Спортоор дамжуулан эрүүл чийрэг үндэстэнг бий болгоно

МҮОНРТ-ийн гурав дахь суваг болох “MNB sport HD” спортын төрөлжсөн сувгийн албан ёсны нээлт өнөөдөр /2018.03.05/ боллоо. Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон олимпийн хүрэл медальт, Ардын багш,  Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, гавьяат тамирчин,  олимпийн хүрэл медальт Д.Сэрээтэр, олимпийн мөнгөн медальт МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт МУГТ Д.Отгондалай нарын олимпийн медальтай тамирчин оролцов.

“MNB sport HD” сувгийн уран бүтээлчид хүн ардын бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, эрүүл амьдралын зөв хэвшлийг нийтлэл нэвтрүүлгээр уриалахыг зорьжээ. Мөн тив дэлхийн болон эх орондоо зохиогдож буй спортын уралдаан тэмцээнүүдийг цаг алдалгүй, уран сайхны өндөр түвшинд дамжуулан үзүүлэх юм байна.
 

Л.Нинжжамц: Хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулна

/МҮОНРТ-ийн ерөнхий захирал/


 

-Спортоор дамжуулан эрүүл чийрэг үндэстэнг бий болгох зорилгоор энэхүү сувгийг нээж байна. Мөн шинэ залуу үе, ард түмнээ эрүүл чийрэг бие бялдрын хөгжилд уриалах, спортоор дамжуулан үндэсний болон тив дэлхийн аваргыг төрүүлэхэд дэмжих зорилготой. Залуус спортоор хичээллэдэг байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа.  Бид өдөрт 18-24 цагийн эфирийг дамжуулан үзүүлэхээр төлөвлөж байна. Мөн спортын цэнгээнт нэвтрүүлгүүдэд онцгой анхаарна. Хамгийн эхэнд хийх том контент бол ирэх зургадугаар сард ОХУ-д явагдах дэлхийн хөлбөмбөгийн аваргыг шууд дамжуулан үзүүлнэ. Мөн Токиогийн олимпийг дамжуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна эр зоригийн шалгуур “Монгол нинжа вару” гэх шоуг хийхээр албан ёсны эрхийг аваад байгаа. Энэхүү сувгийг нээхэд спортын холбоод болон УИХ, Засгийн газар маш сайн дэмжлэг үзүүллээ. Спортын суваг нээлтээ хийж буй энэ цаг мөчид МҮОНРТ-ийн спортын албанд ажиллаж байсан инженер, техникч, уран бүтээлчиддээ баярлалаа гэж хэлмээр байна.

 

Э.Бадар-Ууган: Тамирчдын амжилтыг цаг алдалгүй мэдэх боломж нээгдлээ

 /МУГТ, олимпийн аварга, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга/


-Тамирчдын амжилт болоод спортын үйл ажиллагаа мэдээ төдийхнөөр өнгөрдөг байсан бол энэхүү спортын төрөлжсөн суваг нээгдсэнээр  өнөөдөр Монголд болоод дэлхийд тамирчид хэрхэн оролцож, амжилт үзүүлж байгаа зэрэг мэдээллийг иргэд халуун цэг дээрээс нь цаг алдалгүй мэдэх боломж нээгдэж байна. МҮОХ, Биеийн тамир спортын газар, “МNB sport HD” сувгийн уран бүтээлчид хамтран олон залуусын спортын дур сонирхлыг нэмэгдүүлэх тал дээр ач холбогдол өгч ажиллана.

“MNB sport HD” сувгийн уран бүтээлчид энэ онд ОХУ-д болох хөл бөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Энэхүү тэмцээнийг угтан үндэсний шилдэг тайлбарлагч, хөтлөгч шалгаруулах зорилгоор “Би спортын хүн” төслийг эхлүүлсэн байна. Цаашид спортын бусад төрлөөр шилдэг тайлбарлагч, сэтгүүлч, хөтлөгч нарыг шалгаруулж ажлын байраар хангаж ажиллах аж.

“MNB sport HD” суваг өглөөний 06.00 цагаас үдшийн 00.00 цаг хүртэл 18 цагийн хөтөлбөрийг үзэгч олонд хүргэх бөгөөд ажил мэргэжлийн туршлагатай зураглаач, сэтгүүлч, найруулагч, инженер техникийн 30 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүллээ.















 

Г.Тэгшсүрэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хөх тэнгэр 2018-03-05 12:55:08
    Энэ спортын мэдээ мэдээлэлийн шинэ суваг нээгдэж байгаад бидний Монголчууд машид ихээр баясан байгаа биз ээ гэдэгт зуун хувь итгэлтэй байна.