
Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн яаралтай тусламжийн сангийн санхүүжилтээр “цагаан зуд”-тай байгаа 7 аймгийн 25 сумын 2500 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Тусламжийн цуваа өчигдөр/03.09/Улаанбаатар хотоос орон нутгийг чиглэн замд гарсан юм.
Энэхүү тусламж нь цагаанаар зудархуу байгаа 7 аймгийн
- • 200 хүртэлх малтай, мал аж ахуйгаас өөр орлогын эх үүсвэргүй малчин өрх,
- • 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх
- • 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан
- • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий малчин өрх
- • 16 хүртэлх насны 5-аас дээш хүүхэдтэй малчин өрхүүдэд олгогдоно.
Энэ удаагийн хүмүүнлэг тусламжаар Архангай, Төв, Увс аймгийн 15 cумын 1500 өрх тус бүрт 240.000 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгийн 10 сумын 1000 өрхөд хүнсний багц, малын эрдэс тэжээлийн багц олгогдох юм.
Монголын улаан загалмай нийгэмлэг нь өнгөрсөн 2017 оны 12 дугаар сард Их Британийн Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” хөтөлбөрийг хэрэгжүүлэн 12 аймгийн 40 сумын 2000 малчин өрхөд бэлэн мөнгө, өрх тус бүрт 115000 төгрөгийн өртөг бүхий малын эрдэс тэжээлийн багцийг хүргүүлсэн. Мөн “Гамшгийн үеийн яаралтай тусламж” төслийн хүрээнд Төв, Өвөрхангай аймгийн 13 сумын малчин өрхөд хүмүүнлэгийн тусламжийн 15.000 боодол өвс олгосон билээ.
Г.Зул