Нэг хүүхдийн хичээлийн хэрэгслийг 400 мянган төгрөгөөр бэлдэнэ

Хичээл эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Нийслэлд хөл хөдөлгөөн нэмэгдэж, хот хөдөөгийн оюутнууд  эхнээсээ иржээ.  Энэ өдрүүдэд нийслэлийн томоохон худалдааны төвүүд хөл ихтэй байна. Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх гэсэн эцэг, эхчүүд “үүрэгт ажил”-даа идэвхийлэн оржээ.  Дүүрэг бүрт зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаа үйлчлүүлэгч олонтой байна. Тухайлбал, энэ сарын 16-наас  Драмын театрын өмнөх талбайд гарсан “Хичээлийн шинэ жил-2014” нэгдсэн үзэсгэлэн хүн ихтэй байна. Хотын захиргаа, холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан  энэ үзэсгэлэн сурагчийн дүрэмт хувцас, сургуулийн хэрэгслээ нэг дороос худалдан авах таатай боломжийг бүрдүүлж өгчээ. Үүнд эцэг эхчүүд ам сайтай байна. Мөн Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг  нэг дор цогцлоосон учраас ном, дэвтэрээ энэ тэндээс  цуглуулах зардал бага гарч байгааг иргэд онцолж байв. Түүнчлэн “Үнийн хувьд боломжийн байна. 12 хуудастай дэвтэр 150 төгрөг гэж байна” гэд­гийг эцэг, эхчүүд хэлж байсан. Тиймээс өнгөр­сөн амралтын өд­рүүдэд хүмүүсийн олноор үйлч­лүүлдэг  “Оргил” ху­дал­дааны төв болон  “Нарантуул”, “Хархорин” зах гарч хичээлийн хэрэгс­лийн  үнэ ханш сонирхлоо. 

 

“ОРГИЛ”-Д ДЭВТЭР ХЯМД, ЦҮНХ ҮНЭТЭЙ БАЙНА

     “Оргил” худалдааны төвд очиход хүн нь  сэлүүхэн, барааны сонголт арвин угтсан. Хичээлийн хэрэгслийн үнийг  өнгөрсөн жилтэй харьцуулахад бага зэрэг нэмэгджээ. Гэсэн ч үзэс­гэлэн яармаг дээрх үнийг бодвол энд дэвтрийн үнэ таван төгрөгөөр хямд байна. Энэ удаа бид ч бас бусад эцэг, эхчүү­дийн нэгэн адилаар энэ тэндэхийн дэлгүүр хэсэхдээ үнийг нь хооронд нь жишиж, чанарыг нь харгалзаж явав. Учир нь энэ жил охин маань Ерөнхий боловсрлын сургуулийн дөрөвдүгээр ангид орно. Харин дүү нь цэцэрлэгийн бэлтгэл ангид орно. Тиймээс дүүгийнх нь зардлыг түр хойш нь тавиад, халаасандаа 300 мянган төгрөгтэй эгчийнх нь бэлтгэлийг базаахаар дэлгүүр хэсэв.

“Оргил”-д 12 хуудастай нимгэн дэвтэр 145 төгрөг, зурагтай нь 210 төгрөг гэж байна. Тоо, монгол хэлний дэвтрээ боодлоор нь авбал 62.500 төгрөг болох нь.  Харин энэ удаа охин элемент дээр бичих “үеэ өнгөрөөсөн” учраас дунд ангийнханд зориулсан 32 хуудастай дэвтрийг бөөндөв. Энд Малайз улсад үйлдвэрлэсэн “Саmpap” брэндийн дэвтрийг эцэг, эхчүүд ихэвчлэн бөөндөөр нь авч байна.  32 хуудастай  дэвтэр 350 мянган төгрөг гэж байна. Тууш болон тооны дэвтрээ бөөнөөр нь авахад 70 мянган төгрөг болов.  Харин бусад дагалдах хэрэгсэл болох үзгэн бал, харандаа баллуур, цавуу, өнгийн цаас, зургийн дэвтэр  зэргийг нь  Орос, Германь,  Швейцарь улсад үйлдвэрлэсэн зэргээс нь хамаарч 50 мянган төгрөгт багтааж авав. Энд ахлах ангийнхан бичдэг 60 хуудастай дэвтэр 570 төгрөг гэж байна.  Ямартай ч дэвтэр, үзгээ эндээс бөөндөхөд  150  мянган төгрөгт  элбэг багтаах нь. Харин  хүүхдийн цүнх, үүргэвч энд арай үнэтэй байна. Чанар чансаагаараа ялгарсан цүнх нь 120.000-170.000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

 

“ХАРХОРИН” ДЭЭР БҮХ ДЭВТЭР ИРЖЭЭ

Хичээлийн хэрэгслээ бэлдчихээд “Хархорин” зах руу цүнхний эрэлд гарав. Энэ жил “Хархорин” дээр дэвтэр өргөн сонголттой иржээ. Малайз, монгол, польш  дэвтэр  бүгд байна. Үнийн хувьд монгол дэвтэр нь Малайзаасаа яльгүй өндөр 150-200 төгрөг гэж байна. Харин үзэг, бал, харандаа зэрэг бусад дагалдах хэрэгслийн үнэ бараг адилхан юм. Хүн ихтэй ч хичээлийн хэрэгслээ бөөнөөр нь авах нь ховор байна. Зарим иргэд есдүгээр сарын 1 дөхүүлж байгаад авах байх. Наймдугаар сарын сүүлчээр барааны сонголт ч мууддаг учраас   хичээлийн хэрэгслээ эрт  базаах хэрэгтэй” гэдгийг наймаачид бас давхар сануулж байсан. “Хархорин” дээр үүргэвч, цүнх  элбэг ч сонголт тааруу чанартай нь бас ховор юм. Ингээд “Нарантуул”-ыг зорив.

 

“НАРАНТУУЛ”-ААС ДҮРЭМТ ХУВЦАСАА АВЧ БОЛНО

“Нарантуул” зах бусад худалдааны төвүүдээс илүүтэй хүн ихтэй байна. Дэвтэр номоос илүү цүнх, дүрэмт хувцас зардаг хэсгүүдэд хүн ихээр цуглажээ.  Үнийн хувьд эдгээр бараа нь үзэсгэлэн худалдаануудаас яльгүй хямд байна. Боломжийн сайн чанарын цүнхийг 50-100 мянган төгрөгт багтаан  худалдан авч болох нь. Дүрэмт хувцасны хувьд БШУЯ-наас баталсан жишиг загварын дагуу дотооддоо үйлдвэрлэсэн дүрэмт хувцасыг зарж байгаа гэдгийг наймаачид хэлж байв. Үнийн хувьд анги ахих тусам өөрчлөгдөж байгаа ч  41-99 мянган төгрөгийн хооронд худалдаалж байгаа аж. Бидний хувьд, үлдсэн 150 мянган төгрөгтөө цүнх, дүрэмт хувцас хоёртоо шингээв.  Харин үлдсэн майк, подволка, биеийн тамрын хувцас зэргээ 100 мянган төгрөгт багтааж тооцоод дөхүүлж авахаар болов. 

“Нарантуул” зах нь төвлөрсөн худалдаатай учраас эндээс сурагчийн дүрэмт хувцас болон бусад хувцасаа нэг дороос авч болох давуу талтай.  Гэсэн ч зарим иргэд барааны үнэ хэтэрхий  өндөр байгаад сэтгэл гонсгор байна.Нэг хүүхдийн хичээлийн хэрэгслийг дунджаар 150-200 мянган төгрөгт арай гэж багтааж байгаагаа хэлж байсан.Мөн сурагчийн дүрэмт хувцас нь дангаараа 100 мянган төгрөг болж байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Тиймээс барааны үнэ нэмэгдсэн эсэхийг наймаачдаас тодруулбал “Дэвтэр, балны үнэ бага зэрэг нэмэгдсэн. Харин дүрэмт хувцасны үнэ бараг нэмэгдээгүй. Харин ирэх долоо хоногт шинээр ирэх хичээлийн хэрэгсэлүүд нэмэгдсэн үнэтэйгээр ирэх байх” гэж байв. Тус худалдааны төвд хүүхдийн цүнх 10.000-80.000,  сурагчийн цагаан цамцны үнэ материалаасаа шалтгаалан 8000-15.000 төгрөг байна. Дунд ангийнхны биеийн тамирын хувцас 18-45 мянган төгрөг  байна. Тиймээс хичээлийн хэрэгслийн үнэ ханшийг дараах хүснэгтээр тоймлон хүргэж байна.


Э.БЭРЦЭЦЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • azaa 2016-09-04 12:28:53
    пөөхөлдөө
    59.153.87.27
    Мэдэгдсэн Хариулах