Долоо хоногийн тойм

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулгатай холбоотой үйл явц олны анхаарлыг төвд байлаа. Мөн "Оюутолгой" ХХК-тай холбоотой асуудал улс төр, эдийн засгийн хүрээнд анхаарал татаж байв. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

"Оюутолгой" ХХК цахилгаан станц барих төслийг зогсоосон уу?

 Сар шинийн өмнөхөн "Оюутолгой" ХХК-аас гаргасан мэдээлэл байв. Энэхүү мэдээлэлд "Оюутолгой" ХХК цахилгаан станц барих төслийг зогсоож байгаа тухай дурьдсан байв. Харин энэ талаар өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний яамнаас “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалсан. Түүнээс Тавантолгой цахилгаан станц барих төслийг хүчингүй болгосон зүйл огт байхгүй” хэмээн мэдэгдэв.  “Оюутолгой” ХХК жилд 200-250 сая ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас авч хэрэглэдэг.  Энэ асуудалтай холбогдуулан Эрчим хүчний сайд “ Монгол Улсын Засгийн газар 2009 онд Оюутолгой компанитай хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т зааснаар “Оюутолгой” компани өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээг зөвхөн дотоодын эх үүсвэрээр хангана. Ингэхдээ дөрвөн жилийн дотор гурван хувилбарын аль нэгийг сонгох үүрэг хүлээсэн аж. Гэтэл энэ гэрээний хүрээнд 2014 оны наймдугаар сарын 14-нд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээнд Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг хүчингүй болгосон байсан.  Иймээс Засгийн газраас Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалсан. Түүнээс Тавантолгой цахилгаан станц барих төслийг хүчингүй болгосон зүйлгүй гэсэн юм.

Мөн энэ гэрээ цуцлагдсанаар тоолуур эргэж эхэлсэн гэдгийг Эрчим хүчний сайд мэдэгдэв.

Тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээг дөрвөн жилийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс сонгох авах үүрэгтэй болсон. Гэрээнд,

 -Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц

-Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц,

-Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ заасан гэж Эрчим хүчний сайд тайлбарлалаа.

.Гантулга гишүүнийг эгүүлэн татах уу?

УИХ-ын гишүүн Д.Гантулгын шинжээчийн дүгнэлтээр УИХ-ын гишүүн Д.Гантулга гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдов. 

Энэ талаар нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясман “…УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгаа. Түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар мөрдөгч болон прокуророос хэд хэдэн удаа дуудсан боловч эрхэм гишүүн орон нутаг, гадаадад ажилтай байгаа нэрийдлээр одоог хүртэл ирээгүй байна.

Ер нь хэн ч бай прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд ирэх үүрэгтэй. Ирээгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.3 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ. Мөн яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудсан сэжигтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан нь хуулийн дагуу баривчлах үндэслэл болдог.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дараа дараагийн арга хэмжээ болох шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг явуулж байна. Цаашид прокурор, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараагаар хуульд заасан тодорхой төрлийн ажиллагаануудыг хийнэ” гэж мэдэгдсэн.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Гантулгыг цагдан хорих саналыг энэ долоо хоногийн эхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга гадаадад явж байгаа аж. Түүнийг цагдан хорих эсэх шийдвэрээ шүүх гаргаагүй байгаа юм. 

 

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг үргэлжлүүлнэ

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хугацаандаа хэрэгжээгүй удаашралтай байгаа ажлуудыг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт даалгасан байна. 

Хөтөлбөрт тусгасан 204 арга хэмжээний 136-ыг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн бол энэ оны эхний хагаст 68-ыг нь хэрэгжүүлэх аж. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө болон дараа үеийн макро эдийн засаг, нийгмийг гол үзүүлэлтүүдийг харьцуулахад эерэг үр дүн гарсан байна.

Тухайлбал эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсвийн алдагдал, алдагдлын Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь буурсан, гадаад худалдааны эргэлт, экспорт, валютын нөөц нэмэгдэж ханш тогтворжсон, төгрөгт итгэх итгэл сэргэж, төгрөгийн хадгаламж өссөн, зээлжих зэрэглэл сайжирсан, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх нөхцөл бүрджээ. 

Манай тамирчид медалийн буухиаг үргэлжлүүлж байна

Олон Улсын жүдо бөхийн холбооны календарчилсан төлөвлөгөөний дагуу явагддаг “Их дуулга” тэмцээн Герман улсын Дюссельдорф хотноо болж байна. Тэмцээнд таван тивийн 65 орны 446 жүдоч Дюссельдорфийн татамид зодоглоно. Манай улсыг төлөөлж уг дэмцээнд 19 жүдоч оролцож байгаа билээ. 

Тэмцээний эхний өдөр  эрэгтэйчүүдийн 60кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57кг-ийн жингийн барилдаанууд явагдаж, медалийн эзэд тодорлоо. Эдгээр жинд манайхаас есөн жүдоч зодоглосноос хоёр нь хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 57кг-ын жинд ОУХМ Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 66кг-д ОУХМ Б.Эрхэмбаяр нар тус тус хүрэл медаль хүртсэн байна. Б.Эрхэмбаяр хүрэл медалийн төлөөх барилдаанд нутаг нэгт бөх Д.Алтансүхийг ялсан бол Л.Энхрийлэн ОХУ-ын жүдоч Анастасия Конкинаг ялж хүрэл медалийн болзол хангажээ.

Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин улсын хошой аварга, Азийн АШТ-ий хүрэл медальт Болдын Ганхайч үргэлжлүүлээд байна. 

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.