СУДАЛГАА: Эрэгтэйчүүдийн 48.8 хувь нь таргалалттай байна

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын Хүн Амын Хоол Тэжээлийн Байдал” үндэсний V судалгааг 2016-2017 онд хийсэн билээ. Өнөөдөр тус судалгааны эцсийн үндсэн үр дүн, тайлангаа УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Монгол Улс дахь гадаадын элчин сайдын яамд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ сургалтын байгууллага, хэвлэл мэдээлийн байгууллага  нийлсэн 150 гаруй төлөөлөгчдөд танилцууллаа.

Судалгаанд Монгол Улсын эдийн засгийн дөрвөн бүсийн 21 аймаг, нийслэлийн 8 дүүргээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 94 сум, 30 хороо хамрагджээ.

Судалгааны зорилго нь хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч, 2010 онд хийгдсэн “Хоол тэжээлийн үндэсний IV судалгаа”-аас хойш гарсан ахиц дэвшил, алдаа дутагдлыг илрүүлэхийн зэрэгцээ, сүүлийн жилүүдэд МУ-ын нийгэм, эдийн засаг, хүн амын хооллолтын дадалд гарсан томоохон өөрчлөлтийг харгалзан холбогдох бодлого, хөтөлбөрт зохих өөрчлөлт оруулахад оршиж буй юм.

Хоол тэжээлийн тулгамдаж буй томоохон асуудал болох төмөр, А, Д аминдэм, иод дутал, илүүдэл жин ба таргалалтын тархалт, өрхийн хүнсний баталгаат байдалд тусгайлсан дүн шинжилгээ хийж, тэдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд одоо хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрт оруулбал зохих өөрчлөлт, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон “Бодлогын зөвлөмж” бүхий 6 бүлэг сэдэвчилсэн үнэлгээний тайланг боловсруулжээ.

Үндэсний судалгаагаар аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр, 2010 оны түвшингээс буураагүй байна.

  • 5 хүртэлх насны хүүхдийн 26.6 хувь, эхчүүдийн 16.1 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21.4 хувь нь тус тус цус багадалттай,
  • 6-59 сартай хүүхдийн 27.7  хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 29.6 хувь төмөр дуталтай байгааг тогтоосон.
  • Д аминдэм дутлын тархалт хүүхэд, насанд хүрэгчдийн дунд маш түгээмэл,
    • 6-59 сартай хүүхдийн 61 хувь дуталтай, 28.9 хувь нь нөөц дутмаг,
    • жирэмсэн эмэгтэйчүүдийн 75.4 хувь нь дуталтай, 20.2 хувь нь нөөц дутмаг,
    • 15-49 насны эрэгтэйчүүдийн 40.4 хувь нь Д аминдэм дуталтай, 41.9 хувь нь нөөц дутмаг байдалд байгааг илрүүлжээ.
 
Мөн тав хүртэлх насны хүүхдийн 9.5 хувь нь А аминдэм дуталтай, 60.1 хувь нь А аминдэмийн нөөц хангалтгүй, дуталд өртөхөд ойрхон байгааг судалгааны дүн илтгэж байна.

Нийт өрхийн 78.9 хувь нь зохистой түвшинд иоджуулагдсан давс хэрэглэж байгаа бөгөөд, Баруун болон Хангайн бүсийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд иодын дуталд өртөх эрсдэлтэй хэвээр байна.

Хоол тэжээлийн үндэсний судалгаагаар МУ-д хоол тэжээлээс хамааралт эмгэгийн дарамт өндөр байгааг тогтоосон. Тухайлбал, нялх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолт хангалтгүй, нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, аминдэм, эрдсийн дутлын тархалт өндөр, 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувь хүнсний баталгаат байдал нь ямар нэг хэмжээгээр алдагдсан, илүүдэл жин ба таргалалтын асуудал нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрчээ.

Илүүдэл жин ба таргалалтын тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан, бүх насны хүн ам, ялангуяа насанд хүрэгчдийн дунд маш өндөр, хүүхдийн дунд нэмэгдэж байгаа нь онцгойлон анхаарвал зохих асуудал болжээ. Тодруулбал,

  • 5 хүртэлх насны хүүхдийн 11.7 хувь нь илүүдэл жинтэй,
  • 6-11 насны хүүхдийн 22.2 хувь нь илүүдэл жинтэй, 6.4 хувь нь таргалалттай,
  • 15-49 насны эхчүүдийн 46.2 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 16.5 хувь нь тарган,
  • 15-49 насны эрэгтэйчүүдийн 48.8 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 14.6 хувь нь тарган байгааг тогтоосон.

 

“Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны тайланд МУ-ын хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдлыг илтгэх хамгийн сүүлийн үеийн баримт, нотолгоог багтаасан бөгөөд хоол тэжээлийн дутлын болон илүүдлийн эмгэгийн тархалтыг бууруулах арга замыг “Бодлогын зөвлөмж” бүхий 6 бүлэг сэдэвчилсэн үнэлгээний тайланд тодорхойлжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • yu idevl ene amin demiig chin oloh vee 2018-02-23 01:30:54
    Yamar hool, yu yu idvel ene amin demiig oloh vee. tergiigee bicheech dee.
  • Зочин 2018-02-22 09:02:44
    Олигтой хөдөлгөөн хийдэггүй байж шахалдаад бүгд л машин унаж байна. Явган алхахгүй. Таргалаад үлдвэл их юм. Жаахан нас нь явахаар болохоо болино доо
  • !!!!! 2018-02-22 08:55:25
    Эдүгээ залуу ба дунд насны эрэгтэйчүүдийн олонх нь гүзээгээ унжуулсан, давхар нугалааст хүзүүтэй, бүдүүн бөгс гуятай, түнтийсэн юмнууд байдаг болжээ!!
  • Бат 2018-02-22 07:15:56
    Мал тарган байх харина хүн туранхай байж эрүүл урт удаан наслана та боддоо тарган өндөр настай хүн харсан уу