Штабын дарга , ахмад дайчин П.Шагдарсүрэн

Морьт 17 хорооны штабын даргаахмад П.Шагдарсїрэн, мєн штабын сургагч  К.А.Солодовиков нар фронтын шугамд. 1939 оны наймдугаар сард.


Халх голын дайны ялалтын 75 жилийн ойд
 

1939 онд болсон Халхын голын дайнд оролцсон ахмад дайчин одоо Монгол улсад 30 гаруйхан амьд мэнд байгаа гэж Дайнд оролцогсдын Монголын хороонд бүртгэгджээ. Тэр дайнд дивиз,хороо,суман зэрэг цэргийн ангийн удирдахбүрэлдэхүүнд ажиллаж байсан дарга /офицер/ эдүгээ өдрийн од болжээ. Сайн эрж шүүвээс Дорнод аймгийн Тамсагбулагт Д.Сүхбаатарын  нэрэмжит морьт Ү1 дивизийн 17-р морьт хорооны штабын даргаар уг дайн эхлэхээс дуустал ажиллаж байсан ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэн эдүгээ 96 нас хүрээд Улаанбаатар хотноо Чингэлтэй дүүргийн 4-р хороонд эрүүл мэнд, энх амгалан аж төрж сууна. П.Шагдарсүрэн бол Төв аймгийн Баянбараат сумын нутагт 1918 оны морин жил малчны гэр бүлд төрсөн, багаасаа мал маллаж байгаад нийслэл хотноо бага, дунд сургууль төгсч, 18 нас хүрээд 1937 онд сайн дураараа Цэргийн ерөнхий сургуульд оржээ. Тэрбээр үеийн нөхдийн хамт маш идэвхтэй суралцдаг байж. 1938 оны сүүлчээс манай орны дорнод хилээр Японы түрэмгийлэгчид халдан довтолсоор байв. Иймээс Бүх цэргийн жанж­ны тушаалаар төгсөх ангийнхныг хугацаанаас нь өмнө 1939 оны гуравдугаар сарын эхээр төгсгөжээ. Тэдгээр төгсөгчдөөс хэсэг нөхөд цэргийн анги нэгтгэлүүдэд дээд ахлах тушаалын даргаар шууд томилогджээ. Пунцагийн Шагдарсүрэн Тамсагбулагийн морьт 6-р дивизийн морьт 17-р хороонд штабын даргаар 21 насандаа ахмад цолтой томилогдон очжээ. Түүнтэй хамт төгсөгчдөөс мөн штабын туслах, байлдааны ангийн даргаар Н.Дугаржав, тагнуул ангийн даргаар Н.Баатар нар томилогдон очсон аж.Шинэ томилогдож очсон тэднийг 1939 оны гуравдугаар сарын 10-нд 6-р дивизийн дарга Ч.Шаарийбуу, комиссар Д.Пэлжээ, 17-р хорооны дарга Л.Дандар нар сургагч, бусад дарга нартайгаа угтаж анги, нэгтгэлээ болон цаг үеийн байдлыг танилцуулж жинхэнэ ажилд нь оруулжээ.Морьт 17-р хороо бол Ардын хувьсгалт цэргийн анхны ангийн нэг. Харийн дайсны халдлага дайралтанд хатуу цохилт өгч байсан дайчин түүхтэй.

“Бид богино хугацаанд хорооныхоо ажил, цэргүүдийн аж байдалтай танилцаж, танхимд сурч мэдсэнээ амьдрал дээр нүдээрээ үзэж биеэрээ хийж эхлэв. Хорооны дарга, комиссар, сургагч нарын зөвлөмж дэмжлэг, өөрийн туслахууд болон хуучин дунд, бага дарга нарын туслалцаа, хамтын чармайлтаар ажил  үүргээ амжилттай биелүүлж байлаа. Японы түрэмгийлэгчид халдан довтлох нь улам нэмэгдэж дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр япон-манжийн цэргүүд Сүмбэрийн заставын чиг­лэ­лээр хэдэнтээ халдлага хийв. Тавдугаар сарын 11-нд дайсны хоёр томоохон анги зүүн хилд гэнэт довтлон ширүүн тулалдаан болж манай хилчдээс амь эрсдэж шархадсан билээ. 16-ны өглөө дайсны хоёр нисэх онгоц Тамсагбулагт байгаа ҮI дивизийн дээгүүр нисч тагнан туршив. Маргааш нь тус дивиз, ангиуд Хамар давааны чиглэлээр хурдавчилсан марш /аялал/-аар довтлон явсаар Халхын голд хүрчээ.Манай цэрэг дайчид байлдааны бүх бэлтгэлээ хангаад дайран ирэх дайсанд үхлийн цохилт өгөхөд бэлхэн зориг төгөлдөр байсан” гэж П.Шагдарсүрэн гуай дурдсан байдаг.

Зарим өдөр хоёр талаас зуугаад онгоц оролцсон аймшигт тулалдаан болдог байж. зургадугаар сарын 22-нд зөвлөлтийн 90-ээд онгоц, японы 120-оод онгоцтой халз дайтаж агаарын аймаар, гайхмаар дайн анх удаа Халхын голын тэнгэрт болсныг тэр дайнд оролцож явсан ахмад дайчид дурсан ярьдаг. “Дэргэд бөмбөг дэлбэрэхэд ингээд би сурагчтайгаа, морьтойгоо үхэх болж, эх орон минь, ээж аав минь эгшин зуур бодогдож, харин дайсныг заавал ялна, орос нөхөд минь байгаа цагт гэсэн бодол бас санаанд бууж ирлээ. Харин азаар орос, монгол бид хоёр амьд мэнд гарч, хайран сайхан хоёр хүлэг морь минь нам унасан /үхсэн/ байв.Миний хээр халзан морь ширүүн тулалдаанд хэдэнтээ орсон, маш сайн сургуультай, их хурдан, том биетэй, ижил дасал болсон хайртай морь минь байж билээ” гэж П.Шагдарсүрэн гуайн ярьж байсан санаанд минь байна. Наймдугаар сарын ерөнхий давшилтын өмнөхөн П.Шагдарсүрэн фронт командлагч маршал Х.Чойлбасан, Г.К.Жуков, Ж.Лхагвасүрэн нарыг дагаж цэргийн ангиудаар явахад маршал Х.Чойбалсан, Г.К.Жуков нар цэрэг, дарга нарыг эцсийн тулалдаанд зоригжуулан монгол, зөвлөлтийн арми энэ дайнд баттай ялна гэж хэлж байжээ.

Энэ дайн эхлэхээс нь эцэслэн дуустал фронтод амь биеэр зүтгэж дайсантай халз тулалдаж, шархдан цусаа урсгаж явсан дайчин эр бол Пунцагийн Шагдарсүрэн мөнөөс мөн. Халхын голын дайнд оролцсон морьт 17-р хорооноос дарга байсан Л.Дандар, мөн байлдагч байсан  Ц.Олзвой нар гарамгай гавьяа байгуулсан учир БНМАУ-ын баатар цол хүртэж, олон арван дайчид одон, медалиар шагнуулсны дотор П.Шагдар­сүрэн Цусан гавь­яа­ны /Цэргийн гавь­яаны улаан тугийн/ одонгоор энгэрээ мялаал­гажээ. Тэрбээр бас 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин юм. Халхын голын дайнд ийнхүү идэвхтэй орол­цсоны дараа П.Шагдарсүрэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд маршал Х.Чойбалсангийн гарын нарийн бичгийн дарга, туслагч, Гадаад явдлын яаманд хэлтсийн эрхлэгч, орлогч болон жин­хэнэ сайд, Намын төв хороонд хэлтсийн эрхлэгч, гадаадын арваад улс оронд элчин сайд зэргээр Монголын гадаад харилцааг бэхжүүлэхийн тулд дипломат албанд он удаан жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ. П.Шагдарсүрэн өөрийн амьдрал тэмц­лийн туршлага, үйл ажил­­лагаа­наас “Халхын го­лын байлдааны өд­рүүд”, “Миний мэдэх Чойбалсан”, “Амьдралын хувь төөрөг” зэрэг сонир­холтой номууд туурвин бүтээжээ.

Халхын голын дайны ялалын 75 жилийн ой энэ 2014 онд болж байгаа учир ОХУ, Монгол улсад тус ойг өндөр хэмжээнд тэмдэглэхээр өргөн арга хэмжээ зохиож байгаа аж. Энэ 75 жилийн ойн баярыг тохиолдуулан уг дайнд хамгийн идэвхтэй оролцогчдын нэг-одоо энх амгалан аж төрж байгаа ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэнд “МОНГОЛ УЛСЫН БААТАР” цол шагнаж хүртээх нь зүйтэй гэсэн хөдөлмөрчин ол­ны саналыг Дайнд орол­цогсдын Монголын хо­роогоор уламжлан дороос дэвшүүлж байгаа юм.

Хоёр дайнд оролцож явсан П.Шагдарсїрэн. 2009 он.

Х.Чойбалсангийн гарын нарийн бичгийн дарга асан П.Шагдарсїрэн. 1942 он.



Н.ЗОРИГ
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-08-20 08:41:11
    Zuragtaar nevtruuleg uzsen . Biee saihan avc yavdag Hun baina lee. Zaluus bid nart sain ulger duurialal Bolj baigaad tani bayarlalaa
    217.118.78.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Сандаг 2014-08-20 02:18:06
    96 нас сайхан нас байна. Буянтай буурал юм даа.
    112.72.13.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Gerel 2014-08-20 02:08:00
    Baharhaj bna,amidad ni \'\'Baatar\'\' tsol uguusei.Tand eruul enhiig husie.
    112.72.13.158
    Мэдэгдсэн Хариулах