та болзсон газраа товлосон цагтаа ирээгүй найзаа хэр удаан хүлээж чадах вэ?

-Хүлээнэ. Иртэл нь хүлээнэ.  Би өөрөө цаг сайн барьдаг. Гэхдээ нэг удаа хүнийг хүлээлгэж байсан. Өөрөө ч хүлээж л байсан.

-Таны ээж, аавын хэлсэн, одоо болтол санагддаг ямар үг байдаг вэ?

-Манай ээж  шударга, үнэнээр л яв гэж сургадаг байсан.  Хүн ямар замаар, яаж ч явсан энэ бол хамгийн зөв зам гэж ээж маань хэлдэг байсан юм.  Харин аав маань “Ажил хийх юм бол гоё хий.  Битгий халтуурдаж бай. Хэрвээ дутуу хийнэ гэвэл битгий хий” гэж хэлдэг байлаа. Энэ үг бидний яс маханд шингэсэн.  Тийм болохоор ээж, аавынхаа сургаалиар л явдаг.

-Интернэтэд ороод хамгийн түрүүнд ямар гурван сайтыг үздэг вэ?

-Google.com, news.mn сайтыг хамгийн түрүүнд нээдэг. Тэгээд дараа нь тветтер, фэйсбүүк рүү орно доо. 

-Та амласандаа хүрдэг үү?

-Хүрэхийг хичээдэг. 

-Таны хүүхэд нэгдүгээр ангид орлоо. Та хүүхдээ улсын сургуульд өгөх үү, хувийн сургуульд өгөх үү?

-Би хоёр хүүхдээ хоёуланг нь улсын сургуульд өгсөн.  Эргэлзээгүйгээр улсын сургуульд өгсөн. Яагаад гэвэл хүүхэд юм сурахаас гадна нийгэмших ёстой.  Үүнийг ээж, аав нь зааж чаддаггүй. Хүүхэд яг эрх тэгш нөхцөлд л хамгийн сайн нийгэмшиж чаддаг.  Улсын сургуульд бол хүүхэд хоорондоо эрх тэгш харилцах бүрэн боломжтой.  Илүү баян айлын хүүхэд ороод ирэх вий. Тэр хүүхэд илүү гоё хувцас өмсчих вий гэж айх юм байхгүй.  Хүүхэд яг эрх тэгш нөхцөлд нийгэмшдэг.

-Таныг тодорхойлох ганцхан үг?

-Өөдрөг. Аливаа юманд их өөдрөг хандана шүү.

-Үнэн худал хоёрын хооронд дөрвөн хуруу зай байдаг гэдэг. Энэ зай таныхаар хэр хол вэ?

-Миний хувьд их ойрхон.

-Таны хамгийн дуртай баяр?

-Их олон хоног амардаг баярт л дуртай болох гээд байна шүү сүүлийн үед. Арай илүү амардагаараа наадамд дуртай юм уу даа.

-Тантай ярилцаж байгаа хүн өөдөөс чинь хараад улаан цагаан худлаа хэлээд байвал та яах вэ?

-Тийм тохиолдол байдаг. Боломжтой үед би итгэхгүй байна гэдгээ шууд хэлдэг. Боломжгүй үедээ сонсоод л өнгөрдөг.

-Дэлхийн ирээдүйн хөгжил таныхаар ямар байх бол?

-Залуучууд ямар ирээдүйн нийгмийг хүснэ, тийм л байна.  Тийм учраас залуу хүн ямар ирээдүйтэй болохыг хүсч байна, тиймээрээ л хүмүүжиж, орчин тойрныхоо хүмүүсийг өөрчлөх хэрэгтэй.  Бид, бидний өвөг дээдэс ирээдүйг бүтээхгүй. Үр хүүхдүүд маань л бүтээнэ. Тэгэхээр сайхан ирээдүйг бүтээж чадах хүмүүсийг бид хүмүүжүүлэх ёстой байх.

-Танд кинонд тоглох урилга ирлээ гэж бодъё. Тэгвэл ямар дүрд тоглох вэ?

-Би багадаа ингэж их боддог байсан. Хүүхэд байхдаа Мандухай цэцэнг уншдаг байсан. Тэр үедээ том болоод Мандухай цэцэн хатны дүрд тоглоно доо гэж боддог байлаа.  Гэтэл надаас түрүүлээд Сувд гуай тоглочихсон. Тийм болохоор надад одоо тоглохыг хүсдэг дүр байхгүй.

-Таныг шүүмжлэхэд хэр хүлээж авдаг вэ?

-Манай аав, ээж хоёр надад хэлдэг байсан. Чамайг хүн шүүмжлэхэд 99 хувь нь буруу байлаа гэж бодъё. Гүтгээд, загнаад, буруу юм ярьсан ч нэг хувь нь үнэн бол тэр ганц хувийг олж авахын төлөө шүүмжлэлийг сонс гэж.  Тухайн үед аав, ээж маань ерөнхий хэлж байсан боловч одоо надад маш сургамжтай байдаг.

Намайг 100 үгээр хүн шүүмжлэхэд хэрэгтэй зүйлийг нь олж авах гээд сонсоод суудаг. Энд тэнд лекц уншихдаа ч би залуучуудад хэлдэг.  Хүн чамайг шүүмжлэх юм бол хэрэгтэйг нь олж сонс. Хүн өөрт хэрэгтэй шүүмжлэлийг олж сонсохын тулд пи арын компаниудад мөнгө төлдөг. Гэтэл хүн үнэ төлбөргүйгээр чамайг шүүмжилж байхад хэрэгтэй зүйлийг нь авч сур гэж хэлдэг. Миний хувьд би өөрийгөө маш их зассан.

Чамтай яриад сууж байгаа Оюунгэрэл 23 жилийн өмнө яг Батзандан шиг байсан.  Чи тэгээд л бодчих. Тийм хурц байсан. Хүн намайг шүүмжлээд, ийм зүйл тийм зан гаргадаггүй юм, тэр зүйл тэгдэггүй юм гэж зассаар байгаад өөр болсон. Ерөнхийдөө би шулуунаараа  байгаа боловч хүн алдаг хэмжээний сум шиг биш зүгээр л шулуун тэнхлэгтэй дун шиг болж өөрчлөгдсөн. Энэ бол хүмүүсийн шүүмжлэлийн л үр дүн.

-Таныг эзгүй арал дээр ганцааранг чинь амьдруулахаар боллоо. Хэрэгтэй гурван зйлээ авч яв гэвэл юу авах вэ?

-Зүйл гэдэг дотор хүн орвол нөхрөө аваад явъя. Тэгээд хутга, гал гаргах юмтай л явна даа.

-Хайртай, уучлаарай, салъя гэдэг үгний алийг нь хэлэхэд хамгийн хэцүү вэ?

-Уучлаарай бол хамгийн амархан.  Би бол ядах юмгүй хэлчихнэ. Харин хайртай, салъя гэдгийн аль хэцүүг хэлэхэд төвөгтэй л юм байна. Нэг хайртай гээд хэлчихвэл ёогүй л байх гээд байна л даа. Тэгэхээр буруу хүнд хайртай гээд хэлчихвэл яах билээ. Үнэхээр хайртай бол салахад бас хэцүү.  Энэ хоёр  адилхан л хэцүү юм байна. Гэхдээ салъя гэдэг үгийг хэлэхэд арай хэцүү байх. Яг хайртай хүндээ бол тэгж хэлэхэд хэцүү шүү дээ.

-Улс төр гэж таныхаар юу вэ?

-Олны төлөө зүтгэх гэсэн утгатай гэж  боддог. Өөрийнхөө юу бодож байгааг гаргахаас илүү хүмүүсийн илэрхийлэхийг хүсч байгаа тэр байр, суурийг эрсдэл хүлээж илэрхийлэх үүрэг улстөрч хүнд байдаг.

-Зүүрмэглээд байвал та яаж нойроо сэргээдэг вэ?

-Босч явна. Дуу дуулна.  Дуулах нойр сэргээдэг юм.

-Хэрвээ та үл үзэгдэгч хүн байсан бол юу харахыг хүсч байна?

-Би нэг удаа үл үзэгдэгч хүн  байсан болоосой гэж бодож байсан шүү. Нэг удаа УИХ-ын чуулган дээр нойр хүрэээд, шууд унтчихмаар санагдаад байсан. Гэхдээ бас кнопоо дармаар байдаг. Унтах гэхээр хэвлэлийнхэн хараад байдаг. Тэр үед л үл үзэгдэгч байсан болоосой гэж хүссэн.

-Таны очих дуртай газар?

-Хөдөө.

-Бурхан гэдэг байдаг болов уу?

-Байдаг байх аа.

-Байнга хэрэг болдоггүй мөртлөө үргэлж биедээ авч явдаг зүйл?

-Би хэрэгтэй л зүйлээ авч явдаг. Ер нь хэрэггүй юм авч явдаггүй байх аа. Цүнхний ёроолд мартчихсан юмнууд байж магадгүй.

-Таны дургүй үг?

-Муухай л үг байж таараа шүү дээ.

-Та хэр шударга хүн бэ?

-Шударга л байхыг хичээдэг.

-Та олны  өмнө гарахдаа хэр сандардаг вэ?

-Өмнө нь их сандардаг байсан. Одоо бол сандрах нь бага. 

-Таны уурлахдаа гаргадаг зан чанар?

-Уурлахаараа их муухай ааштай. Тийм учраас би уурлахаараа аль болохоор дарахыг хичээдэг. Уурлахаараа ойр дотныхоо хүмүүсийг гомдоочих гээд байдаг учраас аль болох уурлахгүй байхыг боддог юм. 

-Та хэзээ өөртөө хамгийн их итгэлтэй байдаг вэ?

-Хийх гэж байгаа зүйлээ мэдэж байгаа үедээ өөртөө хамгийн их итгэлтэй байдаг.

-Өсвөр насны хүүхдүүд их зүйлийг мөрөөддөг шүү дээ. Тэгвэл таны өсвөр насандаа мөрөөдөж байсан мөрөөдөл биелсэн үү?

-Гадаад дотоод явж сурах юмсан. Их зүйлийг мэддэг, улс­даа хэрэгтэй мундаг хүн бо­лох юмсан гээд л мөрөөддөг бай­сан. Тэр ерөнхий мөрөөдлүүд маань биелж байгаа. Харин нэг мөрөөдөл маань биелээгүй байгаа. Дунд сургуульд байхдаа би тэр мөрөөдлөө бичсэн байгаа юм. Манай багш ирээдүйд ямар хүн болохоо, юу мөрөөдөж байгаагаа бич гээд бичүүлсэн юм. Тэгэхэд би “Би бүх хувцсаа дэлгүүрээс авч өмсөнө. Гурван хүүхэд гаргана. Хоёр хүү, нэг охин байвал сайн” гэж бичсэн байсан. Түүнээс өөр юм бичээгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр миний мөрөөдөл 66 хувьтай биелсэн гэсэн үг. 

-Та юунаас хамгийн их айдаг вэ?

-Өндрөөс. 

-Мөнгө гэж таныхаар юу вэ?

-Төлбөрийн л хэрэгсэл. Нэг их айхтар шүтээд байх хэрэгсэл биш. Би хүүхдүүддээ хэлдэг. Хамгийн бага мөнгөөр амьдарч сурсан хүн хамгийн амар амгалан, тайван амьдардаг юм. Их мөнгө ирэх үед бялуурч баярлахгүй, бага мөнгөтэй үедээ гутрахгүй бай. Мөнгөнөөс болж сэтгэл санаа чинь хувирахгүйгээр л сайхан амьдарч сур гэж хэлдэг. 
Монголын мэдээ
Буулгасан Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол ялна 2021-05-18 12:13:27
    Миний ч хүндэлдэг улс төрч.
  • туяа 2021-05-15 05:03:01
    миний хайралж хүндэлж явдаг улс төрч бүсгүй.
  • Иргэн. 2021-04-23 12:41:30
    Wrong hole!Wrong hole!Wrong hole!
  • brenda greg 2019-10-24 14:08:45
    Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нү...
    129.56.89.239
    Мэдэгдсэн Хариулах
  • Unshigc 2014-08-21 07:32:59
    Engiin Saihan mongol emegtei
    217.118.78.125
    Мэдэгдсэн Хариулах