
Хөвсгөл нуурын “Хөх сувд-2018” мөсний баяр өнөөдөр эхэлнэ. Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо эвсэг, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин, орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Хөх сувд” мөсний баярыг 19 дэх жилдээ зохион байгуулж буй нь энэ юм.
Мөсний баярыг зөвхөн Монголчууд гэлтгүй гадаадынхан сонирхон ирж үздэг. Өнгөрсөн жилийн хувьд 10 мянга гаруй хүн хүрэлцэн ирсэн байдаг.
Уг баярын үеэр төрөл бүрийн тэмцээн, уралдаан зохион байгуулагддагаас гадна мөсөн хотхоноор аялж, мөсөн шагай харваж, морин чарга хөлөглөн салхи татуулан давхина. Мөн уугуул нутгийн урчуудын гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг сонирхож, өөрт дурсгал болгон хадгалах, дотны хүндээ бэлэглэх зүйлээ худалдан авах боломжтой юм.
Түүнчлэн мөсний баярын үеэр бөө нар Хөвсгөл нуурыг лус тойрон буй их уул хайрхануудыг тахих юм байна. Тахилга өнөөдөр орой 19 цагаас эхлэх бөгөөд хүрэлцэн ирсэн эхний 150 хүнд Далай ээжийн хишиг тарааж долоон гал асааж даллага авч уул ус, лус савдагуудыг тахиж хоймор нутгийн ард иргэдийн амар амгалан байдал, эрүүл энх аж төрөхийг билэгдэн даатгах аж.
Г.Зул