Эмгэнэл
Даваасамбуугийн Лхагвасүрэн
/1955-2018/

     Цэргийн шинжлэх ухааны Дэд Доктор, Профессор Даваасамбуу овогтой Лхагвасүрэн нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

     Д.Лхагвасүрэн нь 1955 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн. 1963-1973 онд Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургуульд, 1973-1977 онд Цэргийн Ерөнхий Дээд Сургуулийн Артиллерийн ангид суралцаж төгссөн.

     1976-1977 онуудад Монгол Улсын Их, Дээд сургуулиудын оюутан, сонсогчдын эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд оролцож бүтээл нь 2 жил дараалан “Оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээл” алтан медалиар шагнагдаж байжээ.

     Сургуулиа төгсөөд Зэвсэгт Хүчний 120, 133-р ангиудад 1977-1984 онуудад салааны захирагч, батарейны захирагч, штабын орлогч даргын албан тушаалд ажиллаж байгаад 1984-1987 онуудад ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн Артиллерийн академид суралцсан. Төгсөж ирээд Зэвсэгт Хүчний 133-р ангид хорооны захирагчийн орлогч, Захирагчийн албан тушаалд 1987-1989 онуудад ажилласан. 1989-2003 онуудад БХИС-ийн Артиллер-Зэвсгийн тэнхимд багшийн албан тушаалд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. 2004-2009 онуудад энгийн цолтойгоор тэнхимдээ багшийн албан тушаалд ажилласан.

     Д.Лхагвасүрэн нь Зэвсэгт Хүчний анги салбаруудад нийтдээ 36 жил алба хаасан байна.

    БХИС-д ажиллах хугацаандаа артиллерийн тагнуулын техник хэрэгслүүд  байлдаанд хэрэглэх талаар гарын авлага, “Газрын артиллерийн буудлага” сурах бичиг зэрэг сургуулийн фондын лекц, сэдвийн боловсруулалт 50 орчим хэвлэлийн хуудас, хичээлийн тараах материал 80-ыг боловсруулж сургалтанд ашиглажээ. Мөн Артиллерийн буудлагын дадлагыг танхимын нөхцөлд бэлтгэж, зохион байгуулж явуулах компьютерын программ “ARANGE”-ыг зохиож, “Артиллерийн буудлагын цахим полигон”-ыг байгуулж, тохижуулан 2006 онд БХИС-д хүлээлгэн өгсөн байна.
    
     Д.Лхагвасүрэн нь 1996 онд Цэргийн Шинжлэх Ухааны дэд докторын зэрэг хамгаалан, 2007 онд БХИС-ийн эрдмийн зөвлөлийн тогтоолоор Профессор цол хүртсэн.

     Зэвсэгт хүчний анги салбаруудад ажиллах байх хугацаандаа Цэргийн гавьяаны медаль, Зэвсэгт Хүчний 60 жилийн ойн медаль, Байлдааны медаль, Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль,Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, Дайчин алдар-1 медаль, Ахмад дайчин медаль, “Багшийн алдар” медаль, ЗХЖШ-ын “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдаж байжээ.

     Олон шавь нар, хамт олон, ахан дүүс, найз нөхдийнхөө хайр талархалыг хүлээж, үлгэр жишээч байдал, нөхөрсөг харилцаа, зөв сэтгэл үзэл бодлоороо биднийгээ гийгүүлэн явсан  Д.Лхагвасүрэн таны хөдөлмөрч даруу зан бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
 
Үр хүүхдүүд,ах дүү,анд нөхөд
БХИС-ийн Эрдмийн зөвлөл
БХИС-ийн Артиллер зэвсгийн тэнхим
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.