Ерөөсөө л намын дарга болъё
Сүүлийн үед намын дарга болох адын хүсэл  төрөөд болохоо болилоо. Тэр дундаа хоёр хөршийн удирдагч ирэх сургаар энэ хүсэл минь улам ч их оргилов. Ер нь яагаад намын дарга болж болохгүй гэж. Өнөөдөр хэн дуртай нь нам байгуулаад дарга нь болоод байхад яагаад болохгүй гэж. Гишүүн энэ тэр элсүүлээд байх ч хэрэг алга. Ганц нэг завтай, ажил хийгээгүй байгаа найзуудаа дуудаж авчраад гишүүн болгочихно. Хааяа нэг намын гишүүн гээд явж байна биз.
 
Харин өөрөө дарга болохоо мартахгүй гэж байгаа. Тэгээд олсон хэдэн төгрөгөөрөө хэвлэлийн хурал зарлаад, улс орны эдийн засаг, ам.долларын ханш энэ тэр ярина. Цаашлаад том том ордууд, “Толгой”-нуудын асуудлыг ч мартахгүй. За тэгээд уран, нүүрс, АТГ, цаашлаад Засгийн газар огцруулах эсэх гээд ярих сэдэв мундах биш. Хэвлэлийн хуралдаа ганц нэг эдийн засаг, улс төр гайгүй сонирхдог найзуудаасаа дагуулаад очно доо. Долоо хоногтоо ядаж нэг удаа хэвлэлийн хурал зарлах хэрэгтэй. Хэвлэлийн хурал хийх мөнгөө бас эвтэйхэн аргаар олох шаардлагатай юм билээ. Ганц нэг компани руу утас цохиж, шантааж хийнэ ээ бас. Уран, байгаль орчин, ой мод, гол горхи гээд яриад, жагсаад явбал хэдэн төгрөг олчих гарц байх шиг. Зарим нөхдүүдийн туршлагаас хараад байхад.
 
Тэгээд хурал хийх мөнгөтэй болчихвол байсгээд л зурагтаар гараад байна даа. Тэр хуралдаа аль болох олон сэтгүүлч очуулахын тулд сэтгүүлчидтэй найзлах гэж оролдоно оо бас. Ер нь бол нам байгуулах гэж байгаа хүн үүнийг мартаж болохгүй гэдгийг туршлагатай нөхдүүд хэлээд байгаа юм. Тэгэхээр юуны өмнө энэ мэт ажлаа төлөвлөөд, намаа байгуулах хэрэгтэй бололтой. Ямар ч байсан нам байгуулж, дарга болох минь. Намаа юу гэж нэрлэсэн ч яадаг юм. “Монгол Улсыг аврах нам”, эсвэл “Ам.долларын эсрэг тэмцэгч нам” гэж нэрлэсэн ч болж байна. Үгүй бол ерөөсөө “Шаардлага хүргүүлэгч нам” гээд нэрлэчихсэн нь зүгээр байж болох юм. Одоо удахгүй манай улсад хойд, урд хоёр хөршийн маань удирдагчид айлчлал хийх гэж байна. Ердөө л хоёрхон байгаа хөршийн Ерөнхийлөгч нар шүү дээ.
 
Энэ айлчлалын үеэр янз бүрийн үйл ажиллагаа болох нь дамжиггүй. Сураг сонсох нь ээ зарим улс төрийн намуудын дарга нар хийх ажлаа аль хэдийнэ төлөвлөөд түүнийгээ сонин хэвлэлээр зарлачихаж. Зарим нь Хятадын Ерөнхийлөгчөөс санал асуулга авна л гэнэ. Зарим хэсэг нь жагсаал хийх бололтой. Харин манай нам хоёр хөршийн Ерөнхийлөгчид шаардах хуудас гардуулахаар төлөвлөх санаатай байна. Зарим намынхан Хятадын Ерөнхийлөгчөөс манай улсыг “Монгуо” гэж хэлдэг үү, яагаад тэгдэг юм гэж асуух сурагтай. Харин манай нам бол япончуудаас үлгэр дууриалал аваач гэсэн шаардах хуудас хүргүүлэх юм. Япончууд өмнө нь манай улсын нэрийг жаахан доромжилсон утгатай ханз үсгээр тэмдэглэдэг байсан юм билээ. Харин арлын орныхон ухаантай юм болохоор энэ алдаагаа засаад одоо арай өөрөөр “Монгорү” гэж бичдэг болчихсон гэж байгаа. Энэ алхамыг Хятадууд ч гэсэн хийгээсэй гэсэн шаардах хуудсыг хүргүүлэх нь зүйтэй. Өөр ч олон шаардлага хүргүүлнэ.
 
Мөн Оросын Ерөнхийлөгчид ч хүргэх шаардлага байгаа. Гэхдээ тэр болгоныг эрт дэлгээд яахав. Хэрвээ манай “Ам.долларын эсрэг тэмцэгч нам”, бишээ “Монгол Улсыг аврагч нам”, үгүй ээ, “Шаардлага хүргүүлэгч” намын хэдэн арав арай хүрэхгүй гишүүд чухам ямар шаардлага хүргүүлэх гэж байгааг үнэхээр мэдэхийг хүсвэл намын дарга миний бие ярилцлага өгөхөд бэлэн байгаагаа хэвлэлийнхэнд харин дуулгачих хэрэгтэй байх. Надтай холбогдох утас......
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.