Пёнчаны олимпийн шигтгээ

Пёнчаны өвлийн Олимп эхлэхэд долоохон хоног үлдээд буй энэ үед спортын энэхүү томоохон наадмыг үзэх харах юмтай, сонирхолтой болгох “шигтгээ” болсон өвөрмөц оролцогчдын талаарх мэдээллийг хүргэж байна.

Олимпийн наадам бол этгээд сонин улс орнуудын цуглуулга болж, дэлхий даяар хүмүүс цэнхэр дэлгэцийнхээ өмнө тамирчдаа дэмжиж суудаг үе билээ. Өвлийн спорт бол халуун оронд хөгжихөөргүй хэцүү спорт мэт. Гэвч Африкийн Гана, Мадагаскар, ӨАБНУ, Марокко, Того, Нигери, Кени, Эритрей зэрэг улсад өвлийн Олимп хангалттай хөгжжээ. Далайн орнуудаас зөвхөн Шинэ Зеланд гэлтгүй Тонго улсын төлөөлөгч ч өвлийн Олимпод оролцохоор зэхэж байна. Хоёр Солонгос нэгдэж, хоккейн шигшээ баг бүрдүүлсэн зэргээс эхлээд энэ наадам үзэх юм ихтэй болох төлөвтэй.
 

Мадагаскарын уулын цанийн тамирчин



Миалитиана Клер бол Мадагаскараас ирсэн уулын цанын тамирчин. Өдгөө 16 настай. Хэдийгээр алс холын Африкийн нэгэн аралд, Амбохитрманька хотод төрсөн ч нэг настайд нь франц гэр бүл өргөж авчээ. Тамирчин охин Францад амьдарч, уулын цанын спортоор хичээллэдэг.
 

Нигерийн бобслейчин бүсгүйчүүд



Нисгэгч Сеун Адигун, Нгози Онвумере, Акуома Омеога нар өвлийн наадамд улс орноо төлөөлж буй анхны тамирчид болно. Үүнээс гадна энэ төрлийн спортоор Африкаа төлөөлж буй анхны тамирчид гэдгээрээ онцлогтой. Адигун АНУ-д нигери гэр бүлд төрсөн бөгөөд 2012 оны Лондоны зуны Олимпод Африкийн аваргын статустайгаар хүрэлцэн ирж байлаа. Тухайн үед тэрбээр 100 метрийн саадтай гүйлтэд түүхэн нутгаа төлөөлж оролцсон.

2017 онд бобслейгийн сонирхогчид тэр ч бүү хэл Нигерид ирж, ямар зорилготой болохоо танилцуулсан юм. Нигери бүсгүйчүүд 100 мянган ам.долларын хандив ч цуглуулж чадсан байна. Бобслей бол тийм ч хямд зардлаар оролцдог спорт бус. Тэд “Инстаграм”-аа идэвхтэй хөтөлж, Пёнчаны наадамд оролцох болсноо зарласан нь интернэтэд томоохон дуулиан тарьж, Ямайкийн домогт тамирчидтай дүйцүүлж эхэлжээ.
 

Мексикийн цанын фристайлист


Мексикт 5000-аас дээш өндөртэй цаст уулс байдаг ч Латин Америкийн залуус цана, снөүбордоор онцгой амжилт гаргасан түүх үгүй. Харин Мексикийн спортын жинхэнэ домог нь бизнесмэн, дуучин, уулын цанын спортын тамирчин Хубертус фон Гогенлоэ билээ. Тэрбээр 54 насандаа Сочигийн Олимпод үндэснийхээ хувцастай оролцсон.

Уулын цанын фристайлист Роберт Франко түүнийг бодвол гоц гойд ялгарах юмгүй ч амжилт гаргах магадлал тун өндөр байна. Учир нь тэрбээр 2015 оны ДАШТ-д слоупстайл ангилалд зургаадугаар байр эзэлжээ. Үнэндээ тэрбээр тухайн үед АНУ-ын шигшээгийн бүрэлдэхүүнд багтаж байсан. Сокирхолтой нь тогооч бөгөөд “Инстаграм”-аараа дамжуулан мексикс сүмс болох сальсын захиалга авдаг.
 

Тонгогийн цаначин



Рио-Де-Жанейрогийн зуны Олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд Тонго Улсын төлөөлөгч хэмээх нэгэн залуу үндэсний хувцас хэмээн бараг нүцгэн шахуу гарч ирснийг та бүхэн санаж байгаа биз ээ. Цээжээ наргил модны тосоор тосолсон Пита Тауфатофуа цэнгэлдэх хүрээлэнг тойроод л жинхэнэ од болон хувирсан. Тонго улсын иргэн тэрбээр хэд хэдэн Олимпод таэквондогийн төрлөөр оролцсон боловч эхний тойрог дээрээ л ялагдаж байв. Түүний өрсөлдөгчид наадмын маргаашнаас л дөрвөн жилийн дараа болох Олимпод бэлтгэж эхэлсэн бол харин Пита цаг хугацааг товчлохоор шийджээ. Ингээд тэр Өмнөд Солонгост болох өвлийн Олимпод цанын уралдаанд оролцохоор зориг шулуудсан байна.

Үнэндээ Пита 2017 оноос өмнө цасыг зөвхөн зурагтаар л харж байсан аж. Ингээд Олон улсын Олимпийн хорооноос зохион байгуулдаг цанын дасгал сургуулилтад оролцсоноор эртний Полинейзийн омгийн үр удам цанын техникийн нарийн нандиныг мэдэж авчээ. Тауфатофуа 2017 онд Лахтид болсон өвлийн спортын төрлийн ДАШТ-д оролцож, 156 оролцогчоос 153-д ирсэн байна.

Сонирхолтой нь Тонго улсаас өмнө нь Сочигийн Олимпод Фуахеа Семи хэмээх тамирчин оролцсон түүхтэй. Тэрбээр Германы дотуур хувцас үйлдвэрлэгч фирмтэй гэрээ байгуулж, наадамд оролцсон болохоор өөрийнхөе нэрээр бус, тус брэндийн Бруно Банани нэртэйгээр наадамд оролцсон. Банани чарганы төрөлд 39 оролцогчоос 32-т ирж, Тонгогоос өвлийн Олимпод оролцсон анхны тамирчин болсон.

Харин Питагийн хувьд Олимпод оролцох нормативаа биелүүлж чадаагүй ч дэлхий даяар түгсэн нэр хүндийнхээ ачаар ямартай ч тэмцээн оролцох жагсаалтад багтжээ. Түүний хувьд энэ сарын 8-нд болох өвлийн Олимпийн нээлтэд оролцохдоо даарна гэж айхгүй, наргил модны тосоо биедээ түрхээд гарч ирвэл Пёнчаны Олимпийг өнгө нэмж, үзэх харах юмтай болгоно гэсэн үг юм.
 

Бразилийн снөүбордчин



Риогийн Олимпийг зохион байгуулалагч Бразил энэ удаагийн өвлийн Олимпод есөн төлөөлөгчтэй шигшээ багаа илгээж байна. Тус багийг 41 настай снөүбордчин Изабель Рибейро ахалж яваа юм.Түүний хувьд аль 20жилийн өмнө буюу 1998 онд олон улсын карьераа эхпүүлсэн түүхтэй. 2006 онд Туринд есдүгээр байр эзэлж, хоёр ч удаа Бразилийн далбааг барин нээлтэд оролцох эрхтэй болсон. Рибейро олон жил энэ спортоор хичээллэхдээ снөүбордын бараг бүх төрлийг туршиж үзсэн гэдэг. Энэ жил снөүборд-кросс буюу өрсөлдөгчидтэйгөө цастай нарийн замаар буух ангилалд өрсөлдөнө.
 

Хойд Солонгосын уран гулгагчид



Рэм Тэ Ок, Ким Чу Сик нар улс төрийн хэлэлцээр, зөвшилцлөөр бус, өөрсдөө бүх шалгуурыг гүйцэтгэж Олимпод оролцож буй Хойд Солонгосын тамирчид билээ. Энэ улиралд Канадын дуучин Жинетт Рено, “A Day in the life”-ийн аянд үзүүлбэрээ үзүүлсэн. Энэ дууны аяыг “Тhe Beatles” хамтлагийнхан бичсэн гэдэг. Хойд Солонгосын уран гулгалтын хос Ливерпүүлийн дөрвөлийн хит дуунуудыг гурван жил ашиглаж байна.
 

Гана улсын скелетонч



Гана улсын иргэн Акваси Фримпонг Нигерийн бобслейчны адил найман насандаа Нидерландад очжээ. Хар арьст энэ залуу хөнгөн атлетикийн богино зайн гүйлтийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, дараа нь бобслейн спортод шилжжээ. Гэвч энt спортоор Голландын мастеруудтай өрсөлдөхөд хэцүү байсан тул Акваси төрөлх Гана улсдаа ирээд скелетоноор хичээллэж эхэлжээ. Тэрбээр Олимпод орох шалгуур үзүүлэлтүүдийг хангасан ч өвөрмөц стиль хэв маягаасаа болоод Пинг-понг хэмээх хоч авчээ.

Нэг үгээр хэлэхэд энэ хоёрдугаар сард цаст Пёнчанд өөрийн орны тамирчдаас гадна сонин содон хүмүүс олонтой, үзэх зүйл ихтэй болох нь ээ.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.