ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулав
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааны эхэнд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн тул хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад гишүүдийн 65.9 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдлаа.

УИХ-ын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар, 4 шатлалтайгаар албан татвар ногдуулахаар болсон.

Гэвч нэг талаас Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл тогтвортой өсөж, татварын бааз суурь тэлж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх идэвх, санаачилга дээшилж байгаа, нөгөө талаас дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш ойрын ирээдүйд харьцангуй тогтвортой, өндөр байх төлөвтэй байгаа нь манай улсын эдийн засаг, төсөвт эерэг нөлөө үзүүлэхээр байгаа тул иргэдийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах татварыг нэг шатлалтай болгож, эдийн засаг дахь татварын ачааллыг бууруулж, татварын системийг энгийн, ойлгомжтой болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь бизнесийн хөгжлийг хурдасгах, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байрыг шинээр бий болгох, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзсэний үндсэн дээр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлууллаа.
 
Уг хуулийн төсөл батлагдсанаар цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээ нэг шатлалтай, 10 хувь болж байгаа юм.

Мөн уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурал болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан 2018 оны улс, орон нутгийн төсвийн орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрийг батлагдсан хэмжээнээс нэмэгдүүлэх бүхий л боломжит арга хэмжээг авч, улс, орон нутгийн төсвийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлийн төсвинй ерөнхийлөн захирагч нарт даалгахаар уг тогтоолын төсөлд заажээ. Уг тогтоолыг Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.