Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Алтан унжлагат хэмээх тахиа жил улиран одож, Тийн унжлагат хэмээх шороон нохой жил айлчлан ирсэн өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
Монголын тамирчид амжилттай уралдлаа
  
БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимп үргэлжилж байна. Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын цанын тамирчид тэмцээнээ өндөрлүүллээ.  Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-ын уралдаанд Монголын тамирчин Батмөнхийн Ачбадрах 41:40.4 минутын цагийн амжилтаар 97-р байрт орлоо.   
Мөн гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Чинбатын Отонцэцэг уралдаж, 90 тамирчнаас 84-р байрт орлоо.
 
Засгийн газар ээлжит томилгоогоо хийлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийлээ. Тухайлбал, Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг, АМГТГ-ын даргаар Х.Хэрлэнг тус тус томилжээ. 
 
С.Наранцогт нь МУИС, Сөүлийн их сургуулийг тус, тус төгссөн, Физик, математик PhD докторын зэрэгтэй. Сангийн яам, БСШУЯ, Хөдөлмөрийн яаманд газрын даргын албыг тус, тус хашиж байсан.  Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Хүний нөөц, урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байжээ.
 
АМГТГ-ын даргаар томилогдсон Х.Хэрлэн нь тус газрын Кадастрын хэлтсийн дарга, 'Монгол Шуудан' компанийн ТУЗ-ийн дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга,  'Дарханы төмөрлөгийн үйлдвэр' ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаал хашиж байжээ.
 
Төрийн дээд одон медаль гардуулав

Сар шинийн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.

Жүдо, Самбо бөхөөр дэлхий болон олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, тив дэлхийд нэрээ дуурсгасан олон тамирчдыг төрүүлэн, Жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргасан онцгой амжилтыг өндрөөр үнэлж, Үндэсний бөхийн улсын аварга, Самбо бөхийн дэлхийн аварга, Жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Одвогийн Балжиннямд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Монгол Улсын ардын жүжигчин, ардын эмч цол Монгол бүжгийн уламжлалт дэг сургалтыг бий болгох, бүжиг судлалыг хөгжүүлэх, бүжгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд өндөр хувь нэмэр оруулсан Соёл урлагийн их сургуулийн зөвлөх Профессор Дунжаагийн Нанжидад Ардын жүжигчин цол, Дэлхийн болон үндэсний дуурь, балет, симфони урлагийг хөгжүүлэх, дэлгэрүүлэх, удирдаачийн дэг жаягийг төлөвшүүлэн бий болгох, залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, Монголын хөгжмийн урлагийг гадаад орнуудад сурталчилан таниулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, Үндэсний дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаач Жагваралийн Бүрэнбэхэд Ардын жүжигчин цол,
Эрүүл мэндийн салбарт оношилгоо эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэх, чанар, тусламж үйлчилгээг сайжруулах, дэлхийн түвшинд хүргэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн зөвлөх эмч Банзрагчийн Батчулуунд Ардын Эмч цол тус тус хүртээв.

Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, байгаль орчин, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээв.
 
Нийтийн тээврээр иргэд үнэгүй зорчив
 
 Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг үнэ төлбөргүй болгохоор шийдвэрлэсэн.
 
Энэ дагуу хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд өглөөний 08:0-22:30 цагийн хооронд хот дотор болон хот орчмын 88 чиглэлд 694 их болон дунд багтаамжийн автобус, троллейбус, угсраа автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэв.
 
Мөн хотын ойролцоох дүүргүүд болох Налайх, Биокомбинат зэрэг чиглэлд ч дээрх өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчилсэн юм.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.