Эвдрээд зогссон машины араас мөргөснөөс хүний амь нас хохирчээ
Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд буюу 2018.02.10,11-ний өдрүүдэд замын хөдөлгөөн зохицуулах, дугаарын хязгаарлалтад  370 гаруй алба хаагч нийслэл хотын 160 уулзвар, гудамж замыг хариуцан ажиллажээ. Амралтын өдрүүдэд тус албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 593 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 489 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийт 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэн орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.

Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд жолооч нар ихэвчлэн уулзвар гарц, нэвтрэх дүрэм зөрчих, тээврийн хэрэгсэл байрлан явах дүрэм зөрчдөгөөс осолд холбогдож байна. Зарим нэг соёлгүй жолооч нар өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавин эсрэг урсгалтай зам сөрж улам түгжрэл үүсгэж, зам тээврийн осол, хэрэгт өртөх, холбогдох явдал нэлээдгүй бүртгэгддэг. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн  наймдугаар бүлэгт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж заасан байдаг.

Тухайлбал: Орон нутагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг асфальтан замд зам дээр эвдрээд зогсож байсан Mitsibushi Fuso маркийн автомашины араас Istana маркийн автомашин мөргөж зорчигч 25-30 орчим насны эрэгтэй амь насаараа  хохирсон ноцтой зам тээврийн ослыг шалгаж байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулах бөгөөд ослын зогсолтын тэмдгийг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд:

      а/зам тээврийн ослын улмаас зогссон үед;

      б/түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсвэл байхгүй) буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд;

      в/харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед;

      г/чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсвэл байхгүй) бол.хэрэглэхээр заасан байдаг боловч хөдөө, орон нутгийн замд тэр дундаа харанхуй бүрэнхий үед жолооч нар дээрх дүрмийг баримтлаагүйн улмаас ноцтой зам тээврийн осол гарах нэг шалтгаан болж байна. Иймд жолооч та зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын дохио болон ослын зогсолтын тэмдгийг дүрмийн дагуу байрлуулж жолооч нарт урьдчилан анхааруулж, гарч болзошгүй зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг ЗЦА-наас анхааруулж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.