Монголын даамын холбоо, Хан Хэнтийн даамын холбооноос хамтран зохион байгуулсан "Чингис Опен 2018" өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн энэ сарын 23-25-нд Хэнтий аймгийн төв Чингис хотноо боллоо. Тэмцээнд Улаанбаатар, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Өмнөговь аймгийн эрэгтэй 76, эмэгтэй 38, нийт 114 тамирчин ухаанаа уралдуулсан юм.

Оролцогчдыг цол зэргээр нь ангилбал олон улсын  их мастер цолтон гурав, олон улсын мастер нэг, Дэлхийн даамын холбооны мастер тав, Дэлхийн даамын холбооны дэд мастер гурав, спортын мастер 11, дэд мастер 19, зэрэгтэй тамирчин 40 гаруй байв. Тэмцээний хамгийн ахмад оролцогч нь 75 настай Д.Жамсран, хамгийн бяцхан оролцогч нь долоон настай Б.Идэрболд байсан юм. Швейцарь системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс Монгол Улсын гавьяат тамирчин, ОУИМ Д.Эрдэнэбилэг боломжит 18 онооноос 15-ыг авсан амжилтаар тэргүүлж, ОУИМ Р.Манлай, Г.Ганжаргал, ДДХМ Ц.Хашчулуун 14, спортын мастер Б.Батжаргал 13 оноогоор удааллаа.

Эмэгтэйчүүдээс ДДХМ Г.Хэрлэнмөрөн 14 оноогоор манлайлж, ДДХМ Б.Нандинцэцэг 14, ДДХДМ Г.Дүүрэнбилэг 13 оноогоор эхний гурван байрт оров. Ахмадын ангилалд спортын мастер Г.Гансүх, I зэргийн тамирчин Ц.Ганбаатар, 17 хүртэлх насанд хөвгүүдээс дэд мастер М.Лувсандорж, охидоос спортын мастер Б.Мөнхжин, 14 хүртэлх насанд хөвгүүдээс спортын мастер Б.Баярманлай, охидоос дэд мастер Л.Надмид, 11 хүртэлх насанд хөвгүүдээс I зэргийн тамирчин Х.Өнөмөнх, охидоос дэд мастер М.Отгонтунгалаг нар тэргүүн байрыг эзэлсэн байна.

Тусгай шагналыг Ж.Доржнямбуу (Хэнтий), Н.Лхагвадолгор (Шинэ Монгол), Б.Идэрболд (Хэрлэн-4) нарт олгожээ. Тэмцээнийг Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, "Өгөөмөр зөв зам" ХХК, "Хэрлэн-1" лаборатори сургуулиуд ивээн тэтгэсэн юм. Энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын "Алтан од" шагналыг Хэрдлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбатад, "Спортын алдар" одонг Хан Хэнтийн даамын холбооны тэргүүн Г.Наранцогтод гардууллаа. Хотын захиргаанаас "Чингис Опен"-ийг уламжлал болгон жил бүр зохион байгуулахаа тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр мэдэгдсэн юм.   

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.