Долоо хоногийн онцлох үйл явдлууд
“Эрдэнэт” үйлдвэрийн эргэн тойронд өрнөж буй асуудал өнгөрөгч долоо хоногт ч олны анхаарлын төвд хэвээр байна. Намрын чуулганы төгсгөлд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Л.Энхболд нарын гишүүд “Эрдэнэт” үйлдвэр, “Стандарт” банктай холбоотой асуудлаар Засгийн газарт асуулга тавиад байсан. Засгийн газраас энэхүү асуулгын хариуг хүргүүлсэн бөгөөд үүнд “Эрдэнэт”-ийн хөрөнгийг хураах, битүүмжлэх захирамжийг Английн Худалдааны Дээд шүүх гаргасан” хэмээн хариу өглөө. Ийнхүү Стандарт банкнаас зээлсэн мөнгө хэрхэн хаашаа хэний данс руу шилжсэн бэ? Ямар учраас “Эрдэнэт” үйлдвэр энэ мөнгийг төлөх ёстой вэ, гэх асуултууд өнгөрсөн долоо хоногт хариулт нэхэж байв. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
“Эрдэнэт”-ийн данснаас Меркентал хаус, Миллфорд Глобал зэрэг компанийн данс руу гүйлгээ хийгджээ

“Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Б.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Энхболд нар өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт мэдээлэл хийлээ.

Тэдэнд Засгийн газраас  ““Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалсан эсэх асуудал хууль тогтоомжийн хүрээнд явагдсан эсэх талаар АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариулт өгсөн байна.  Мөн Засгийн газар “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэр баталгаа гаргаж өгснийхөө төлөө Арбитрын шүүхэд өр төлбөр төлөх нь тодорхой болжээ. Өнгөрсөн 11 дүгээр сарын 17-ны өдрийн Английн арбитрын шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт”-ийн данс, эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гарсан. Уг шийдвэртэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газраас давж заалдах гомдол гаргасан боловч хүлээж аваагүй гэдэг хариуг өгсөн байгаа бөгөөд хэлбэл өдөрт 800-900 ам.долларын хүү алданги нэмэгдэж төлөгдөх нөхцөл үүсээд байгаа аж. “Жаст” компанийн зээлсэн мөнгө 2009-2010 оны хооронд нийтдээ 213.3 сая ам.доллар Стандарт банкнаас Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн данс руу гүйлгээ хийгдсэн байдаг байна.  Харин “Эрдэнэт”-ийн данс руу ороод эргээд Меркентал хаус, Миллфорд Глобал зэрэг компани руу янз бүрийн гүйлгээ хийгджээ. “Эрдэнэт”-ийн дүрмээр 10 сая ам.доллар хүртэл мөнгөнд гүйцэтгэх захирал гарын үсэг зурах эрхтэй. Түүнээс дээшх хэлцэлд ТУЗ-ийн зөвшөөрлийг авч байж гарын үсэг зурдаг. Атал тухайн үеийн “Эрдэнэт”-ийн удирдлагууд дээрх хэлцлийг ТУЗ-ийн зөвшөөрөлгүй гарын үсэг зурснаас  арбитрын шүүхийн төлбөрт “Эрдэнэт” унажээ. Уг зээлийн мөнгө бүгд “Эрдэнэт”-ийн дансаар орж гарсан байна. Тухайн үеийн гүйцэтгэх удирдлага гарын үсэг зурж, Засгийн газар өрөнд унаад байна.
 
Ж.Батзандан С.Баярын захидалд хариу өглөө

Ерөнхий сайд асан С.Баяр УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хандан ил захидал илгээсэн. Тэрбээр захидалдаа “...Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа...” хэмээн бичсэн.

 Энэ захидалд УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногт хариу өглөө. Тэрбээр С.Баярт хандан “Нас маань дөч дөнгөж гарч байна. Хүүхдүүд маань нялх байна. Тантай хамт эрлэг рүү явах сонирхол алга. Та  яарч байгаа бол явж болно”гэлээ.

Эрдэнэтийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалах үйл явдалд С.Баяр оролцсон хэмээн Ж.Батзандан хэлсэн. Энэ мэдээллийн дагуу Ж.Батзанданг шүүхэд өгсөн аж.

Энэ талаар Ж.Батзандан “С.Баярын Засгийн газар олон зүйлийг будлиулсан. Жаст-ын Батхүү С.Баярын маш ойрын найз. Эрдэнэт-ийн Ганзориг С.Баярын маш ойрын хүн. Д.Сугар томилсон, шууд удирдлагад нь байсан хүн. Гэтэл Ерөнхий сайд нь надад хамаагүй, би мэдээгүй гэж бултах ямар ч боломжгүй. Би шинийн 8-ны дотор ахмад хүнтэй хэрүүл тэмцэл хийхийг хүсээгүй. Сар шинэ хуучирсан учраас С.Баяр гуайн ууртай захидалд хариулт өгч байна. С.Баяр гуай ухаантай, хашир, настай хүн юмыг ултай суурьтай бодно гэдэгт итгэж байна” гэсэн байр суурийг илэрхийлээд байна.
 
Түүхий нүүрсийг хориглоно

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргалаа.  Энэхүү шийдвэртэй холбогдуулан сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт, үнийн тэнцвэртэй байдлыг хангах асуудлыг судалж ирэх долоодугаар сарын нэгний дотор шийдвэр гаргахыг холбогдох сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.

Нийслэлчүүдийн хэрэглэж байгаа түүхий нүүрсний одоогийн хэрэгцээг 600 мянган тонн шахмал түлшээр солих бүрэн боломжтой гэж үзэж байна. Халаалтын улиралд 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэдэг нэг өрх гурван тонн шахмал түлш хэрэглэнэ гэсэн үг юм. Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр буурч, агаарын бохирдол эрс багасна гэж Засгийн газар үзэж байна. Гэр хорооллын 202 мянган өрх жилдээ 1.1 сая тонн түүхий нүүрс түлдэг бөгөөд  ялгарч байгаа утаа нь агаарын бохирдлын 80 гаруй хувийг бүрдүүлдэг юм.

 
22 фитнес клуб 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэнэ

 Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” ТББ-тай хамтран өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” ТББ-ын гишүүн клубүүдэд Даваа-Баасан гарагуудад 10:00-17:00 цагуудын хооронд буюу ачаалал багатай үед  50 хүртлэх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэхээр боллоо.
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-03-04 05:55:21
    баяр яаж байгаа юм эрлэгийн уудэнд гэж заналхийлж байгаа ухаантай юм уу даа шувуун толгой баяр чи унэхээр яарч байгаа бол эрлэг руугээ яв
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах